Монгол Улсад жилдээ 400 гаруй мянган гадаадын жуулчид аялж, аялал жуулчлалын салбараас дотоодын эдийн засагт 300 гаруй сая ам.доллар оруулж байгаа бөгөөд гадаад руу болон дотооддоо аялах жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм. Тиймдээ ч 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээж авахаар зорилт тавин ажиллаж байна. Уламжлалт нүүдэлчин ахуй, соёл иргэншил, байгаль, түүхээрээ бусад улс орнуудаас ялгагдах манай орныг Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /UNWTO/-аас аялал жуулчлалын нөөцөөр “Үнэ цэнтэйд орох газар” хэмээн дүгнэж, жуулчдад аюулгүй, найдвартай орон хэмээн зарласан байна. Тиймээс аялал жуулчлалын улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах, аялж зугаалахдаа анхаарах асуудлууд болох хатуу болон шингэн хог хаягдлын менежмент болон усны нөөцийн ашиглалтыг сайжруулах, холбогдох хууль дүрэм, стандартын хэрэгжилтийг хангах зэрэг асуудлаар мэдээлэл өгч, санал бодлоо солилцох, шийдлийг тодорхойлох зорилгоор “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь байгаль орчны хамгаалал-аялал жуулчлал” сэдэвт зөвлөгөөнийг өчигдөр “Байгаль орчин, аялал жуулчлалын яам”-наас зохион байгууллаа.
Зөвлөгөөнд БОАЖЯ, Монгол Улсын 33 тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд, сав газрын захиргаад, хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй олон улсын төсөл, хөтөлбөр болон аялал жуулчлал эрхлэгчид зэрэг 250 орчим төлөөлөгч оролцов.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тусгай хамгаалалттай газрын сүлжээг өргөжүүлж, хамгааллын менежментийг сайжруулах, байгаль орчны бохирдлыг бууруулах асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам нэн тэргүүнд тавихын зэрэгцээ байгаль орчинд ээлтэй аялж амрах, хандлагаа өөрчлөх, аялал жуулчлалын салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр ярилаа.
2020 ОНД НИЙТ ГАЗАР НУТГИЙН 25 ХУВИЙГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВНА
Зөвлөгөөний эхэнд ТХНУГ /Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар/-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Сансарбаяр “Тусгай хамгаалалттай гзар нутгийн хамгаалалтын чиглэлээр баримталж буй бодлого, цаашид анхаарах асуудал”-ын талаар оролцогчдод танилцуулсан юм.
Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх асуудлаар “Байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-иас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг 25 хувьд хүргэнэ” гэж тусгасан байдаг.Тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсийн хилийн зааг, менежментийн эрх зүйн зохицуулалтыг шинэчилж, байгальд ээлтэй аялал жуулчлал, ногоон хөгжлийн түшиц газар болгон хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд 2017 онд нийт газар нутгийн 18.1, 2018 онд нийт газар нутгийн 20.5, 2019 онд нийт газар нутгийн 23, 2020 онд нийт газар нутгийн 25 хувийг тус тус тусгай хамгаалалтад авч, нийт 11 сая орчим га талбайгаар өргөжүүлэхээр төлөвлөсөн байна.
МОНГОЛД ИРЖ БАЙГАА ЖУУЛЧДЫН 28 ХУВЬ НЬ НҮҮДЛИЙН АХУЙ СОНИРХДОГ
БОАЖЯ-ны хувьд хэд хэдэн чиглэлээр бодлогын баримт бичгүүдийг боловсруулах үйлчилгээний стандартуудыг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа тухай БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан танилцууллаа. Түүнээс энэ талаар тодруулахад “Өнгөрөгч зургадугаар сарын 17-ны өдрийн Засгийн газрын 171 дүгээр тогтоолоор “Аялал жуулчлалын гол чиглэл” гэсэн баримт бичгийг баталсан. Энэхүү баримт бичгийн хүрээнд Зам тээврийн хөгжлийн яам, БОАЖЯ, Үндэсний хөгжлийн газар, Сангийн яам хамтраад аялал жуулчлалын дэд бүтцийг хэрхэн хөгжүүлэх тухай төлөвлөгөө боловсруулсан.Үүний үр дүнд авто тээврийн, төмөр замын, агаарын тээврийг хөгжүүлнэ гэсэн үг.Монгол Улсад аялал, жуулчлалд зориулсан агаарын тээврийн ганцхан орц байдаг.Заавал Улаанбаатар хотоор дайрч байж Хэнтий, Хөвсгөл аймаг руу явах болдог.Тэгэхээр агаарын тээврийн зардал өндөр болохоор жуулчид өөр орныг сонгодог.Тиймээс орон нутагт амрах гэж ирдэг жуулчдыг тухайн бүс нутагт буух боломжийг бүрдүүлэхээр болсон.
