#1 ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ АШИГ, ИТГЭЛ ҮНЭГҮЙДЭЖ БОЛОХГҮЙ
“Сүү” ХК-ийн бүтээгдэхүүнээс хулгана гарсан гэх хэрэглэгчийн мэдээллийн мөрөөр манай сурвалжлах баг эх сурвалжуудтай уулзаж, тодрууллаа. Нийтийн эрх ашиг, эрүүл аюулгүй хүнсээр хангагдах эрх, нөгөө талаас албан байгууллагын нэр хүнд, эрх ашиг хөндөгдөж буй энэ асуудалд Монголын томоохон үйлдвэрлэгч “Сүү” ХК-ийн ажлын байрны стандарт, үйлдвэрлэлийн шат дамжлагадаа алдаа гарсан уу, эсвэл хэрэглэгч бүтээгдэхүүнийг хадгалахдаа алдаа гаргасан уу, зориудаар худал мэдээлэл түгээсэн үү гэдгийг тогтоох хүртэл нь бид энэ сэдвийг үргэлжлүүлэн сурвалжлах болно. Хэрэглэгч худал мэдээлэл цацсан бол үүнийг нотлон тогтоох үүрэг бүхий талууд хуулийн хүрээнд ажиллана гэж найдаж байгаа ба үүнийг ч мөн хэвлэн нийтэлнэ. Нэг үгээр бол хэрэглэгчдийн таашаасан, хэрэглэж заншсан бүтээгдэхүүн баталгаатай эсэхэд итгэх хүртлээ энэ сэдвийг хөндөхийг зорьж байна. Учир нь иймэрхүү тохиолдолд ихэнхдээ хоёр тал хоорондоо зохицоод асуудлыг чимээгүй дарж өнгөрөөдөг. Энэ тохиолдолд нэгэнт цацагдсан мэдээллийн үнэн, худлын аль нь ч тодрохгүй үлдэж, өөр бусад хэрэглэгчийн эрх ашиг, итгэл гэх зүйл үнэгүйддэг учраас хэвлэл мэдээллийн үүргээ бид тууштай хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж байна.
#2 НЕФТИЙН ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ДАГАЖ ТҮЛШНИЙ ҮНЭ ӨСЧ БАЙНА
Дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн ханш өсөлттэй байна. Өнөөдрийн байдлаар нэг баррель цэвэр түүхий нефтийн ханш 63.67 ам.доллар байна. Манай тухайд түлшээ импортоор авдаг тул дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн савлагааг дагадаг жишигтэй. Тэрчлэн энэ сарын эхээр импортлогчид шатахууны үнийг литр тутамд 50 төгрөгөөр нэмээд байсан бол өнөөдрөөс 80 орчим төгрөгөөр нэмж байгаа аж. Импортлогчид 2018 онд шатахууны үнийг таван удаа дараалан нэмснээр литр тутамд 350-380 төгрөгөөр өссөн байдаг. Харин өнгөрсөн оны сүүлчээр дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш буурсан нь, манай импортлогчдын хувьд шатахууны үнийг буулгах гол үндэслэл болсон. Ийм үндэслэл байгаа тул үнээ буулга гэсэн шаардлагыг Засгийн газраас тавьж, импортлогчид 200-250 төгрөгийн хооронд шатахуун түлшний үнийг бууруулсан.
#3 ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬД НАЙМАН НАМ ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ХҮРГҮҮЛЛЭЭ
Хуульд заасны дагуу өнөөдөр /2019.04.30/ улс төрийн нам, эвслүүд УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байна. Тэгвэл улс төрийн МАН, МАХН, АН-аас гадна таван нам нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байгаа аж. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн хэлэхдээ "УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль 2019 оны зургадугаар сарын 30-нд болно. Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн сонгуульд оролцох нам, эвслийн хүсэлтийг авч байна. Өөрөөр хэлбэл, 13.00 цагийн байдлаар МАН, АН, МАХН зэрэг найман нам нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн" хэмээн онцоллоо.
#4 ШҮҮХ: Б.МАХБАЛД НАЙМАН ЖИЛИЙН ЯЛ ТӨЛӨВЛӨЖЭЭ
Өнгөрөгч оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Засгийн газрын 13 дугаар байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны байранд тус яамны газрын дарга нар архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Хохирогч нь Зам, тээвэр хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн байсан бөгөөд түүний амь насыг хөнөөсөн хэрэгт мөн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжиглэн, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа юм.
#5 МОНГОЛЫН ГОВИОС ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ШИНЭ ТӨРӨЛ ЗҮЙЛ ОЛДЛОО
Палеонтологийн олдворууд арвинтай Монголын говиос үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл олдсон тухай олон улсын шинжлэх ухааны Earth сэтгүүл мэдээллээ. Үлэг гүрвэлийн чулуужсан ясыг Монголын Шинжлэх Ухааны Академийн палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатарын удирдсан баг Ханбогд сумын нутагт орших Байшин цав олдворт газраас олсон ба шинэ төрөл зүйлийг Гобихадрос Монголиенсис хэмээн нэрлэжээ. Анатомийн судалгаагаар Гобихадрос Монголиенсис нь Цэрдийн галавын сүүлч үе буюу 65 сая жилийн тэртээ амьдарч байсан Хадрозавр буюу нугасан хошуут үлэг гүрвэлтэй тун төстэй болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн урьд өмнө нь төв Азийн нутгаас Цэрдийн галавын үеийн үлэг гүрвэлийн бүтэн араг яс олдож байгаагүй тул энэ үйл явдал нь олон эрдэмтдийн анхаарлыг татаад байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )