ПРОКУРОР: 63 хүнд холбогдох хар тамхины хэргийг шүүхэд шилжүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 11

Монгол Улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн сүүлийн үеийн статистик тоон судалгаанаас үзэхэд, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо өмнөх оныхоос 78 хувиар өсч, холбогдсон этгээдүүдийн 50-иас дээш хувийг 16-35 насны хүмүүс эзэлж, энэ гэмт хэрэг, зөрчилд өсвөр насны хүүхэд, оюутан, сурагчид нэлээдгүй өртөж байгаа нь манай нийгэмд тулгамдсан асуудлын нэг болоод байгаа билээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжилтийг хангах хүрээнд Прокурорын байгууллагаас  2019 онд “..Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх ажилд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан удирдан зохион байгуулах” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Нийслэлийн прокурорын газраас энэ он гараад Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт холбогдсон нийт 63 хүнд холбогдох 43 эрүүгийн хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.

Дээрх хэргүүдийг анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, нэр бүхий шүүгдэгч нарыг Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “мөс, шавар, өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч хадгалсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан  ял шийтгэл оногдуулжээ. Шүүхээр шийдвэрлэгдсэн нийт 63 шүүгдэгчийн 62 хувьд 1-5 жилийн хугацаагаар хорих ял, 36 хувьд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, ялыг  хойшлуулсан, харин 1 шүүгдэгчид 19.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top