Улаанбаатар хотоос гадна Увс, Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Дорнод болон Хөвсгөл гэсэн зургаан аймагт агаарын тээврийн олон улсын нисэх буудлыг байгуулахаар төлөвлөсөн.Үүнийг бүсчилсэн хөгжлийн бодлого гэж хэлж болно.Үүнээс гадна, албан болон бизнес, нүүдлийн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ажиллаж байна.Ингэснээр зуны гурван сар гэхгүйгээр бусад улиралд жуулчид хүлээн авах боломжтой болох юм.Энэ мэтчилэн бодлогынхоо зорилтуудыг тодорхойлоод энэ жил үйлчилгээний чанарыг сайжруулан, аялал жуулчлалыг дэмжих жил болгоод улсын хэмжээнд үйлчилгээний стандартыг нэг түвшинд аваачихаар зорин ажиллаж байна.Мөн аялал жуулчлалын маркетинг болон жуулчдын тоог нэмэх гэсэн чиглэлд анхаарч ажиллана.Түүнчлэн, дэлхийн аялал жуулчлалын байгууллагын зүгээс Монгол Улсын цахим аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, олон улсын донор байгууллагуудын санхүүжилтийг татахад хамтран ажиллахаар болсон. Монголд ирж байгаа жуулчдын дийлэнх буюу 36 хувь нь байгаль, 28 хувь нь нүүдлийн соёл ахуй, бусад нь адал явдалт аялал жуулчлалын төрлийн хэлбэрүүдийг сонирхдог. Тухайлбал, ууланд аялах, шувуу үзэх, ангийн аялал гэх мэтчилэн төрөл хэлбэрүүд байна.үүнээс гадна, манай улсын түүх соёлын аялал жуулчлалыг ихээр сонирхдог” гэсэн юм.
МОНГОЛ УЛСЫН НИЙТ ГАЗАР НУТГИЙН 17.8 ХУВЬ НЬ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД БИЙ
Тусгай хамгаалалттай газар нутаг дахь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хог хаягдал, сав газрын хөрс, усны бохирдол хамгийн их анхаарах ёстой зүйлс гэдгийг зөвлөгөөнд оролцогчдын дийлэнх нь хэлж байв.Тиймээс байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалын цогц бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор хүний 1мл ялгадаст олон сая өвчин үүсгэгч бактери, вирус, шимэгч хорхой агуулагддаг байна. Газар нутгийг тусгай хамгаалалтад авч хамгаалах нь дэлхий нийтийн хэмжээнд байгаль орчны доройтлыг хязгаарлан зогсоож, байгалийн жам ёсны шүтэлцээт харьцааны нөхцөлийг хангах сонгодог хэлбэр болохын хамт хүн төрөлхтөний байгаль, түүх, соёл, шинжлэх ухааны давтагдашгүй их өвийг үе дамжуулан үлдээх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангаж, улмаар улс орнууд байгаль орчиндоо зохицон хөгжих үзэл санааг баталгаажуулах үндсэн аргуудын нэг билээ. Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг /ТХГН/-ийг зориулалтаар нь Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газар, Байгалийн нөөц газар ба Дурсгалт газар гэж дөрвөн үндсэн төрөлд хуваадаг ба эдгээр нь ховор амьтан, ургамлын өлгий нөхөн сэргэх, үржих, түгэн тархах голомт нутаг болж байдаг. Улсын хэмжээнд 19 аймаг, 166 сумын нутгийг хамарсан 27.2 сая га бүхий 102 хэсэг газрыг улсын тусгай хамгаалалтад хамруулаад байгаа нь нийт газар нутгийн 17.8 хувь, нийт нутаг дэвсгэрийн 10.3 хувийг буюу 16.3 сая гаруй га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад тус тус хамруулснаар, улс болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн нийт талбай 43.5 сая га-д хүрч, нийт нутаг дэвсгэрийн 27.7 хувийг эзэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )