Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавтай ярилцлаа.
-Ховд аймгийн ИТХ, ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран хөдөөгийн 16 суманд “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулсан. Энэ ажлын зорилго, ач холбогдол нь юу байв?
-Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Бид аймаг орон нутагтаа төрийн ажлыг сайжруулах, шинэ шатанд гаргах томоохон зорилт дэвшүүлж, 2018 онд “Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөр” боловсруулж, ИТХ-аараа батлуулан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд иргэд хөдөлмөрчидтэйгөө уулзаж, санал, гомдол, эрэлт хүсэлтийг нь хүлээн авч, төрийн үйлчилгээг газар дээр нь шуурхай хүргэн, тулгамдсан асуудлыг нь шийдэх зорилгоор аймгийн ИТХ, ЗДТГ, ХХҮГ, УБХ, ГХБХБГ, ХХААГ, МЭГ, ЭМГ, Прокурорын газар, Цагдаагийн газар, ТА-3 төсөл, Политехник коллеж, ХДТ-ын уран бүтээлчид, хэвлэл мэдээллийн ажилчид гээд нийт 44 хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг хөдөөгийн 16 суманд ажиллаад ирлээ. Аймгийн төвөөс зайдуу, алслагдсан сумын иргэдийн хувьд машин унаанд зардлаа төлөөд аймгийн төвд үйлчилгээ авахаар зорьж ирдэг. Харин төрийн үйлчилгээний байгууллагууд харьцангуй ачаалалтай ажилладаг учраас тэдгээр иргэд нэг өдрийн дотор ажлаа амжуулалгүй буцах үе байдаг. Үүнийг төрийн үйлчилгээ авахад хүндрэл бэрхшээл, хүнд суртал байна гэж ойлгох нь бий. Тиймээс төрийн үйлчилгээний томоохон байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд газар дээр нь очиж иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч, санаа бодлыг нь сонсон, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэсэнд малчид, хөдөлмөрчид маань талархаж байсан.
-Хөдөөх суманд очиж ажилласан ажлын хэсэг энэ удаагийн томилолтоороо нийтдээ хэчнээн иргэнд төрийн үйлчилгээ үзүүлсэн бэ?
-Ажлын хэсгийнхэн давхардсан тоогоор 7800 гаруй иргэнд 38 төрлийн төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэн ажилласан. Тиймээс энэ удаагийн “Нээлттэй хаалганы өдөр” тун амжилттай болсон гэж бид дүгнэж байна. Тухайлбал, ХХҮГ-ын мэргэжилтнүүд Хөдөлмөр эрхлэлт, халамжийн бүх төрлийн үйлчилгээний талаар, Нийгмийн даатгалын хэлтсээс өндөр настны тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн даатгалын ач холбогдол, үйлчилгээ болон сайн дурын даатгал, эрүүл мэндийн даатгалын чиглэлээр, ГХБХБГ-аас газар эзэмших, ашиглах, өмчлөх, эрх шилжүүлэх өргөдлүүдийг хуулийн хүрээнд шийдвэрлэж, гэрчилгээ бичиж гардуулах зэрэг байгууллага тус бүр үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч, үйлчилгээ үзүүлэн ажилласан. Мөн бид сумдын бүх шатны төрийн албан хаагчидтай уулзалт, сургалтыг зохион байгуулсан.
-Иргэд хөдөлмөрчидтэй уулзаж санал, гомдол, хүсэлтийг нь хүлээн авч, заримыг нь газар дээр нь шийдвэрлэж ажилласан гэж байна шүү дээ. Иргэдийн зүгээс ихэвчлэн ямар төрлийн санал хүсэлтүүдийг уламжилж байв? Цаашид хэрхэн шийдвэрлэж ажиллах вэ?
-Иргэд хөдөлмөрчид хэд хэдэн нийтлэг санал хүсэлтийг уламжилж байсан. Тухайлбал, сумдад нарийн мэргэжлийн эмч ажиллуулж хорт хавдрын эрт илрүүлгийн ажлыг эрчимжүүлэх, шүдний эмч тодорхой хугацаагаар ажиллуулах, цалин, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, архи худалдах цэгийг цөөрүүлэх, засмал замын арчлалт, хамгаалалтад сум орон нутгаас тавих хяналтыг сайжруулах, “Ноос ноолуурын холбоо”-той хамтран ноосны урамшууллыг хуулийн хүрээнд үнэн зөв баримт бичиж олгох, зарим сумдад халуун усны барилгын асуудлыг шийдвэрлэх зэрэг саналуудыг хэлж байсан. Мөн бид зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан. Тухайлбал, Алтай суманд нярайн шарлагын аппарат олгох, Алтай, Үенч, Мөст, Булган суманд сургуулийн нэг ангийн ширээ сандлыг шинэчлэх, Дөргөн суманд 6 сард шинэ эмийн сан нээн ажиллуулах, Мөнххайрхан, Дөргөн, Мянгад сумын Мал эмнэлэгийн тасгийн байрны асуудлыг шийдвэрлэсэн. Түүнчлэн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх вакцины үнийг шийдвэрлэж, Буянт сумын Нарийн гол багт галзуу өвчин илэрсэн тул вакцин олгосон, боом өвчний голомттой Цагаан эрэг багт мал бүхий иргэдийг зусуулж, намаржуулахгүй байх Засаг даргын захирамж гаргуулж, сумдад Үнэлгээний комисс байгуулсан шийдвэрийг гаргуулан авч төрийн өмчийн хороонд хүргүүлсэн зэрэг шийдвэрлэсэн олон асуудлыг энд дурдаж болно. Мөн энэ үеэр иргэд хөдөлмөрчид Засгийн газраас явуулж буй бодлогыг ихээхэн сайшааж, талархалтай байгаагаа илэрхийлж байлаа. Тухайлбал, малчдын тэтгэврийн насыг 5 насаар наашлуулсан, төрийн мал эмнэлэгийг байгуулсан, ноос ноолуурын үнэ тогтвортой байгаа зэрэг нь мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж буй малчид хөдөлмөрчдөд үр өгөөжөө өгсөн зөв зүйтэй бодлого болохыг онцлон хэлж байсан.
