Бөх Цоодолууд

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул, Улсын арслан Гялдангийн Цоодол, Тарагт сумын уугуул, Улсын заан Галсанвандангийн Цоодол, Баянгол сумын уугуул, Аймгийн арслан “Тарлан” хэмээх Дампилын Цоодол, Гучин-Ус сумын уугуул, “Бүдүүн гуят” хэмээх Цоодол зэрэг бөх Цоодолууд нэгэн үед гарч ирж, аймгийн наадмын дэвжээг хотолзуулж байсан гэдэг. Нэгэн жилийн наадамд дээрх дөрвөн Цоодол шөвгөрөн үлдсэнээс Улсын арслан Гялдангийн Цоодол илүүрхэн түрүүлж байжээ. Эдгээр Цоодолуудын зарим нь 1930-аад оны үед Арвайхээрийн Банди арсланг даган явцгааж, Архангай аймгийн наадамд барилдан Шагж арсланд дараалан унацгааж, хэрүүл маргаан тарьж явсан түүх бий. Дараа нь Шагж арслан улс төрийн хилс хэрэгт ороход дээрх Цоодолуудын зарим нь Шагжийн хамсаатан хэмээн баригдаж байцаагдаж байжээ.

Дашрамд сонирхуулахад, Улсын заан Галсанвандангийн Цоодол Төгрөг сумын нутагт явж байгаад хуучин танил “Торгон” Тоомой, “Тагжаан” Самдан нартайгаа уулзаж, хоёр литр орчим спирт хуурайгаар нь хувааж уужээ. Тоомой нь нэлээд бэл чинээтэй баян хүн байж. Харин “Тагжаан” Самдан нь Жанчхүү, Бээжин хүртэл жин тээж явсан бузгай тэнхээтэй эр байж гэнэ. Спирт уусан гурав ихээхэн согтон мордоцгоож, Цоодол заан, “тагжаан” Самдан хоёр нь тухайн өдөртөө спиртэндээ түлэгдэж нас барсан гэдэг. Харин Тоомой нь гэртээ ирж гурил зуурч уусаар байгаад амь гарсан аж. Галсанвандангийн Цоодол зааныг Уушигийн улаан хад хэмээх газар нутаглуулсан.

Н.Даваадаш

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top