Ил тод, хариуцлагатай уул уурхайн тухай яриад бид 20 илүү жилийн нүүр үзэж байна. Байгаль эхийн баялаг олон нийтэд, тэр тусмаа дэлхий нийтэд гайхагдаж эхэлсэн 2008 оноос “Ил тод, хариуцлага” гэх үг сүлд модны чимэглэл лугаа сонсогддог болжээ. Гэвч бид энэ үгийг зөвхөн сүлд модоо засахад л ашиглаж байснаас амьдрал дээр хэрэгжүүлсэн нь үгүй. Уг нь бид Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад 2006 онд элсэх тогтоол гаргаж, 2010 онд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тухай хууль баталж байлаа. Бүр ч оргүй хоосон биш хууль батлаад зохицуулчихсан туршлагатай. Ирэх 2020 он гэхэд бид уул уурхайн бүх мэдээллийг ил болгож, ашиг орлого бүхий том уурхайн ард хэн байгааг нийтэд ил болгох ёстой. Үндсэндээ бидэнд одоо 10 хүрэхгүй сарын хугацаа үлдээд байна.
Бүх юм цаанаа, далд байгаа учраас л уул уурхайн салбар өдгөө хамгийн үнэ цэнэ, нэр хүндгүй салбар болоод байна. Уул уурхайн салбар Монгол Улсын нийт экспортын 80-аас илүү хувийг эзэлдэг ч эх орончдын үсчүүлсэн шүлсэнд цохиулсаар 10 илүү жил болжээ. Яавал бид уул уурхайн салбартаа итгэдэг, хүндэлдэг болох вэ? Угтаа бүх мэдээлэл ил тод байж л уул уурхайн салбартаа итгэнэ, үүнийгээ дагаад үнэ цэнэтэй болно. 2020 он гэхэд бид бүх гэрээг ил тод болгох амлалттай байгаа.
Хэрэв амлалтаа хэрэгжүүлэхгүй бол Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад олж авсан нэр хүндээ алдах болно. Хөрөнгө оруулагчдад УИХ-ын гишүүний хэлсэн шиг “айдас хүйдэс” бий болно. Ийм байдалд хүрэхгүйн тулд хоёр хоногийн өмнө “Ил тод гэрээ” цахим хуудас ажиллаж эхэлсэн. Уул уурхайн салбартай холбоотой 14 төрлийн 400 гаруй гэрээ энэ цахим хуудаст бий. Ухаалаг төхөөрөмжтэй хэн ч дээрх гэрээг татан авч хяналтаа тавих боломжийг энэ цахим хуудас олгож буй. Сүүлийн 10 жилд байгаагүй хамгийн том алхам нь чухамдаа энэ байлаа. Гэвч үүнээс өмнө EITIMongolia цахим хуудсаар дамжуулан 2000 гаруй компанийн 130 хүний мэдээллийг ил болгох платформ ажиллаж эхэлсэн.
Ирэх 2020 он гэхэд бид уул уурхайн бүх мэдээллийг ил болгож, ашиг орлого бүхий том уурхайн ард хэн байгааг нийтэд ил болгох ёстой. Үндсэндээ бидэнд одоо 10 хүрэхгүй сарын хугацаа үлдээд байна.
Сүүлийн 10 жилд гэрээг ил тод болгох хоёр ч том палтформ ажиллаж эхэлсэн нь ил тод байдлыг ил тод болгох эцсийн зорилго биелэхэд хамгийн том хөшүүрэг болсон гэж товчхондоо дүгнэж болох талтай. Гэхдээ бүх юм ингээд дуусчихаагүй байна. Компанийн мэдээлэл, гэрээ хэлэлцээ ил тод болж буй мэт боловч гэрээний нарийн мэдээлэл, компанийн үйл ажиллагаа, тайлан, санхүүгийн байдал ил тод болохгүй хэвээр. Хүн мэдэхгүй зүйлээсээ л хамгийн их айдаг. Айдас хүйдсийг арилгах хамгийн том хөшүүрэг нь мэдээлэлтэй иргэн юм.
“Нийтэд ил болон гэрээнүүдийг нягталж үзэхэд төслүүдийн талаарах бизнесийн хувьд эмзэг мэдээллийг агуулах ховор байна. Түүнчлэн нууцын тухай заалтууд гэрээг ил болгох явдлыг хориглох үндэслэл болохгүйг нотолж байна. Монголд нийтийн өмч болох газрын тос, ашигт малтмалтай холбоотой чухал гэрээ хэлэлцээрүүдийн ихэнх нь нууц хэвээр байна” гэж Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Роберт Питман ярьсан юм.
Уул уурхайтай холбоотой гэрээ, лицензийг дараах таван зүйлийн томъёололоор боловсруулах нь хамгийн үр дүнтэй гэж дэлхий нийт үздэг аж. Хамгийн түрүүнд гэрээний орчин нөхцөлийг тайлбарлах ёстой. Ингэснээр тухайн иргэн гэрээний тухай ерөнхий мэдээлэлтэй болж байгаа гэсэн үг юм. Хоёрдугаарт, ил тод болгох цар хүрээг тодорхойлох ёстой аж. Гуравдугаарт, гэрээ ил болгох дүрмийг тогтоох ёстой. Засгийн газраас тогтоол, шийдвэр гаргаж, УИХ ил тод байдлын тухай хуульд дүрэм журмыг тусгаж өгөх нь “тоглоомын дүрэм” тодорхой болох чухал алхам гэж ойлгож болно. Дөрөвдүгээрт гэрээнүүдийг хүртээмжтэй байдлаар цахим хуудаст байршуулах ёстой. Хамгийн сүүлд тухайн гэрээний ирээдүйн үр өгөөж, ашгын тухай мэдээлэл орох ёстой ажээ.
Дээрх таван зүйлийг хамгийн үр дүнтэй хэрэгжүүлж буй улс бол Бүгд найрамдах Ардчилсан Конго улс. Муу бүхний жишээ болж, муулах дуртай энэ улс биднээс түрүүлээд ил тод байдлаа ил тод болгочихож. Тус улсад үйл ажиллагаа явуулж буй компаниуд орон нутагт 0.3 хувийн татвар төлж, тухайн жилийн орлогын таван хувийг тараадаг аж. Үүгээр ч зогсохгүй мэдээллээ сардаа нэг удаа иргэдэд хүргэж, тайлан тараадаг байна. Конго улсын хөдөө нутагт интернет байхгүйтэй ижил тул ийнхүү уулзалт зохион байгуулдаг ажээ. Танзани ч мөн адил уул уурхайн мэдээллээ ил тод болгоод жил арай хүрээгүй байна. Гэхдээ хамгийн их маргаан дагуулдаг хоёр ч том ордын мэдээлэл одоо нийтэд ил болжээ.
Одоогийн байдлаар дэлхийн 44 улс уул уурхайн гэрээгээ ил тод болгож, 27 улс хууль батлаад байна. Үүнээс ололттой нь бид энэ 27 улсын нэг. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал санаачилгын зүгээс Монгол Улсыг тодорхой арга хэмжээ авч, идэвхтэй байгааг онцлоод байна. Хэрэв “Ил тод гэрээ” цахим хуудас сонгодог утгаараа хэрэгжээд эхэлбэл африк болон пост коммунист улсуудад сайн жишээ болно гэж үзэж буй аж.
Сэтгэгдэл ( 0 )