ОЛОН ӨНГӨ: Аваад л ирмээр...

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 06 сарын 04

Нутаг зорив. Гэрт гадаагүй айраг сэнгэнээд л... Талын жижигхэн сууриндаа хүн ард нь хөхүүртэй айраг шигээ шуугиж байхад нь бага эгчийнхээ гадаа дөрөө мултлав. Арваад жилийн тэртээ хадамд гарч, нутагтаа ганцаараа торойн хоцорсон эгч маань жигтэйхэн хөөр болсон амьтан угтлаа.

Бага эгч минь нөхөр, дөрвөн хүүгийн хамт амьдардаг. Долоо, наймхан үхэртэй. Унааны ганц морьтой юмсанж. Аж төрж буй сумын төв нь жижигхэн. Нутаг уудам, хүн цөөн. Тэр хэрээр биесээ андахгүй. Хэн авгайгаа зоддог, хэний нөхөр архи уудаг, ямар хүүхэд голын хөвөөн дээр өдөржин тоглож өнжснийг цөмөөрөө мэднэ.

Мөн Бат авгайдаа толгойгоо мэдүүлчихсэн, Дорж найгүй архичин, Дулам хормой султай гэж ярина. Хар Баагий, ховч Дулмаа, худалч Цэнд, хулгайч Батаа ч гэх шиг хачин жигтэй хочтой. Түүндээ өөрсдөө дасчихсан ч юм шиг...

Хөдөөний амьдрал ургах нартай уралдаж эхлэх ажээ. Эртээ босч үхэр малаа сааж, бэлчээрт нь гаргана. Дараа нь тугалаа. Цаг харах нь ээ дөнгөж долоо хагас. Ингээд л хийх ажил дуусчихна. Өдрийн уртад нэгнийхээрээ орж гарч, сонин хачин солилцоно. Уг сонин хачин нь хов болохдоо амархан. Нэгнийх нь алдаж гишгэсэн мөр нь авгай хүүхнүүдийн амны зугаа болж хэсэгтээ л зовооно. Нууцхан шивнэсэн үг нэг айлын голомтоос хийссээр нөгөөд очихдоо хэрүүлийн хар аянга дэгдээнэ. Аливаа хэрүүлийн ихэнх нь тулга тойрсон, аяга таваг, хувин савнаас улбаатай байдаг нь хачин.

Талын жижигхэн сууриндаа эргэлдсэн хов жив, хэрүүл уруул, атаа жөтөө... Инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг хувь заяа. Эрдэм мэдлэг, хөгжлийн хувьд тэд маань хаана явна вэ... Ингэж бодохоор хөдөөд л жинхэнэ “оюуны цөлжилт” явагдаад байх шиг. Энэ хүмүүсийн нэг нь бага эгч минь гэж бодохоор л... Тэглээ гээд дасч сурсан амьдралаас нь салгалтай нь биш. Болдогсон бол аваад л ирмээр... 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.118.180) 2019 оны 06 сарын 07

Тэнэг минь, энд ирсэн оркуудыг яаая даа гэж байхад тэндээс тэрнийг чирч ирж өөрт нь ч өрөөл бусдад ч төвөг болж яах гээв, эгч чинь тэндээ л жаргалтай болоод байгаад байгаан, нээх сүрхий хүн болж асуудал дэвшүүлээд байгаан байх даа,хөдөө хүнгүй болоод байгаа нь асуудал болоод байхад,мэдрэмжгүй гар уу

0  |  1
lol(209.167.52.34) 2019 оны 06 сарын 04

unshij bolohgui, dooshoo guigeed baihin ene site chin

0  |  0
Top