-Ажлын хэсгийнхэн сумдад ажиллах үеэрээ бүх шатны төрийн албан хаагчидтай уулзаж, сургалт зохион байгуулсан гэж та хэллээ. Ямар чиглэлээр сургалт зохион байгуулсан бэ?
-Шинээр батлагдсан Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн талаар сургалт зохион байгуулж, ёс зүйн дүрмийг нь гардуулан өгөөд, хэрэгжилтийг нь хангаж ажиллах үүрэг чиглэл өгсөн. Мөн төрийн үйлчилгээнд олон жил үр бүтээлтэй ажилласан зарим тэргүүний ажилтнуудаа аймгийнхаа хүндэт шагналаар шагнаж урамшуулсан байгаа.
-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Мөн Ховд аймаг Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Шинэ хууль, шинээр хэрэгжүүлж буй хөтөлбөрийн дагуу төрийн албан хаагчийг ёс зүй, харилцаа хандлагын хувьд ямар байхыг шаардаж байгаа вэ?
-2018 оныг Монгол улсын Засгийн газар “Хариуцлагын жил”, 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Монгол Улсын төр засгаас хууль эрх зүйн орчноо сайжруулах бодлогыг сүүлийн жилүүдэд сайн явуулж байгаа. Өмнө нь шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр гээд хууль эрх зүйн орчныг шинэчилсэн. Хамгийн сүүлд Төрийн албаны хууль шинэчлэгдлээ шүү дээ.
Харин манай аймгийн хувьд төрийн бүх шатны байгууллагын сахилга хариуцлага, дэг журмыг чангатгаж, төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, чанартай, тэгш хүртээмжтэй хүргэдэг мэргэшсэн, ёс зүй, харилцаа хандлага сайтай төрийн албан хаагчидтай “Авилга хүнд сурталгүй” аймаг болох зорилгоор “Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Ховд аймгийн хэмжээнд нийт 167 төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагад 5344 төрийн албан хаагч ажиллаж, аймгийн 88,4 мянган хүнд төрийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. 2018 оны “Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаар хийсэн хэрэглэгчийн үнэлгээний судалгаа”-аар иргэд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг 73 хувийн үнэлгээ өгсөн. Тэгэхээр төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч бүр ёс зүйн дүрэм, хэм хэмжээг баримтлан ажиллаж, шинэчилсэн хуулийнхаа хүрээнд соёлтой, хүртээмжтэй, хурдтай төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэж, мерит буюу чадахуйн зарчимд тулгуурлан шатлан дэвших ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа.
-Цаашид төрийн үйлчилгээгээ сайжруулах чиглэлээр ямар ажлуудыг төлөвлөсөн байгаа вэ?
-Цаашдаа “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг тогтмол зохион байгуулж, үйлчилгээний төрлийг нэмэн, чанар хүртээмжийг нь улам сайжруулж жилдээ хоёр удаа хөдөөгийн сумуудаараа ажиллахыг зорьж, төлөвлөж байна. Мөн бид төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахын тулд ажлын байрны, онлайн буюу зайны, танхимын сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа.
Манай аймгийн томоохон төрийн байгууллагууд “Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөр”-ийн хүрээнд ажлаа шинэ шатанд гаргах зорилт тавин, үр дүн биелэлтийг нь тооцон ажиллаж байна. Энэ улиралдаа багтаан бид бүх байгууллагынхаа ажилд нь дүн шинжилгээ хийн, заавар зөвлөгөө өгч ажиллана. “Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөр”-ийг 2018-2020 онд хэрэгжүүлснээр төрийн албан хаагчдынхаа харилцаа хандлагыг сайжруулж, авилга хүнд сурталгүй, түргэн шуурхай, соёлтой төрийн үйлчилгээтэй аймаг болно гэдэгт бид итгэлтэй байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
газар авах гээд энэ аймагт 7 жил болж байна.Дарга нар ажлаа хийж чаддаггүй ,дандаа нүүр тахалж худлаа хэлнэ. Үнэхээр тийм мундаг юм бол газрын асуудлаа шийдээд иргэддээ 0.7 газраа олгочихооч.Ажлаа тараад поkер тоглодог засаг даргатай ,арай гэж засаг дарга болох гэж олон хүнийг дарамталж,чамайг хална хасна гэсээр гарч ирсэн хачин гайхамшигтай ёс зүйгүй сонин л юм байна лээ.
Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хамгийн их хурдтай, найдвартай, хувь хүн, худалдаачдад жилд 2% -ийн зээл олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359