“Мянган толгодын орон”-д тавтай морил

2019 оны 06 сарын 05

Дорноговь аймгийн залуу уран бүтээлчдийн яруу найргийн түүвэр “Мянган толгодын орон” нэртэйгээр хэвлэгдэн гарлаа. “Мянган толгодын орон” номонд манай аймгаас төрөн гарсан 23 уран бүтээлчийн шүлгүүдээс дээжилсэн. Залуу яруу найрагчдын бүтээлийг 1987 оноос ийнхүү нэгэн хавтсанд баринтаглаж байгаагүй бөгөөд тус номонд “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн захирал, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Б.Чулуунцэцэг,  Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны шагналт, “Мөнгөн цом”-ын эзэн яруу найрагч Э.Анхбаяр, хэл шинжлэлийн залуу эрдэмтэн, яруу найрагч Э.Эрдэнэдалай тэргүүтэй найрагчдын маань бүтээл багтлаа. Догшин хутагтаар овоглосон манай аймгийн залуу уран бүтээлчид ийнхүү өнгөрөгч “Эх үрсийн баяр”-ын өдрөөр догшин хутагт Д.Данзанравжаагийнхаа хөшөө бүхий төв талбайд номынхоо нээлтийг хийж, энэ үеэр залуу уран бүтээлчдийнхээ урьд өмнө хэвлүүлсэн номуудыг уншигч олноо дэлгэн барьсан. Энэ номын маань онцлог гэвэл 2000 оноос хойш шүлэг тэрлэсэн, их утга зохиолд хөл тавьсан уран бүтээлчид багтсан. Говь, тал хээрийн бүсэд багтах Дорноговь аймаг бол аргагүй мянга мянган толгодын орон учраас номоо ийн нэрлэсэн төдийгүй тус нутгийн уран бүтээлчдийн бүтээл мянга мянган толгод шигээ урган төлжиж байхыг билгэдсэн хэрэг.

Дорноговь аймаг бол Догшин хутагтаас эхлээд “Хуульч” Сандаг, “Анги” Шагдар гээд олон бичгийн мэргэдээрээ алдартай нутаг. Өдгөө цагт Монголын их утга зохиолын хоймор эзэлсэн Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Догмид, нэрт зохиолч Н.Надмид агсан, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Шартолгой, нэрт сэтгүүлч Г.Жамъян, Ш.Гүрбазар нарыг төрүүлсэн өөжин гэхээр нэгийг хэлж хоёрыг бодогдуулах байх. Утга, уран зохиолын хоймор эзэлсэн эдгээр буурал уулсын залгамж халаа болсон Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир агсан, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Г.Мөнхцэцэг, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч А.Байгальмаа, Ш.Энхбаяр, С.Боргил гээд олон авьяаслаг уран бүтээлчдийг нэрлэж болно.

Эдгээр авьяас билэгтнүүдийн залгамж халаа ийнхүү уран бүтээлээ нэгэн хавтсанд баринтаглан уншигч олноо хүргэж байгаа нь ус нутгийнхны нэгэн бахархал болоод байгааг дуулгахад таатай байна. “Мянган толгодын орон” номыг кирилл бичгээс гадна уйгаржин бичгээр хэвлүүлсэн минь өвөрлөгч зах зээлд гаргаж, залуу уран бүтээлчдээ элэг нэгт ахан дүүстээ танилцуулахаар зэхсэнийх юм. Бичгийн их мэргэд, авьяас билэгтнүүдээрээ алдартай миний нутгаас үеийн үед их хүмүүн төрсөөр байх болно гэдэгт бид бүгдээрээ  итгэлтэй байдаг. Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан, Энергийн төв гээд авьяас билэгтнүүдийн цуглаж төрдөг ийм л жамтай нутагт төрсөн уран бүтээлчид хийж бүтээхээс өөр аргагүй гэж бодном. Ингээд “Мянган толгодын орон”-д тавтай морил.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top