Бүтээмжтэй, цалин хөлс сайтай хөдөлмөр эрхлэлт нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чухал үүрэгтэй гэдгийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас тодотгож байна.
“Зохистой хөдөлмөрийг дэмжиж 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь” тайланд дурдсанаар манай Монгол Улсад хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх, эсвэл хөдөө аж ахуйгаас аж үйлдвэрт гэх мэт салбар хооронд ажиллах хүч шилжиж бүтцийн өөрчлөлт гарч байгаа ч хөдөлмөрийн бүтээмжинд нөлөөлөхгүй байгааг дурджээ. 2012 оноос хойш хөдөлмөрийн бүтээмжийн жилийн өсөлт буурсан буюу хөдөлмөр эрхэлж байгаа нэг хүнд ногдох бодит Дотоодын нийт бүтээгдэхүүн 2012 онд 11.2 хувь байснаа 2016 онд 1.2 хувь болж огцом буурсан байна.
Тогтвортой хөгжлийн 8 дугаар зорилгын хэрэгжилтийн явцыг хэмжих нэг үзүүлэлт болох хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд бичил, жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд түгээмэл байдаг албан бус хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шийдэх шаардлагатай.
2016 оны Ажиллах хүчний судалгааны үр дүнгээс үзэхэд өнгөрсөн арван жилийн хугацаанд албан бус хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдэж, 12.7 хувиас 26.3 хувь болж өсчээ. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн бус үйл ажиллагаа эрхэлж буй дөрвөн хүн тутмын нэг нь албан бус хөдөлмөр эрхэлж байна.
Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн тоо нэмэгдэж байна
Хүүхдийн хөдөлмөрийг устгах зорилтыг Тогтвортой хөгжлийн 8 дугаар зорилгын хүрээнд дэвшүүлсэн. Монгол Улсад 2002-2003 онд хамгийн анх Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа хийсэн бөгөөд энэ судалгааны үр дүнг 2011-2012 онд хийсэн хүүхдийн хөдөлмөрийн судалгааны дүнтэй харьцуулж үзэхэд 10.1 хувиас 16 хувь хүртэл буюу арван жилийн дотор 6 пунктээр өсчээ. Ялангуяа, 10-14 насны хүүхдүүдийн дунд энэ үзүүлэлт өссөн байна. 5-17 насны хүүхдүүдийн дунд хүүхдийн хөдөлмөр эрхэлж буй охидын эзлэх хувь 1.5 дахин өсч, хөвгүүдийн эзлэх хувь бүх хугацааны туршид өндөр хэвээр байжээ. 15-17 насны таван хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж байна. Энэ нь бодлогын арга хэмжээг яаралтай авч, хэрэгжүүлэхийг харуулж байна.
Бага цалинтай хөдөлмөр эрхэлж байгаа хүний тоо өндөр ...
Бага цалингийн түвшин гэдэг нь нийт ажиллагсдын медиан цалингийн гуравны хоёроос доош хэмжээний цалин хөлсөөр ажиллаж байгаа ажиллагсдын хувийн жингээр тодорхойлогдоно.Бага цалин хөлстэй хөдөлмөр эрхлэгчдийн хувийн жин харьцангуй өндөр байна. Цалин хөлстэй хөдөлмөр эрхэлж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь бага цалин хөлс авч байна.
Ижил үнэлэмжтэй ажилд ижил цалин хөлс олгох нь Тогтвортой хөгжлийн 8 дугаар зорилгын бас нэг зорилт юм. Бүх ажил мэргэжлийн түвшинд тооцоолсон эрэгтэй, эмэгтэй ажиллагсдын цагийндундаж хөлсний харьцаа нь 2016 оны байдлаар 0.90 байна. Удирдах удирдах албан тушаалын ажиллаж буй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгаа хамгийн бага байгаа боловч 2011 оноос эхлэн ялгаа нэмэгдэж эхэлжээ. 2006 оноос эхлэн мэргэжилтэй эмэгтэй, эрэгтэй ажиллагсдын цагийн цалин хөлсний ялгаа тасралтгүй нэмэгдэж, 2016 онд 0.84 болсон байна.
Илүү цагаар ажиллаж байна
Зохистой хөдөлмөрийн нэг чухал үзүүлэлт бол жендэрийн мэдрэмжтэй ажлын цагийн зохицуулалт юм. Монгол Улсад, хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүмүүсийн 40 гаруй хувь нь илүү цагаар ажиллаж байна. Хүйсээр авч үзэхэд нийт эрэгтэй ажиллагсдын 49.1 хувь, нийт эмэгтэй ажиллагчдын 32.6 хувь нь илүү цагаар ажиллаж байна.
Залуучуудын ажилгүйдлийн түвшин өндөр хэвээр
Сүүлийн жилүүдийн эдийн засгийн эерэг өсөлт залуучуудыг зохистой, бүтээмжтэй хөдөлмөр эрхлэх боломжоор төдийлөн хангаж чадсангүй. 2016 оны байдлаар 15-24 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин улсын дунджаас (2016 оны байдлаар 25.1 хувь) 2.5 дахин өндөр байна. Тэр дундаа, 20-24 насны залуучуудын дунд ажилгүйдэл хамгийн өндөр байв. Залуу эмэгтэйчүүдэд хөдөлмөрийн зах зээлд орох, дахин ороход илүү хүндрэлтэй байна. Залуу эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин залуу эрэгтэйчүүдийнхээс өндөр байгаа төдийгүй цааш өсөх хандлагатай.
Ерөнхийдөө, аймаг, төв суурин газарт залуучуудын ажилгүйдэл улсын дунджаас дээгүүр байна. Энэ нь Монгол Улсад залуучуудад хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал байгааг харуулж байна.
Хөдөлмөрийн зах зээлд нэвтрэхэд залуучуудад тулгарч буй бэрхшээлийг хөдөлмөр эрхлээгүй, боловсрол, сургалтаас гадуур байгаа (НИИТ) залуучуудын хувийн жин гэсэн Тогтвортой хөгжлийн зорилтын Үзүүлэлт 8.6.1-ээр хэмжиж судалжээ. Нийт залуучуудын түвшин сүүлийн жилүүдэд нэмэгдэж 2016 оны байдлаар 20.5 хувьд хүрчээ. Энэ нь залуу эмэгтэйчүүд, аймгийн төв, Улаанбаатар хотын залуучуудын дунд мэдэгдэхүйц өндөр байна. Эдгээр залуучууд эдийн засагт хувь нэмрээ оруулдаггүй, ур чадвараа дээшлүүлдэггүй, өрхийн эдийн засагт тусладаггүй хэсгийг бүрдүүлж байна. Энэ хэсэг залуучуудыг өөрсдийнх нь хувьд болон улс орных нь хувьд ирээдүйн алдагдсан боломж гэж нэрлэж болно гэдгийг “Зохистой хөдөлмөрийг дэмжиж 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь” тайланд дурдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )