“Дүүриймаа”-г дуулахаар ер бусын гуниг харуусалд умбачихдаг

Админ | Zindaa.mn
2019 оны 05 сарын 14

Ардын дууны Хандармаа, Дүүриймаагаа аальхан чиг, донжтойхон асгаруулан суугаа, хархан нүдэн Сүнжидмаа, Алгирмаагаа халгинхан чиг, мэлмэрүүлэн дууланхан яваа дуучин бол Болдбаатарын Алтанжаргал. Шанзны эгшигтэй аялгуундаа хүмүүний сэтгэлийг дэвэлзүүлээд, шанхны илбээтэй нугалаандаа хүрээ донжийг сэвэлзүүлэн дуулах дуучин эрийн дотоод сэтгэлийн чинадад ямархан хөг эгшиг хөвөлзөж, дорнын аялгуундаа ямархан домгийг амилуулан  байгааг ард түмэн чихээрээ биш зүрхээрээ мэдрэн уяран уясан, баясан цэнгэн байнам. "Идэр жинчин”, "Төгөлдөр зургаан МАА" цомгоо гаргасан уран бүтээлчийн замнал циркийн тайзнаа морин дэл дээр үсрэхээс эхлээд уурхайд экскаваторын жолооны хүрд мушгих хүртэл ардын дуунаасаа тэр урвасангүй. Тунгаамал шижир үгсийн чуулбар болсон ардын дуугаа тун чиг чамбай ур хийцтэй, цохилго донжийг нь тааруулан, зурж, сийлж, сэтгэл зүрхийг хөвсөлзүүлэн дуулах Соёлын Тэргүүний ажилтан, Ардын дуучин Б.Алтанжаргалтай ярилцлаа.


-Хүний төрж өссөн нутаг ус, удам судар гэдэг аливаа бүхний эхлэл, шинж төрх, хувь заяаны өгөгдөл мэт санагддаг?

-Тийм шүү. Манай эмээ өвөө, төгөлдөр сайхан нь бүрдсэн уултай устай, талтай хээртэй, ургамалтай цэцэгтэй Төв аймгийн Баянцагаан сумын хүмүүс. Аав ээжийн хоёр талаасаа дуучин удамтай. Намайг төрөхөөс өмнө нэгдэл байгуулагдаад  гэр бүлээрээ Алтанбулагт  шилжин суурьшсан гэдэг. Миний өвөө  Монгол Улсын  алдарт уяач Батжаргал гэж хүн байсан. Би эхээс зургуулаа, айлын гурав дахь хүүхэд. Хичээлийн амралтаараа хөдөө мал дээр гарч, эрэмгий салхинд энгэр цээжээ алгадуулаад, хоолойныхоо чинээгээр гийнгоо хадааж  өслөө. Хүүхэд байхаасаа уртын дуунд дуртай болох шалтгаан бол миний эмээ Д.Танданжалба гэж 84 настай буурай бий. Эмээгийн маань ээж Ж.Дэжид гээд хөгшин найр наадам эхлүүлж, хөгжөөдөг  нутаг орондоо хүндтэй, их сайхан дуулдаг хүн байсан гэдэг.

-Амнаас ам дамжсан соёлын өв тээгч болох үндэс суурь нь яахын аргагүй өвөг дээдсээс уламжилжээ. Нутгийнхаа ардын болон уртын дууны аялгууны  талаар ярина уу?

-Хөдөөний борог амьдрал дунд өссөн болохоор уртын дуучин болно гэж багаасаа л хүсэж мөрөөдөж байсан. Төв аймгийн уртын дууны аялгуу нь зүүн тал руугаа Боржигин, баруун тал руугаа Баянбараат нүүдэлчдийн соёлын хамгийн том төлөөлөл оршин байдаг. Боржигин аялгуу бол гоёмсог торгон нутгалаатай бол Баянбараат аялгуу нь тэнэгэр талбиун байдаг. Төв аймгийн Баянцагааны харъяат Ц.Төмөр хэмээх халхын алдарт дуучин хүн байна. 1935 онд Москвад очиж, пянзны бичлэгт “Дөмөн”-г дуулж бичүүлснээрээ монголын ард түмний соёл урлагт шинэ алхмыг хийж, монгол ардын дуу хөгжмийн урлагийг нийтэд сурталчлан түгээхэд хувь нэмэр оруулсан байна. Анх Гоолингоог дуулах тэр арга барилыг нь би багаасаа сонсож өссөн болоод ч тэр юм уу миний дуунд шингэсэн байдаг.

-Та дуулахаар дуундаа ховсдуулдаг гэж нэгэн ярилцлагадаа хэлжээ. Тэр үед чухам яг юу мэдэрдэг вэ?

-“Арван тавны сар”, “Цэнхэрлэн харагдах уулс”, “Эр бор харцага” гээд дуу бүхэн өөрийн домог түүхтэй, жаргал зовлонтой, хагацал гунигтай. Тэр дууныхаа агуулгын гүнд автаж, гол дүр нь өөрийгөө гэж итгүүлээд, шаналж байвал зүрхнээсээ шаналж, догдолж байвал сэтгэлээсээ догдолж дуундаа орж дуулдаг.  Өөрөөр хэлбэл дуугаа аравнайлах буюу амь оруулж дуулдаг.

-Дуугаа сэтгэл зүрхнээсээ дуулахад тэр үг аялгуу гэдэг өөрөө эрчимтэй болохоор хүнд хүрдэг байх нь?

-Тухайн дууг сонсон буй хүний бага балчир наснаасаа сонсож өссөн сэтгэлийн чинад дахь дурсамж сэдрэх, аав ээж нутаг ус, амраг саднаа санагалзах хүн гэдэг амьтны харилцан шүтэлцээний торгон утас хөндөгдөөд ирэхээр бүх эд эсээр нь нэвчин хүрдэг байх. Энэ нь сэтгэл зүрхнээсээ дуулахаас гадна  ардын дууны үг, аялгуундаа увидас жанлав нь оршиж байдаг.

-Ардын дууны үеэс үед өвлөгдөн ирсэн гайхамшиг нь юундаа байна аа?

-Нэгдүгээрт Монгол ардын дууны ай савд 5000 орчим ардын дуу байдаг. Ялангуяа баруун чигээдээ их байдгийн учир нь олон ястны онцлог шинж байна. Өвөрмонголчуудын Ордос, Хотон ястны дунд эх нутгаа, элгэн саднаа санагалзсан ардын дуу ихтэй. Амьдрал ахуйн өөр өөрсийн гэсэн онцлогтой. Хоёрдугаарт эх хэлний онцлог байна. Нэг үгийг нилээд олон янзаар хэлж байгаа нь гайхалтай. Ухааруулж, уужруулж, учирлаж, аргадаж, зэмлэж, хайрлаж, ёгтолж, егөөдөж хэлээд байгаа нь дахин давтагдашгүй байдгаараа үеэс үед дамжин өвлөгддөг байх. Ардын дуунд нэг ч сул үг байхгүй. Аливаа зүйлийг адилтган зүйрлүүлж хэлдэг.  Үгийн уран шид гэдэг гайхамшигтай. Ахин дахин сонсох тусмаа цаанаа гүн гүнзгий учир утгатай байдаг.

-Эртнээсээ монгол түмэн ардын дуу шиг ярилцаж, ардын дуугаараа ойлголцож ирсэн үү гэлтэй. Орчин үед ярианы баялаг маш их хомсдож, хумигджээ?

