ОЛОН ӨНГӨ I Өлчир өсөх өгөөжтэй

2025 оны 01 сарын 29

Ингэж л өлчир өслөө. Өвдөхийг мэдэхгүй, даарах халууцах даанч юу ч биш. Өлдөх сульдах өдрийн зугаа төдий. Нартайд толгой нүцгэн хоёр цаг орчим наранд хонь хөл нүцгэн саасан ч наршихгүй, жиндэхгүй, хонинд хөлөө гишгүүлж өвдсөн ч тэсээд л тэвчээртэй болж өссөн.

Саах хонио шаардан барьж саадаг хөдөлгөөн бол шанханд салхи тогтооно, садрах хөлсийг хатаана. Өдөрт үнээ өглөө орой шувтарч, гүүг хоёр цаг тутам сааж, хажуугаар нь идээ цагаагаа боловсруулан цурам хийхгүй өнждөг нүүдэлчин ахуй нүдэн дээр өрнөж нүцгэн дархлааг тогтооно. Унаган дархлааг эм бэлдмэлээр биш эх нүүдэлч ахуйгаас босгоно.

Хүүхдийг чийрэгжүүлэх гэвэл дор хаяхад гурван сар хөдөө агаарт тарвалзуулан товир болгоно. Хүүхэд балчируудтай бол шууд хөдөө гар. Хөрстөд гишгэл. Цасаар байлдуул. Цан хүүрэг татуул. Уушиг нь тэлэг. Ухаан нь бадраг. Аадар мөндөрийн дууг сонсго. Аясын салхинд илбэдүүл. Шар сүүнд оруул, айргаар шавш. Ааруул идүүл, алимнаас дээр. Хярам уулга, хийжүүлсэн хүнцэл ундаанаас илүү гэж мэд. Тараг уулга, таргалуулдаг генийн өөрчлөлттэй элдэв хоргой дээлтэй хорноос хавьгүй дээр. Хөсөг хөллөж тэмээ хөтлүүл. Морь унуулж монгол болго. Наранд наадуул, саранд саатуул. Самнаа боов идүүл, сарлагийн өрөм хүртээ. Ямаа самнуул, ядрал үгүй зүдрэл үгүй газар зөнөт хөдөө юм шүү дээ. Цементен шугуйд төөрч муурч төмөр хүн болж төрхөө алдаж, төрлөө гээх нь. Өлчир өсдөг нь монголчуудын унаган дархлаа!

Н.Дуламсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu