ОЛОН ӨНГӨ: Аавын дайтай ах минь

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

Олон жил өнгөрчээ. “Хараа” гол хүрэнтэн хуйлран урсаж, эргийнх нь дэрс салхинд нь сэнсэртэл шуугиж хүнийрхэж байсан тэр жихүүн өдрөөс хойш. Аав минь тэнгэрийн орондоо цахилан одож, ижий минь үрсээ тэврэн өнчирч үлдсэн тэр хар өдрөөс хойш. Өрх гэрийн голомт эзгүйрч 16-хан настай том ах минь эцгийг минь орлож үлдсэн тэр өдрөөс хойш.  

Харин тэр өдрөөс хойш би гэдэг хүн ижийнхээ хормойноос зүүгдэж, эгч нарынхаа энгэрт, ах нарынхаа нуруун дээр л хүн болжээ. Жаргалыг нь дандаа би амталж, зовлонг нь дандаа тэд тээсэн ч юм шиг. Тэр дундаас хэн бүхнээс илүү том ах минь л хэдэн дүү нартаа аавын дайтай ах байхын төлөө, асар том хариуцлага үүрч амьдарч ирсэн нь үнэн билээ. 

Ахын тухай дурсамж олон боловч нэг л зүйл нь санаанаас огт гардаггүй юм. Тэр нэг орой гартаа янжуур барьсан ах минь гэрийнхээ гадна ганцаараа сууж байна. Дөхөж очоод хажууд нь суулаа. Жаахан рашаан балгачихаж. Нэг харсан өргөн шанааг нь дагаад нулимс нь урсаж харагдана. Хэсэг бид хоёрын хэн, хэн нь юу ч ярьсангүй. Ах минь сая л нэг үг хэлэв. "Та нар намайг хаясан шүү дээ" гэх хөндлөн үг. Тэрүүхэн агшинд ахын үгнээс юу ч ойлгосонгүй, ах минь ч өөр зүйл хэлсэнгүй гэртээ орчихсон. Тэр өдрөөс хойш олон сар өнгөрчээ. Одоо хэр нь ахын минь нүдэндээ нулимстай хэлсэн тэр үг нь бодогдоно. Хэзээ, яаж тэр үү... гэх асуулт үргэлж надаас хариулт нэхэж зовооно.  

Ай, аавын дайтай ах минь дээ. Хэлсэн үгний чинь утгыг одоо хэр нь олоогүй тэнэгхэн дүүгээ өршөө. Зүүдэнд минь зүүгдэж үлдсэн эцгийн минь дүр төрх, хэзээ ч эргэж ирэхгүй элэг бүтэн амьдралыг зөөллөгч миний баатар. Хэнийг ч юм санах, хэнд ч юм гомдох эрх жаахан дүүгийнхээ элгийг дэвтээсэн миний том ах. Тандаа дүү нь дэндүү хайртай гэдгээ л мэдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top