Гаалийн ерөнхий газрын мэдээллээр он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар 11.4 сая тонн нүүрс экспортолж, өнгөрсөн оныхоос 11.7 хувиар өссөн байна. Нүүрсний экспортоос нийтдээ 961 сая ам.доллар болж 21.6 хувиар өсжээ. Өнгөрөгч 2018 оны эхний дөрвөн сард нүүрсний үнэ тонн тутамдаа 77.8 ам.доллар байсан бол энэ жил өсөж 84.4 ам.долларт хүрсэн нь ийнхүү экспортын орлого нэмэгдэхэд нөлөөлсөн байна.
Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам энэ жил нүүрсний экспортоо 40 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан юм. Өнгөрсөн жилд нийт 36.5 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд үзүүлэлт байсан билээ. Нүүрсний экспорт нэмэгдэхэд Австрали болон Хятадын хооронд өрнөсөн нүүрсний импортын маргаан, Австралийн нүүрсний арвин нөөцтэй бүс нутагт дараалан байгалийн гамшиг тохиосон нь экспорт нэмэгдэх гол шалтгаан байсан юм. Дэлхийн банк болон бусад олон улсын байгууллагын судалгаагаар ойрын хоёр жилдээ Монгол Улсын нүүрсний экспорт буурахгүй гэсэн дүн гарсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )