Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгснийг хүргэж байна.
-Оюутолгойн шалгалтын материалтай холбогдуулан “Рио Тинто” компани гэрээнд өөрчлөлт оруулахгүй гэдэг байр суурь илэрхийлсэн. Үүнд Засгийн газар ямар байр суурь баримтлах вэ?
-УИХ дээр Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан Оюутолгойн ажлын хэсэг ажилласан. Мөн АТГ болон бусад байгууллагаас Оюутолгойн гэрээтэй холбоотой шалгалт хийж, авлига авсан байж болзошгүй 4-5 хүнийг шалгаж байгаа. Одоогоор нэрийг нь хэлэх боломжгүй. Энэ бүх дүгнэлтүүд Засгийн газарт ирсний дараа цаашид ямар арга хэмжээ авах талаар албан ёсны дүгнэлтийг гаргана. Тиймээс УИХ яаралтай дүгнэлтийнхээ материалыг цэгцлээд Засгийн газарт ирүүлэх ёстой. Мөн АТГ дүгнэлтээ нэгтгээд Засгийн газарт ирүүлэх нь зүйтэй. Засгийн газрын хувьд хүлээж байна гэж ойлгож болно.
-Авлига авсан хүмүүс нь Засгийн газрын гишүүд үү эсвэл өөр албан тушаалтан уу?
-Хардагдаад байгаа хүмүүс нь тухайн үед гэрээнд гарын үсэг зурсан хүмүүс. Зарим компанид давуу эрх олгох хэлцэл болсон байж болзошгүй байгаа. Жишээлбэл, “Модерн Номадс” компани Оюутолгойд катеринг нийлүүлсэн. Зарим нэг шатахуун нийлүүлэгч компаниудын асуудал ч байгаа. Үндсэндээ ямар нэгэн давуу эрх олгох хэлцэл болсон гэх хардах үндэслэл үүссэн.
-Ажлын хэсгийн дүгнэлтийг "Рин Тинто" компанид өгсөн Д.Дамба-очир гишүүнд хариуцлага тооцох уу?
-Тэр бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Д.Дамба-Очир гишүүний хэлснээр албан ёсоор тайлбар авах хүсэлт тавьсны дагуу өгсөн гэсэн. Түүн дотор ямар материал байсан, байнгын хороо өөрсдөө шийдсэн эсэх, УИХ-ын даргын эсвэл хэн нэгний зөвшөөрөлтэй өгсөн үү гэдэг дээр надад албан ёсны мэдээлэл алга. УИХ дээр байгаа зүйлд Засгийн газар дахин нэг шугам нээгээд байр сууриа илэрхийлэх нь нэгдмэл төр засгийн хувьд боломжгүй. Ер нь Оюутолгойн гэрээтэй холбоотой олон газар шалгалт явж байсныг АТГ дээр нэгтгэсэн бол УИХ өөрсдөө бас нэг ажлын хэсэг байгуулж ажилласан. Тэгэхээр одоо энэ дүгнэлтүүд нэгтгэгдсэний дараа Засгийн газар шийдвэрээ гаргана. 7-14 хоногийн дотор дүгнэлтүүд ирэх байх.
-Зарим УИХ-ын гишүүний зүгээс Оюутолгойд шалгалт хийлгэхгүй байх сонирхолтой байгаа гэх шүүмжлэлд хариулт өгнө үү?
-Би Засгийн газрын байр суурийг хамгаалах субъект болчихоод байгаа. Тэгэхээр УИХ-ын гишүүний хувьд байр сууриа илэрхийлэх боломжгүй болсон. Оюутолгойтой холбоотой өмнө гарч байсан бүх мэдээлэл, одоо үүссэн нөхцөл байдал нэгтгэгдээд том цар хүрээтэй шалгалтын тайлан ирэх байх.
-Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын хэрэгт холбогдсон гэх мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм мэдээлэл гарсан. Нэр зарлагдсан зүйл байхгүй. Миний хувьд хуулийн байгууллагын зарим удирдлагатай холбогдож ярилцахад “Манай танхимын сайд нартай холбоотой шалгагдаж байгаа болон үүссэн, асуудал болсон гэх баримтууд ирээгүй” гэдгийг хэлсэн. Нэгэнт хэвлэл мэдээллийн байгууллагаар гарсан, нийгэм хардах эрхтэй учраас цаашид нягтлаад явах байх.
-МАН-ын бүлгээс Итгэлийн зээл олгох шийдвэр гаргасан нь хэр судалгаатай гэж үзэж байна вэ?
-УИХ-ын гишүүд хуулийн төсөл боловсруулан Засгийн газарт өгсөн. Итгэлийн зээлтэй холбоотой асуудал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бий. Төслийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд шилжүүлсэн. Эдийн засгийн тооцооллыг нь судалж байна.
-Цаашид “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувийн асуудал хэрхэх вэ?
-"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь санхүүгийн луйвар байсан уу гэдэг асуудлыг хуулийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Үүнтэй холбоотой асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл алга. ЗГХЭГ-аас ямар хохирол учирсан бэ гэдгийг тогтоож, хуулийн байгууллагад өгсөн. Засгийн газар онц дэглэм тогтоох шийдвэр гаргасан. Түүний дагуу ажлаа үргэлжлүүлж байна. “Стандарт” банктай холбоотой өрийн асуудлыг төлсөн. Мөн “Стандарт” банктай холбоотой хохирлыг Ш.Батхүүгийн өмчлөлд байсан хөрөнгийг хураах замаар “Эрдэнэт” үйлдвэрийг хохиролгүй болгох хүсэлтийг хуулийг байгууллагад хүргүүлсэн.
-Ш.Батхүүгийн хөрөнгө өр төлөхөд хүрэлцэх үү?
-Миний сонссоноор 40 сая ам.доллар хангалттай хүрэх хэмжээний хөрөнгөтэй байсан боловч бэлэглэлийн гэрээгээр бусдад шилжүүлсэн байсан.
-Захиргааны ерөнхий хууль батлагдсанаар Засгийн газар хяналтгүй болчихлоо гэдэг шүүмжлэл гарч байна?
-Нийгэмд эмзэглэл байгааг ойлгож байна. Захиргааны хэргийн хэдэн авлигжсан шүүгчдээс болж төрийн ажил явахгүй, лицензийн асуудал замбараагүй байсан. Тиймээс энэ хуулийг гаргахаас өөр аргагүй. Энэ хуулийн зохист хэрэглээг авах хэрэгтэй. Магадгүй Ерөнхийлөгч хориг тавих болов уу гэсэн мэдээлэлтэй байгаа. Хэрэв хориг тавьсан тохиолдолд бид дахин судалж, хуулиа илүү боловсронгуй болгоно.
-Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн хэзээ гарах вэ?
-Хөгжлийн банкны шалгалтын дүн гарч байгаа. Шалгалтын тайлан, нэмэлт тайлбарыг нэгтгэж, Хөгжлийн банкан дээр бондуудын зарцуулалт ямар төслүүдэд санхүүжилт олгосон, тэдгээрт хууль бус зүйл байсан уу гэдгийг шалгаж хуулийн байгууллагад хүргүүлж байгаа. Мөн Хөгжлийн банк эдийн засгийн тэргүүлэх салбарыг бий болгох зорилготой байсан ч зорилгоосоо ухарч арилжааны банктай адил үүрэг гүйцэтгэж ирсэн. Тиймээс Хөгжлийн банк 20 тэрбум төгрөгөөс доош үнийн дүнтэй зээл гаргахгүй, ТУЗ-ийн бүтцэд өөрчлөлт оруулна. Мөн зээлээ төлөөгүй байгаа чанаргүй зээлүүдийг олон нийтэд зарлана. Бид тодорхой хугацаа өгч эргэн төлөлт хийгдэхгүй бол хуулийн байгууллагад шалгуулахаар өгнө. Түүнээс гадна Хөгжлийн банкны удирдлагыг сольж, 5-6 хүнээс сонгохоор ажиллаж байна.
-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь шүүмжлэл дагуулж байгаад тайлбар өгнө үү?
-Төрөөс төмөр замын талаар авах бодлого гэж баталсан бөгөөд үүний дагуу ажил хийгдэж байна. Төмөр зам барихдаа гадны компаниудаас ТЭЗҮ авч, танилцаж үзэхэд зардал нь бага, монголчууд өөрсдөө хийж байгаа нь зөв гэж бодож байгаа. Бид улс орны эдийн засаг, төлөвлөлтийн асуудал дээр нэгдсэн байр суурьтай баймаар байна. Эдийн засгийн болоод урт хугацааны төлөвлөгөө алдагдсан юм болов уу гэж боддог.
-Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль дээр 500 гаруй хүүхдэд сүрьеэ өвчний тохиолдол илэрсэн гэсэн мэдээлэл байна?
-Би маргааш өглөө /өнөөдөр/ салбарын сайдтай нь хэд хэдэн сургууль, байгууллага дээр очиж ажиллана. Газар дээр нь ажиллана. Түүний дараа мэдээлэл өгнө.
-Мах, шатахууны үнэ өссөн нь өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх шалтгаан болоод байна. Засгийн газар инфляц нэмэгдүүлэхгүй байх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Засгийн газар удахгүй энэ асуудлаар ярилцана. Махны бизнестэй, холбоотой, хамтарч ажилладаг, нөлөө бүхий хүмүүс махны зохион хомсдол үүсгэсэн байж болзошгүй гэдэг мэдээлэл ирсэн. Үүн дээр Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа бөгөөд удахгүй Засгийн газарт мэдээлэл өгнө гэсэн. Түүний дараа шаардлагатай бол мэдээлэл өгнө. Ер нь улсын нэгдсэн төсөв нэмэгдсэн, эдийн засаг макро түвшинд нэмэгдэж байгаа учраас юмны үнэ савлах нөхцөл үүссэн байж болзошгүй. Засгийн газар дараагийн хуралдаанаар энэ асуудлыг авч хэлэлцэнэ. Мөн инфляц, мөнгөний бодлого зэрэг асуудалд Монголбанкны удирдлагатай холбогдох асуудал яригдах байх.
Сэтгэгдэл ( 1 )
Эрдэнэтийн 49 хувийн хулгайг хуваалцсан этгээд л энэ хуульд хориг тавина. Шумуул Энхболд юм аигачихсан юм биш үү?