Энергийн донор, ердийн буюу дундаж энергитэй, энергийн вампир гэсэн гурван төрлийн хүн та бидэнтэй мөр зэрэгцэн амьдардаг. Энергийн вампир ямар нэгэн аргаар бусдын анхаарлыг өөр рүүгээ татаж байгаад энергийг нь сордог.
Хэрэв өөр бусад хүн анхаарахгүй, анзаарахгүй бол холбоос үүсэхгүй. Бусдын анхаарлыг өөр рүүгээ татах арга зам нь олон. Багаасаа дуулж бүжиглэж олон нийтийн анхаарлын төвд өссөн хүүхэд том болсон хойноо цахим орчныг ашиглаж энергиэ тэжээдэг тухай солонгосууд олон ангит кино хүртэл хийжээ.
Энергийн вампир өөрийгөө таних амархан. Хэзээ ч ганцаараа удаан байж чаддаггүй. Бусдын энерги заавал хэрэгтэй гэхээсээ илүүтэй өөрийнхөө байгаа байдлыг дотоод ертөнц нь хүлээн зөвшөөрч чаддаггүй гэвэл илүү оновчтой байх. Зөвхөн бусадтай харилцаанд орж байж л өөрийнх нь дотроос шивнээд байгааг мартаж, жинхэнэ би бол энэ гэж мэдэрдэг. Зүгээр байхад хэрүүл өддөг, хэрэггүй үед маазардаг, шалиг үгээр хатгадаг, мөнхийн зовлон зүдгүүр ярьдаг, сүүлдээ цахим орчныг ашиглаж, бусдын анхаарлыг өөр дээрээ татдаг. Харин цахимаар энергиэ соруулсан хүмүүст юу тохиолддог юм бол. Толгой нь өвдөж, бие нь сулбайх уу. Үгүй ээ. Зүгээр л юунд төвлөрөх ёстой вэ гэдгээ ойлгохгүй, ухаарахгүй.
Хий хоосон зүйлд найдсан байдалтай урсгалаараа амьдарна. Амьдралд нь өөрчлөлт гарахгүй, өөрөө олигтой амжилт гаргаж чадахгүй. Энерги нь алдагдаад байгаа учраас тэр. Энергийн төвлөрөл, бөөгнөрөл үүсгэж чадахгүй. Түүнийг ядуурал, гэнэтийн золгүй явдлууд, гарлага, цөвтөл, хоосрол, засаршгүй алдаа л хүлээж байдаг аж.
Н.Дуламсүрэн
Сэтгэгдэл ( 0 )