-Монголчууд жилийн дөрвөн улиралдаа тааруулж, хийж буй ахуйн зан үйлтэй холбож мэнд мэддэг. Одоо үед юу байна гэхээр юмгүй гэх үү, юмтай гэх үү. Энэ бол хэлний гажиг юм.“Торгоны хээ” гээд Үзэмчин ардын сайхан дуу байна. Хэн хэндээ гомдож туньсанаа ямар торгон илэрхийлж байна. Зовлон гуниг, баяр баяслын алинд нь ч тийм нандин, нууцлаг, эрхэмсэг оршиж чаддаг чанар нь үгэндээ л байгаа юм

Торгоны маань хээ гэдэг нь

Товгорхон ч байна уу даа ай хөөрхий хонгор минь ээ хө

Томоогүй шүү сэтгэл гэдэг чинь

Хэнээсээ ч болов доо ай хөөрхий хонгор минь ээ хө /дуулав/

-Тэгэлгүй яахав. Хүүхдүүд ардын дууг, тэр тусмаа Алтанжаргалын дууг сонсож бүүвэйлэгдэх дуртай болсон гэдэг юм байна лээ. Тэр талаар та юу гэж бодож байна вэ?

-Монгол хүний ген хаа ч явсан монгол хүндээ тээн өвлөгдөж байдаг. Хүүхдүүд тэр тусмаа бага балчир байхдаа урьд насныхаа бүдэг бадаг тэмдгийг ямар нэг байдлаар мэдэгдэж, мэдэрч байдгийг томчууд бид анзаардаггүй шиг. Ардын дуунд дуртай байна гэдэг цаанаа учиртай хийгээд ардын дуундаа  өвөг дээдэс маань үр хүүхдүүддээ хэлэх захиас, сургаал, амьдралын ухаанаа гүн гүнзгий хэлээд үлдээчихсэн учраас түүнийг далдын хүч, совин бэлгэд хөтлөгдөн сонсож уужирч ухаарч байгаа  ч юм билүү. Ямартай ч ардын дуу сонсож өссөн хүүхэд зөв хүн болдог.

-Үндэстэн ястны дуунд байгалийн онцлог, хүн ардын зан үйл, хэл аялгуу нь илэрч байдаг. “Хоожиймаа” дууг реппэртэй хослуулж их өвөрмөц хийсэн байсан. Бүжигчид бүжиглэж байсан. Харин Болор цомын эзэн М.Отгонбаяр найрагчийн шийдэл их сонин, өвөрмөц  санагдсан?

-Яруу найрагч М.Отгонбаяр Ховд аймгийн Урианхай ястны нэг төлөөлөл. Эртнээсээ мал аж ахуй эрхэлж ирсэн ард түмэн маань малтайгаа харьцах өөр өөрийн аялга дуудлагатай. “Хоожиймаа” гэдэг дуу бол Урианхайн хосгүй үзэсгэлэнт бүсгүйн тухай дуу.  Дууны зураг авалтанд найрагч маань сарлаг бөлбөөлөх гэдэг Урианхай ардын аялга дуудлагыг гаргасан. Сарлаг бөлбөөлөхөд уул уул дамжин цуурайтаад,ойн гүнд идээшилж байгаа бүх сарлаг нь буугаад ирдэг гэдэг юм байна лээ. Газар нутгаасаа хамаарч хүн амьтан хийгээд байгаль хүний шүтэлцээ гэдэг олон зуун жилийн туршид нүүдэлчин соёл ахуйдаа зохицоод тогтон хэвшиж иржээ.

-Ордос ардын “Алтанхундага” дуун дээр ажиглаад байхад хэлний ондоошилт харагддаг.  Тэр талаар таны бодол?

-Хоёр орны уусалт дунд хэлний урвалт үүсэж, ондооших байдал ажиглагдсан. “Алтанхундага” дуун дээр “Сайн байна уу? Сайн” гэхийг “Сайлуур вайду?  гэдэг юм байна лээ. Хилийн цаана байгаа ард түмэн тэгж дуулаад заншсан болохоор хүндэтгээд тэр чигээр нь дуулсан. Хүмүүс энэ талаар их асуудаг шүү.  Халх найран дээр тэгж дуулах нь хэр зохимжтой вэ гэдэг асуудал гарч ирэх учраас хөрвүүлж дуулдаг.

-Та бол Монгол Улсын Гавъяат багш Ц.Дэлгэр багшийн шавь. Багш тань юу захиж сургадаг вэ?

-Би 2001 онд СУИС-ийн Уртын дуу дуулаачийн ангид элсэн, МУ-ын Гавьяат Багш Ц.Дэлгэрт шавь орсноор уртын дуучин мэргэжил эзэмшин . 2006 онд төгсөөд поп, арамби урсгалын “Asian shop” хамтлагт дуулж, үсээ шараар будуулж, өргөн өмд өмсөж явахдаа багшаасаа банга хүртсэн. Бид багшаасаа сайн үг сонсох хэмжээнд хүрээгүй л яваа гэж боддог. Багшийн маань гол мөрөөдөл бол өөрийнх нь төрүүлж гаргасан шавь нар уртын дуугаа дуулаасай гэсэн хүсэл байдаг. Тодорхой цаг хугацааны дараа уртын дуугаа дуулах үе ирнэ гэж боддог.

-Монголын ардын дууны ай савд хүрээ маягийн донж оруулж ирсэн Ардын жүжигчин Д.Ичинхорлоо, Л.Цогзолмаа  тэргүүтэй олон сайхан дуучид алтан үсгээр түүхээ бичсэн байдаг. Үе үеийн ардын дуучдаас өөртөө сурч судалж шингээж авсан зүйл нь юу вэ?

-Хүрээ дууны хөгжим болоод дууны хэв маяг нь манж, хятад, монгол гурван аялгууны төгс нийлэмжтэй. Хүрээ аялгууг дүрсэлвэл өөрийн гэсэн уран хийцтэй авдар гэлтэй. Миний хувьд нэг бус нилээн хэдэн дуучныг сонсоод тэр дундаас авахыгаа аваад өөрийгөө гаргах ёстой гэж боддог. Таны хэлсэн авъяастнуудаас улбаалаад  Гавъяат жүжигчин Л.Чулуунчимэг, Ц.Чулуунцэцэг, Н.Амгалан нар ардын дууны донж маягийг улам төгөлдөршүүлж, хийхээ хийчихсэн хүмүүс. Тэдний дуулж байгаа арга барилыг шууд хуулбарлавал хэн ч биш болно. Ардын дуучин, уртын дуучид минь өөрийгөө олоосой гэж боддог.

-Та өөрийгөө олсон гэж боддог уу?

-Олоогүй. Хүний сэтгэл ханаж цаддаггүй шуналтай. Энэ дээр ийм зүйл дутаж, тэр дээр тийм зүйл илүүдэж гэх мэтээр дандаа л өөрөө өөртөө дутуу бодогдож байдаг. Хүн гэдэг сурч дуусдаггүй.  Ухаарч ойлгох нас, хийж туурвих нас, өөрийгөө олох нас гээд цаг хугацаа гэдэг хамгийн том шалгуур. Ер нь дуу дуучин хоёр бие биенээ олоход тэр шалгуурт дөхнө гэсэн үг.

-Тэр шалгуураар шигшигдэж явсаар өөрийгөө олох зам дээр бүтээл туурвилаа хийж яваа хүний хувьд уран бүтээл, уурхайчин ажил мэргэжил хоёр хэр тэрсэлддэг вэ?

-Би их сургуулиа төгсөөд циркийн тайзнаа гурван жил морьтой дэргүүлсэн. Улмаар Багануурын уурхайд орж экскаваторчин болсон. Багшийнхаа зэмлэл болоод найз нөхдийнхөө урмаар уран бүтээлдээ 2012 оноос эрчимтэй орж эхэлсэн. Залуу хүн хүсч мөрөөдөж л байвал аль алийг нь амжуулаад явж болно.

-Та ямар дуунаасаа эрч хүч, ухаарлаа илүүтэй мэдэрдэг вэ?

“Сандуйтай мод” дуунд

 “Сандуйтай юу мод нь болбол сар нарны чимэгээ хө 
Сайн явдал саруул ухаан энэ биений чимэг ээ хө хө”

гээд хүний амьдралын сайн сайхан зам мөрийг бүгдийг нь зааж сургасан байдаг.

-“Сэр сэр салхи”-ийг сэвэлзүүлж,  “Янлин хуар”-“ыг аргадаж, “Ганган хул”-аар галигуулж яваа таны дуулах юмсан даа гэж боддог ямар дуу байдаг вэ?

-“Гандан уулын цэцэг” дууг дуулах юмсан даа гэж их бодсон.

Гандан уулын цэцгийг
Гандана чинээ санасангүй
Ганихарсан хоёр сэтгэлийг
Гажина чинээ санасангүй дээ хө

гэсэн үгтэй. Үгнээсээ ч болдог юм уу. Яг дуулах гэхээр болж өгдөггүй, хойшлогдсооор байгаад найман жилийн дараа саяхан дуулсан даа. Тэгэхээр дуу дуулах нь хүртэл өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг юм байна.

-Таны дуулахаас гадна хийх дуртай сонирхол юу байдаг вэ?

-Шагай харвааг сурах гэж оролдсон. Маш их тэвчээр, анхаарал, ур шаарддаг юм байна лээ. Цаашид үндэсний наадгай болсон энэ спортоор хичээллэнэ гэж бодож байгаа.

-Таныг их олон бүсгүй сонсогчтой юм уу гэж хардаг. Эмэгтэй хүнээс сэтгэлээ илчилсэн хандлага ирж байв уу?

-Тийм зүйл ажиглагдаагүй л байна. Харин их сайхан магтаал урмын үг ирдэг шүү.

-Уран бүтээлч хүнд санхүүгийн асуудал гардаг л байх?

-Тогтмол дэмждэг газар байхгүй л дээ. Урлагийн салбар гэдэг наанаа гоё сайхан хэрнээ цаанаа хүний тамир шавхсан ажил. Ард түмний өмнө муу байх, муухай байх эрх бидэнд байхгүй учир болгож л таарна. “Наад” үндэсний  брэндийг үндэслэгч  С.Сайханбаяр уран бүтээлд маань хамтран ажиллаж байгаа.

-Цаашид ямар уран бүтээл дээр түлхүү ажиллая гэж бодож байна вэ?

-13 ястаны өвөрмөц онцлогийг, улсынхаа соёл түүх зан заншлыг  дуу хууртай хослуулж айраг иссэн намар цагаар Монгол найр гэсэн үзүүлбэртэй болъё гэсэн хүсэл мөрөөдөлтэй. Энэ нь монголын язгуур урлагийг дэлхий дахин үзэж сонирхох гэж ирдэг нэг сонирхолтой шийдэл болоосой,  мөн хотжиж өсөн буй залуу хүүхдүүдэд танин мэдэхүйн ач холбогдолтой төсөл байгаасай гэж дотроо боддог.  

-Олон улсад үндэсний урлагаа сурталчлан таниулах сайхан төсөл байна. Гадаадын урлаг соёлын үйл ажиллагаанд урилга заллага хэр их ирж байна даа?

-Олон Улсын фестивальд уртын дуу, ардын дуугаа дуулаач ээ гэсэн урилга ирдэг.

-Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Уртын дуучин Соёлын Тэргүүний ажилтан Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нартай хамтарч уран бүтээл хийж байна. Монголын хэмжээнд биш дэлхийн хэмжээнд нилээн цараатай байдлаар хөгжим дуугаралт, дуулалт гээд мэргэжлийн тал руугаа гурван өөр хөг нийлээд, үндэсний урлагийн агуулга хэлбэрийг илүү гүн гүнзгий гаргаж хийхээр хичээж байна. Бид гурав хамтарсан цомог удахгүй гаргана. Үзэмчин ардын дуу “Мандах нар” дуун дээр ажиллаж байна. Хөгжмийн найруулгыг Б.Чинбат хийж байгаа. Бид ардын дуугаа дуулаад өөрсдөө сайхан  найрлаад найрсаад байхдаа гол нь биш тэр бол зөвхөн үндэстэнд хамаатай зүйл. Аль болох шилжилт хөдөлгөөн, эрэл хайгуул хийж үндэстнийхээ онцлогийг дэлхийд таниулж Монголоо сурталчилах нь чухал.

-Шинэлэг зүйлд дасахдаа удаан хүмүүс байдаг. Хүмүүсийн шүүмжлэл хэр ирж байна даа?

-Шүүмжлэлгүй зүйл гэж хаа ч байхгүй. Тэр зүйлд хэзээд бэлэн байдаг.

-Та энэ сарын эхээр Багануур дүүрэгтээ тоглолт хийсэн. Дараагийн тоглолтыг нь ард түмэн хүлээж байгаа байх. Хэзээ тоглолтоо хийх вэ?

-Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа хоёртой хамтраад зургаан сарын 1-нд VIP тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа орчихсон байна.

-Тун удахгүй, гурван хөг эгшиг цогцолсон сайхан тоглолт болох нь дээ. Дуу бүхэн домог түүхтэй, судалж бясалгаж л дуулдаг байх. Дуулахаасаа халгадаг дуу байдаг уу?

-Байлгүй яахав. Хамгийн анх 2012 онд дуулсан “Дүүриймаа” дуу байна. Саяхан Багануур дүүрэгт  хийсэн тоглолт дээрээ долоон жилийн дараа дуулсан. “Дүүриймаа”-г дуулахаар ер бусын гуниг харуусалд умбачихдаг. Сэтгэл гэгэлзээд, хоолой салгалаад, сонин болчихдог. Ардын дууг та төгс  амилуул, чадахгүй бол харгис шалгуур, хатуу шийтгэлтэй гэж хүмүүс ам дамжин хэлэлцдэг нь оргүй зүйл биш. Жишээ нь “Гоолингоо” байна.  Ард түмэн дуулахаас цэрвэдэг, найр хурим дээр дуулдаггүйн учир нь домог түүхтэйгээ холбоотой байх. Харин бурханчлан шүтэж явах дуу бол “Үлэмжийн чанар”. Догшин хутагт Данзанравжаа хүнд өвдөж,  шавь нар нь түүнийг босгох гэж тарнийн шидтэй үг шингээж “Үлэмжийн чанар” дуугаар босгож ирсэн гэдэг юм байна лээ. Улмаар хутагт маань тэр дуугаа зөөлрүүлж, эмэгтэй хүнийг магтан дуулсан дуу болгосон түүхтэй. Цагийн цагт үг нь хувьсаж өөрчлөгдсөөр өдгөө бидэнд өвлөгдөн ирсэн тарнийн шидтэй энэ дууг хамаагүй дуулж болохгүй гээд би дуулахаас айгаад байдаг. Үг гэдэг тийм шидтэй.

-“Аргагүй амраг” дууг хүмүүс үнэнхүү хайрын дуу, эсвэл нууц амрагийн дуу гээд янз бүрээр ярьдаг.  Таны хувьд дотроо юу гэж бодож, шившиж дуулдаг вэ?

-Үнэнхүү хайрын дуу гэж бодож дуулдаг даа.

-Үнэнхүү хайрын эзэн хань ижилтэйгээ хэзээ хэрхэн танилцсан бэ?

-2011 онд анх Багануур дүүргийн наадам дээр танилцсан. Морины хөлс ханхалж, айраг сэнхийж, гийнгооч хүүхдүүд давхилдсан буйд газрын наадам гэдэг өөрөө сайхан болдог доо. Д.Пүрэвдоржийн “Сумын наадам” шүлэг шиг л танилцсан даа. Наадам дээр хэд хэд таараад, танилцах завшаан олдсон. Тэр олны дунд сэтгэл татах инээмсэглэл нь таалагдсан. Анх болзож байх үедээ машиндаа дуу сонсоно, албаар хөндлөн дуулна. Дуучин гэдгээ нууж байхгүй юу. Харин ханийн маань найз  “Дүүриймаа”-г дуулсан дуучин чинь чиний найз залуу юм байна шүү дээ гээд клипийг маань үзүүлсэн байгаа юм. Тэр цагаас хойш миний хань поп дуунаас ардын дуу руу урвасан даа /инээв/

-Уран бүтээлч хүний хань гэдэг ямар байх ёстой юм бол?

