Тарваган тахлын улмаас гэр бүлийн хоёр хүн нас барсан гэв

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 01

Баян-Өлгий аймагт хоёр хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд гэр бүлийн хоёр хүн дараалан нас барсан хэрэг гарчээ. Нас барсан иргэд адууны мах идсэн гэх өгүүлэмжтэйгээр аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан аж. Орон нутгийн зарим эх сурвалж эдгээр иргэдийг эмнэлэгт хандахаасаа гурав хоногийн өмнө тарваганы мах идсэн гэж байгаа бөгөөд тарваган тахал өвчнөөр амиа алдсан байж болзошгүй гэх мэдээллийг өгч байна. 

Дээрх үйл явдалтай холбоотойгоор Баян-Өлгий аймгийн онцгой комисс яаралтай хуралдаж, хорио цээрийн дэглэм тогтоон, гурав хоног архи согтууруулах ундааны зүйл худалдахыг хоригложээ.

Өвчилсөн болон нас барсан иргэнээс авсан шинжилгээний хариу гараагүй тул тухайн иргэдийн амьдарч байсан гэр орон, эмчлүүлж байгаа аймгийн Нэгдсэн эмнэлэг, зорчиж явсан Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/160 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 12.2.1 дэх заалтыг үндэслэн аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоож, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх шийдвэр гаргажээ.

Шинжилгээний эцсийн хариу сэжигтэй тохиолдол илэрснээс хойш 72 цагийн дотор гарах аж.

Ард иргэд сонор сэрэмжтэй байж, хорио цээрийн дэглэм тогтоосон чиглэлд зорчихгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top