Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав холбооны тэргүүн болсон нь
Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавыг амлалт нэхэх холбооны тэргүүнээр сонгоод төрийн ордон луу оруулжээ. Ороод их л сүртэй эхэлж “Муу туучийнууд Оросод төлсөн мөнгөнөөс дутсан долларыг хэн авсан бэ, хэл. За тэр ч олдохгүй биз. Нөгөө амласан сая таван зуу хаа байна. За энэ ч бүтэхгүй биз. Тэр шинэ гэрлэсэн хосын 500 хаа байна. Бас л болохгүй байгаа биз. Тэр өлгий сүүний зууг өгчихөж болохгүй байна уу, за хөөрхий боломжгүй л биз. Тэр хүүхдийн арван мянгаа яалаа, бас л болохгүй байгаа биз. За тэр яах вэ ах нь нэг шүлэг уншъя” гээд ингээд хоосон гараад иржээ.
Ардын уран зохиолч П.Бадарч оёдлын үйлдвэртэй танилцсан нь
Бөртэ хатан шиг сайхан бүсгүй байна. Алив ах нь үнсье. Цааш явж байснаа Есүй хатан шиг сайхан бүсгүй байна. Алив ах нь дахиад нэг үнсье. Цааш явж байгаад Хулан хатан шиг сайхан бүсгүй байна. Алив ах нь үнсье. Ингээд ажил хийлгүй эргээд иржээ.
Ардын уран зохиолч Д.Цоодол дарга болсон нь
Ардын уран зохиолч Д. Цоодол орон нутаг хөгжүүлэх газрын дарга болоод хөдөө рүү сумын ажил байдалтай танилцахаар очив. Сумын Засаг дарга туранхай хөх залуу ороод ирэв. “За хө, хатсан үдээр шиг энэ сайхан залуу засаг дарга уу, Намдаг гуай чамайг харсан бол хана үдчих байж дээ, хөөрхий. Дээр үед манай Бүрэнгийн голд нэг ийм хүн байсан юм, хөөрхий айлын хаяагаар гурил “шуух” гэж гараа шургуулаад хавханд орж хөглөөд...” хэмээн ярьж байтал Иргэдийн хурлын дарга намхан шар залуу ороод ирэхээр “За энэ гүзээтэй шар тос шиг сайхан залуу Иргэдийн хурлын дарга уу, С.Буяннэмэхийн хэлдгээр Их тэнгэрийн дүлий гэдэг чинь ёстой энэ байна даа” гэтэл Нарийн бичгийн дарга хүүхэн ороод ирэхэд “Зассан саваа шиг энэ сайхан бүсгүй нарийн бичиг үү, Ч.Лодойдамбын үед байсан бол чамайг Итгэлтийн хаяанд буулгаад баллах байсан даа” гэх мэтээр дэмий ярьсаар ажил хийлгүй хүрээд ирсэн гэдэг.
Д.Жаргалсайхан
Сэтгэгдэл ( 0 )