ХОВД: Тарваган тахлын голомт байж болзошгүй Мөст сумд хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 18

Ховд аймгийн онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб” цаг үеийн асуудлаар хуралдлаа.

Хурлаар “Тарваган тахал”-ын голомт байж болзошгүй Мөст сум, голомтоос ирсэн халдвартай иргэний ойрын хавьтлын иргэд байгаа Жаргалант сумын нутагт хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал,

-Эрүүл мэндийн сайдын баталсан “Тарваган тахал өвчний хяналт сэргийлэлтийн заавар”-ын дагуу тахал туссан байж болзошгүй иргэний нэгдүгээр хавьтлын иргэдийг тусгаарлалтад авч, яаралтай тусламж үзүүлэх;

-Нэгдүгээр хавьтлын иргэдийн оршин суугаа газар болон тахал гарсан байж болзошгүй Мөст сумын Хужирт баг, Алтай сумын Бодонч багт хөл хорио тогтоох;

-Авто тээврийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Жаргалант сумын ЗДТГ хамтран Ховд аймаг руу орох болон гарч байгаа хөдөлгөөнд хяналт, шалгалт хийж, илэрсэн тарвагыг хурааж, Зоонозын өвчин судлалын төв рүү зөөвөрлөж, устгах;

-Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргасан Тарвага агнах шийдвэрийг хүчингүй болгох;

-Голомтын эрсдэл өндөр Мөст, Цэцэг, Алтай, Үенч, Манхан, Булган сумдад тарвага агнах, худалдаалах, ахуйн хэрэгцээнд хэрэглэх үйлдлийг зогсоох, хяналт тавьж ажиллах;

-Зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж, тарвага худалдаалж буй үйлдлийг илрүүлэх зэрэг шийдвэрүүдийг гаргаж хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

Иргэд олон нийтийг тарвага агнахгүй, мах эд эрхтнийг хүнсэнд хэрэглэхгүй, зарж борлуулахгүй байхыг анхааруулж байна. Мөн тарвагыг ахуйн хэрэгцээнд хэрэглэхээр хадгалж байгаа бол Зооноз өвчин судлалын төвийн 70433726 дугаарт холбогдож устгал хийлгүүлэхийг уриалж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hahhahaha(69.253.43.151) 2022 оны 09 сарын 18

Uvchtei tarvagaa khot ruu zuuvurluj ustgakhaa?????????

0  |  0
Top