-Миний хань бүх зүйлийг минь дэмжиж тусалж зөвлөдөг. Дуулах дууны минь үүх түүх, домог хуучийг судлаад гаргачихсан байдаг. Хажууд байгаа хүн маань сайхан үгээр бурамлаж, тэтгэнэ, дэмжинэ, хүндэтгэнэ гэдэг уран бүтээлч хүний хамгийн их аз жаргал. Эсрэгээрээ би тэр хүнд юу хийсэн билээ гэж бодох үе ч бий.

-Таны тухай маш олон хүмүүс сайхан сайхан сэтгэгдэл үлдээсэн байдаг. Ярианыхаа төгсгөлд нэг цагаахан асуулт асуухгүй байж чадахгүй нь. Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Б.Болорцэрэн  “Алтанжаргал ардын дуу хоёр амрагууд байсан байх. Урьд насандаа уйлж хагацаад энэ насандаа дуулж учирсан байх” гэжээ. Та амраг нь байсан юм болов уу, ардын дуу нь байсан юм болов уу

-Их сайхан хэлсэн байна. Заавал энэ хоёр байсан уу гэж асуувал ардын дуу нь байсан байх. Хөг нь энэ цагтаа хүн болж амилсан ч юм билүү /инээв/

А.Сүглэгмаа

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
amjilt hysej yram ha(212.234.217.188) 2019 оны 12 сарын 31

yneheer saihan dyyldag odtoi tersen zaluu daa!!tanii ehneriin saihan chanart baharhaj yabdag syy!saihan yran byteel ikheiig hiigeeerei!ezej chychalgyi hedelmerleerei ireedyi ch ikhe bna daa!!

0  |  0
1(119.40.103.6) 2019 оны 11 сарын 01

Дуулахдаа төрдөг инээмсэглэл нь тэр дуу болон хувь Алтанжаргалд маш сайхан зохидог доо

0  |  0
zochin(202.9.43.25) 2019 оны 05 сарын 16

engui iheer bishiren shutdeg dee udur bur sonsdug ardiin duug ardin turiin ued l lav ene zaluugaas saihan duulsan hun huvur doo bushuuhan gazavyat tsol; uguh heregtei

0  |  0
Чимгээ(202.9.42.230) 2019 оны 05 сарын 15

Үнэхээр сонсох дуртай даа.Арай л өвөрмөц гоё дуулдаг дуучин шүү.

0  |  0
Шинээ(39.7.46.195) 2021 оны 03 сарын 02

Үнэхээр ардын дууны үг хөг аялгуу ид шидтэй шүү сайхан дуучин

2  |  0
саруул(139.5.218.141) 2021 оны 03 сарын 02

дууг нь сонсох дуртай шуу амжилт хусье

1  |  0
Эмгэн(103.57.95.158) 2021 оны 03 сарын 02

Үнэхээр дуундаа орж сэтгэл уяартал дуулдаг дуучин залуудаа амжилт хүсье, эмээ нь. Бас Жавхаасайхан, Үүрийнтуяа, та гурвын дууг л онцлон сонсдог шүү. Тоглолтын тасалбар нь олддоггүй, бас ойрноос харж баясахсан гэж боддог. Дуучин залуустаа амжилт хүсье.

3  |  0
God(103.57.92.36) 2019 оны 05 сарын 15

Mundag sudalgaatai duuldag duuchin, Gavyat uguh heregtei dee iim sain mergejliin humuustee. Amjilt husie!

1  |  0
Dorj(103.11.192.34) 2019 оны 05 сарын 15

Yneheer goe duuldag shuu amjilt

1  |  0
Top