БНХАУ-аас өнөөдрийн байдлаар 25 мянга орчим тонн хагас коксон түлш татан аваад байгааг “Тавантолгой Түлш” компаниас мэдээллээ. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 52 мянга орчим тонн түлшний нөөц байгаагаас 48.8 мянган тонн нь хагас кокс, гурван мянга орчим тонн нь шахмал түлш эзэлж байна.
БНХАУ-ын “Шаньси нүүрс-химийн групп”-ийн Шэньмү ХХК-ийн Вүжоу салбараас нийслэлийн өвлийн хэрэгцээний 307 мянган тонн хагас коксон түлшийг худалдан авч буй. Уг түлшийг ирэх сарын 1-нээс иргэдэд худалдан борлуулахаар төлөвлөж байгаа аж.
Нийслэл даяар ажиллаж буй 446 цэгээр хоногт 2000 орчим тонн хагас коксон түлш борлуулагдаж байна. Ингэхдээ Хотула аппликейшн болон иргэний үнэмлэхийн QR кодыг ашиглан 7 хоногт 7 шуудай түлш борлуулж байгаа аж. Үнийн тухайд 25 кг савлагаатай, нэг шуудай хагас коксон түлш 5 мянган төгрөгийн үнэтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )