“Зиндаа” сэтгүүлийн “Хүмүүн цадиг” булангийн хойморт Раднаабазарын Жаргалмаа уригдлаа. Р. Жаргалмаа ЗХУ-ын Эрхүү хотын Анагаах Ухааны Их сургуулийг 1995 онд хүүхдийн их эмч мэргэжлээр төгсөж, Япон улсын Засгийн Газрын “Залуу лидер” хөтөлбөрийн тэтгэлгээр Нагоягийн Их сургуульд Эрүүл мэндийн удирдлагын магистр зэрэг хамгаалжээ. Швейцарь, АНУ-д мэргэжил дээшлүүлсэн, Боловсролын доктор зэрэгтэй. Тэрбээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хүүхдийн сан, ОУ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага зэрэг НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудад эрүүл мэндийн төсөл хөтөлбөрийн мэргэжилтэн, гадаад зөвлөхөөр Монгол,Афганистан, Вьетнам, Узбекстан, Тажикстан, Бангладеш, Мьянмар /Бирм/, Филиппин зэрэг оронд ажиллаж байсан. Орос, Англи, Япон хэлний мэдлэгтэй эмч бүсгүйтэй ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе! Ярилцлагаа эмч мэргэжлийг сонгох болсон түүхээс тань эхэлбэл ямар вэ?
-Сайн байна уу? Ярилцлагад урьсан танай сэтгүүлийн хамт олонд баярлалаа. Би эмч мэргэжлээ бараг гурван настайдаа сонгосон байх гэж боддог. Ээжтэйгээ хүүхдийн эмнэлэгт үзүүлээд гарч явахдаа “Ээж ээ би яг энэ эмч шиг эмч болно оо” гэж хэлсэн гэдэг. Том болсон хойно ээж ярьж өгсөн юм. 10-р анги төгсөөд Анагаахын дээд сургуульд конкурсээ өгч өндөр оноо аваад Эрхүү хотын Анагаахын их сургуульд хүүхдийн эмчээр суралцсан. Сургуулиа төгсөж ирээд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд эмчээр, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажилласан. Удалгүй Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж эрүүл мэндийн удирдлагын менежментийн чиглэлээр магистрын дипломоо хамгаалсан. Төгсөж ирээд Монголдоо анагаахын судалгааны ажил, эсвэл удирдлагын түвшний ажил хийе гэсэн бодолтой байлаа.
-Та НҮБ-д хэзээнээс ажиллаж эхэлсэн юм бэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газраас ажлын байр зарлагдсан юм л даа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өөрөө НҮБ-ын төрөлжсөн байгууллага. Анкетаа явуулахад намайг ярилцлаганд дуудсан. Ярилцлаганд орсны дараа удалгүй тэнцсэн хариу ирж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад ажиллах болсон. Би Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад анх Хүүхдийн эрүүл мэндийн төсөл хариуцан ажиллаж байсан. Тухайн үед дахин үргэлжлүүлэн ажиллах санхүүжилт шийдэгдээгүй байсан учраас гадаад улс оронд ажиллаж үзье, тусламж шаардлагатай хүүхдүүдэд тусалъя, хувь нэмэр оруулъя гэсэн зорилготой болсон юм. Мөн олон улсад ажиллах юм бол илүү их туршлага хуримтлуулах байсан, тиймээс хэд хэдэн улсад анкетаа явууллаа. Гэтэл Афганистан улсаас ярилцлага хийх урилга ирээд ярилцлаганд орсон юм. Тун удалгүй тэнцсэн хариу ирсэн. Ингээд хамгийн анх Афганистан улс руу явж байлаа.
МИНИЙ ЭЭЖ “САЙН САЙХАН ҮЙЛСИЙН ТӨЛӨӨ ЯВЖ БАЙГАА БОЛ АЙХ ХЭРЭГГҮЙ” ГЭЖ ЗӨВЛӨСӨН
-Энэ ажилд тэнцсэнээ мэдээд хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл ямар байсан бэ?
-Афганистан явах болоход дайны нөхцөл байдалтай улс орон гэдэг нь тодорхой байсан. Тиймээс НҮБ-ын гадаад ажилтнуудын хөгжил буурай, дайн байлдаантай улсад ажилладаг ажилтнуудын блогуудыг интернэтээр уншиж танилцсан юм. Тэнд ажиллаж байсан гадаад ажилтнууд Афганистанд телевизээр гардаг шиг өдөр болгон бөмбөгдөөд байдаггүй ээ. Мэдээж хэрэг, аюултай байдлын зэрэглэлтэй орон. Гэхдээ тэнд бас л хүмүүс амьдардаг, амьдрал явагдаж байгаа шүү дээ гэж бичсэн байсан. Мөн нэгэн жишээ байсан юм. “Америкийн зам тээврийн ослоор нас барагсдын тооноос Афганистанд бөмбөгдүүлж нас барсан хүний тоо хамаагүй бага” гэж. Бодит байдал өөр учраас энд ажиллахыг уриалж байна гэсэн агуулгатай зүйл блогтоо бичсэн байлаа. Энэ блог намайг шийдвэр гаргахад их нөлөөлсөн л дөө. Ингээд би ээждээ хэлсэн. Тэгэхэд ээж минь “За яах вэ, миний охин өөрөө айдасгүй, зорилгоо биелүүлэх хүсэл зориг чинь дийлээд байвал яв даа” гэсэн. Хүний нэг зөн совин гэж зүйл байдаг шүү дээ. Хаа явсан газраа уул усандаа сүү өргөөд явахад алзахгүй гэж бодсон. Миний ээж “Сайн сайхан үйлсийн төлөө явж байгаа бол айх хэрэггүй” гэж зөвлөсөн л дөө.
-Дөнгөж онгоцны буудал дээр буухад таны төсөөлж байснаас өөр байсан уу?
-Кабулын нисэх онгоцны буудал дээр буухад дайны зэрэглэлтэй орон учраас энхийг сахиулах орнуудын том, жижиг онгоцнууд, буутай цэргүүд хүрээлчихсэн байсан нь маш сонин сэтгэгдэл төрүүлсэн. Намайг НҮБ-ын машин тосч авсан юм. Тэндээсээ шууд л байрлах газартаа очсон. Цаг хугацаа өнгөрөх тусам хүн ажил руугаа гүн ороод дасчихдаг юм билээ. Ер нь бол НҮБын ажилтнуудын аюулгүй байдал дээд зэргээр хангагдсан байдаг. НҮБ-ын ажилтнуудын хэрэглэдэг машин пуужингаар хамгаалагдсан байдаг учир бөмбөгдлөө гэхэд амьд гарна. Мөн хамгаалах, холбооны хэрэгслүүдээр бүрэн хангадаг. Намайг очсон даруйд аюулгүй байдлын дүрэм, аюултай байдал үүссэн нөхцөлд яаж аюулгүй байдлаа хангах, ямар дүрэм баримтлах зэргийг зааж танилцуулсан. Мөн аюулгүй байдлын хувцас, холбооны хэрэгсэл хүлээлгэж өгсөн юм. НҮБ-ын ажилтнуудын өмсдөг хамгаалалтын хэрэгслүүд маш хүнд байдаг. Ширмэн малгай нь таван килограмм, ширэмтэй хамгаалалтын хантааз нь 20 килограмм жинтэй. Түүнээс гадна хамгаалах утас, тусдаа номер өгдөг юм. Тэнд нэг нэгнээ хэзээ ч нэрээр нь дуудахгүй, зөвхөн номероор нь дуудна. Орой бүр найман цагаас бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ нууц үгээр буюу номероороо, бүх зүйл хэвийн дууслаа гэх мэтчилэн бүртгүүлдэг. Хэрвээ бүртгүүлэхээ мартаад өнгөрөөчихвөл ажилтнуудын байран дээр ирж шалгаж бөөн юм болдог. /инээв/
-Анх очихдоо хэдэн настай байв?
-29 настай байсан.
-НҮБ-ын ажлын хамгийн хэцүү нь юу байдаг бол, мэдээж хүнд нөхцөлд ажилладаг, гэхдээ танд өөрт чинь энэ л хэцүү гэж бодогдох зүйл байсан уу?
-НҮБ бол дэлхийн “топ” засгийн газар гэж хэлж болохоор байгууллага. Дотроо ажлын олон түвшинтэй. Тэр утгаараа мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүй, зан суртахууны дээд түвшинг шаарддаг. Хийж байгаа ажлууд маань ч мөн адил өндөр хариуцлагатай байхыг шаарддаг. Учир нь гадаад ажилтнууд ихэвчлэн НҮБ-ыг төлөөлж, НҮБ-ын нүүр царай болдог. Тиймээс хурал дээр хэлж байгаа үг, гэрээ хэлцэлд орж байгаа байдал, биеийн хэлэмж тэр байтугай дипломат ёс жаяг, ёслолын бүх дүрэм журмуудыг биелүүлэх үүрэгтэй. Түүнээс гадна хариуцсан ажлаа яг цаг хугацаанд нь үр дүнтэй, хариуцлагатайгаар гүйцэтгэх зэрэг өндөр шаардлага тавигддаг л даа. Нэгдүгээрт маш их ачаалалтай ажиллана, Хоёрдугаарт дайн байлдаантай, онцгой байдал үүссэн нөхцөл бүхий бага буурай хөгжилтэй орнуудад ажиллахад аюулгүй байдал талаасаа маш их стресст орно. Түүгээр ч зогсохгүй аюултай байдлын гуравдугаар зэрэглэлийн орнууд нь гадагш гарахыг хориглодог учир зөвхөн байр, зочид буудал, оффисын хооронд л явдаг. Байнга пуужингаар хамгаалагдсан машинаар ийш тийш явна. Ганц нэгээрээ гадуур гарахыг зөвшөөрдөггүй. Тодруулбал зугаалах эрхгүй гэсэн үг. Тиймээс хувь хүнд стрессийн менежмент хийх их чадвар шаардагддаг юм. НҮБ ажлын ярилцлагандаа “Та яаж стрессээ тайлдаг вэ” гэсэн асуулт заавал асуудаг. Тэгэхээр маш их стресстэй ажил гэсэн үг. Үүнээс гадна эх орноо санана, гэр бүлээ санана энэ нь л хэцүү байдаг гэж хэлж болох юм.
-Та стрессээ яаж тайлдаг вэ?
-Би аллергитэй учраас согтууруулах төрлийн зүйл хэрэглэдэггүй. НҮБын байгууллагын бас нэг сайн тал нь ажилчдынхаа стрессийг тайлах нөхцөлийг бүрдүүлчихсэн байдаг. Оффисдоо ч, амьдарч буй байрандаа ч фитнесийн өрөөнүүд гаргасан байдаг. Бидний амьдардаг байрны доор нуувч бий. Тэр өрөөг дээд зэргээр тохижуулчихсан. Номын сан, фитнес гээд л. Кабулд байдаг НҮБ-ын бүх байрыг дотроо усан сантай, дэлгүүрүүдтэй хотхон байдлаар шийдэж өгсөн байдаг. Би ихэвчлэн Кандагард байсан. Миний хувьд, стрессээ фитнес, дасгал хөдөлгөөн, дуу хөгжмөөр тайлдаг. Өмнө нь уртын дуу нэг их сонирхдоггүй байсан бол Афганистанд ажиллаж байхдаа анх уртын дуу сонсоод уртын дууныхаа сайхныг мэдэрсэн. Үнэхээр гоё. Түүнээс гадна дасгал хөдөлгөөн, бассейнд сэлэх, дуу хөгжим сонсох мөн иогоор хичээллэж бясалгал хийдэг. Бясалгал маш чухал. Үүнийг хийж байхдаа Монголдоо байна гэж төсөөлөх их сайхан байдаг.
-Пуужингаас хамгаалагдсан машин гэхээр яг ямар машин байдаг юм бэ?
-Би хаалгыг нь ч онгойлгож чаддаггүй юм /инээв/. Арай гэж хаалгаа онгойлгоно заримдаа жолоочоороо онгойлгуулна. Пуужингаар хамгаалагдсан гэдэг нь бөмбөгдөлтөнд тэсвэртэй төмрөөр тоноглож хуягласан гэсэн үг л дээ. Тодруулбал, бөмбөгдөөд эвдэрлээ гэхэд хүн нь амьд үлдэнэ. Түүнээс гадна зөндөө дүрмүүд байдаг. Хэрвээ машинтай үүргээ гүйцэтгэж байхад Талибанчууд зогсоох юм бол тайван байдлыг сахих хэрэгтэй. Машиныхаа цонхыг онгойлгож болохгүй. Маш жижигхэн онгойлгоод бичиг баримтаа тайвнаар өгнө. Хэрвээ тэр буутай хүн ууртайгаар бичиг баримтаа гэдэг ч юм уу, эсвэл хашгирах юм бол урдаас нь уурлаж болохгүй, айж болохгүй. Тэд ямар ч байдалтай байж болно. Согтуу ч байж болно, хар тамхи хэрэглэсэн ч байж болно, эсвэл угаасаа л тийм харгис орчинд өссөн тиймэрхүү характертай байж болно. Тийм зүйлд уян хатан хандах, тайван байдлыг сахих дүрмүүд байдаг. Магадгүй машинтай явж байхад газарт булчихсан минажүүлсэн талбай тааралдах ч үе бий. Гэхдээ бидэнд зааж өгдөг, мөн маш сайн шалгадаг. Ихэвчлэн шалгасан замаар л явдаг. Замд шархадсан хүн тааралдвал тусламж үзүүлэх ёстой гэх мэтчилэн зөндөө дүрмүүдийг ажилдаа мөрддөг. Өөрөөр хэлбэл маш олон төрлийн дүрмүүдийг дагах хэрэгтэй болдог учир энэ нь хүнд маш их стрессийг авчирдаг.
МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ЗОРИГТОЙ, ЗОРИЛГОТОЙ, АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ ХҮМҮҮС
-НҮБ-д тантай адил дайны нөхцөл байдалтай орнуудад ажилладаг монгол хүн олон байдаг уу?
-Миний ажиллаж байсан НҮБ-ын Хүүхдийн сангийн оффис НьюЙоркт байрладаг. Түүнээс гадна Женевт төв оффис, мөн бусад газарт бүсийн оффисууд байдаг. Миний сонссоноор Нью-Йоркт ч, Женевт ч байдаг юм билээ. Бусад орнуудад ч мэр сэр бий. Миний хамгийн их хүндэлдэг НҮБ-ын Хүүхдийн санд ажилладаг Оюунсайхан гэдэг эмч бүсгүй бий. Одоо Хойд Солонгост суурин төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Тэр бүсгүй өмнө нь Афганистан, Тажикстанд суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан юм билээ. Ер нь НҮБ-д ажилладаг монголчууд олон биш. Над шиг хөгжил буурай, дайны нөхцөл байдалд ажилладаг эмч нар хоёр, гуравхан байдаг гэж сонссон юм байна.
-Тэдэнтэй тааралдаж байсан уу?
-Үгүй ээ, тааралдаж байгаагүй. Гэхдээ Женевээс ирсэн, бүсийн төвөөс ирсэн, Манилагаас ирсэн хүмүүстэй хамтарч ажиллах үед "Монгол хүн үү? Сэлэнгэ гэж бүсгүйтэй хамтарч ажиллаж байсан" гэх мэтчилэн зүйлүүд сонсож байсан л даа. НьюЙоркт Жавхлан гэдэг хүн ажилладаг талаар сонссон. Нэг сонирхолтой зүйлийг хэлэхэд, ингээд олон улс орнуудаар ажиллаж байхад олон янзын улсын сайн дурын ажилтнуудтай их таарна, хамтарч ажиллана. Намайг Монгол гэж хэлэхээр энд тэнд таарсан Монгол хүмүүсийн тухай хэлдэг юм. Ингээд л яриаг нь сонсож байхад ихэвчлэн НҮБ-д ажиллаж байгаа монголчууд эмэгтэй хүмүүс байдгийг мэдсэн. Тэгэхээр манай Монгол эмэгтэйчүүд зоригтой, зорилготой, амьдралын төлөө тэмцдэг хүмүүс байдгийг олж харсан.
-Афганистанаас өөр орнуудад ажиллаж байсан түүхээсээ сонирхуулбал?
-Би Вьетнам, Тажикстан, Узбекистан, Казахстанд, мөн судалгааны ажлаар Филиппинд ажиллаж байсан. Эдгээр нь маш энгийн, сайхан хөгжлийн байдалтай улсууд шүү дээ. Тэнд ажиллахад их өөр. Одоо байгаа систем тогтолцоо нь бүгд энх цагийн байдалтай. Хамгийн сүүлд Бангладешт ажилласан. Бангладеш дайны гэхээсээ илүүтэйгээр Мьянмарын дүрвэгсэд маш ихээр очдог газар. Мьянмарын дүрвэгсэд завиар ч юм уу машинаар, зарим нь явган алхаад ирдэг. Өдөрт хэдэн зуу зуугаараа хил давдаг. Намайг тэнд очиход 500 гаруй мянган дүрвэгсэд байсан бол буцахад аль хэдийнээ сая гарсан байсан. Дүрвэгсдийн хуаранд ажиллахад яг л кинон дотор орчихсон юм шиг байдаг. Афганистанд бол хуаранд ажиллаж байгаагүй. Гэхдээ мэдээж хэрэг тосгонуудад очиж эрүүл ахуй, эрүүл мэндийн төвүүд дээр очиж ажлаа шалгадаг байсан л даа. Бангладеш бол яг өөрийн биеэр ажилласан дүрвэгсдийн анхны хуаран. Дүрвэгсдийн дийлэнх хувийг нь хүүхдүүд эзэлдэг. Тухайн үед миний хариуцаж байсан ажил бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дүрвэгсдэд хүргэх ажил байсан юм. Намайг байх хугацаанд хоёр гурван эмнэлэг баригдсан байсан. Зарим төвүүд нь майхан дотор, аль эсвэл явуулын эрүүл мэндийн төвүүдэд, бүр тодруулбал эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон машинууд дотор ажилладаг байлаа. Бид хүмүүсийг үнэгүй үзнэ, эмчилнэ, эм тараана, жирэмсэн эмэгтэйчүүд, нялх хүүхдүүдийг бүртгэх гэх мэт ажил хийдэг байсан. Жирэмсэн эхчүүдийг төрөх газарт хүргэж өгнө. Төрснийх нь дараа бас асарч хамгаалах гэх мэт үйл ажиллагаануудыг хийдэг. Үүнд зөвхөн Хүүхдийн сан төдийгүй НҮБ-ын бусад байгууллагууд, Олон улсын байгууллагууд, донор байгууллагууд бүгд нийлж нэг цогц болж ажилладаг. Энэ бол өдөр шөнөгүй, онцгой байдлын нөхцөлд ажилласан маш том ажил.
-Нэг улс руу хэдий хэр хугацаагаар явж ажилладаг вэ?
-Зөвлөхүүдийн хугацаа янз бүр байдаг. Долоо хоног, 14 хоног, гурван сар, зургаан сар, 11 сар, хоёр жил гээд. Би ихэвчлэн урт хугацааны томилолтоор ажилладаг байсан. Афганистанд бол зөвлөх биш НҮБын үндсэн ажилтнаар явсан юм. Намайг гэрээгээ сунгахыг санал болгосон л доо. Гэвч хүнд нөхцөлд удаан ажиллах нь хүний сэтгэцэд нөлөөлдөг учраас би татгалзсан. Ер нь ийм хүнд нөхцөлд хоёроос илүү жил ажиллахыг зөвлөдөггүй юм.
“ЖАРГАЛМААГИЙН ЧИНГИС ХААН ӨВӨӨГИЙН АЧААР ХЭЛЭЛЦЭЭРИЙН МӨСИЙГ ХАГАЛЖ, УУР АМЬСГАЛ НААШТАЙ ЭРГЭСЭНД БАЯРЛАЛАА” ГЭСЭН
-Талибанчуудтай хэлэлцээр хийхэд таны оруулсан хувь нэмэр их байсан тухай уншиж байсан. Энэ талаараа дэлгэрэнгүй ярьж болох уу?
-Кандагарт НҮБ-ын 7-8 оффис ажилладаг. Яагаад гэвэл Кандагар Афганистан дотроо Талибанчуудын дийлэнх нь амьдардаг газар юм. Манайхаар бол Ховд аймаг буюу баруун бүсийн аймаг гэсэн үг. Тухайн үед Афганистан улсын 60 хувь нь төрийнхөө засаг захиргаанд байдаг, үлдсэн 40 хувь нь Талибанчуудын мэдэлд харьяалагддаг байсан. Тэгэхээр Талибанчууд Кандагарыг бүхэлд нь мэддэг байсан гэсэн үг л дээ. Тэнд эх хүүхдийн эндэгдэл, нас баралтын тоо, нярай хүүхдийн эндэгдэл маш их. Ингээд НҮБын төвөөс биднийг Кандагар орчмын 250 мянган өрхийг вакцинжуулалтад хамруулах үүрэг өгсөн. Хэрвээ энэ хавийн өрхийг вакцинжуулалтад хамруулах юм бол эх, хүүхдийн халдварт өвчин тусах магадлал буурах байлаа. Тэднийг хамруулахын тулд бид зайлшгүй Талибанчуудаас зөвшөөрөл авах шаардлага гарсан. Ингээд НҮБын байгууллагын төлөөллүүд хамтдаа нэг баг болоод Талибанчуудтай уулзаж хэлэлцээр хийхээр болсон юм. Манай багийг төлөөлж Кандагарын оффисын ахлагч Канад бүсгүй ажиллах ёстой байсан боловч амралтаа авсан байлаа. Тиймээс би гадаадын төлөөлөгч учраас түүнийг орлож тэрхүү хэлэлцээрт оролцох болсон л доо. Энэ хэлэлцээрт НҮБ-ын бусад байгууллагуудын ахлагч болох таван хүнтэй нэг баг болж хамтран ажилласан юм. Тус хэлэлцээр нь төлөвлөгдсөн уулзалт байсан болохоор орохоосоо өмнө бүгд ярилцсан. Ер нь эрүүл мэндийн иймэрхүү хэлэлцээр тохиролцох боломж өндөр байдаг. За ингээд бүгд маргааш 10 цагт Талибанчуудын засгийн газар руу манайхаар бол засаг даргын тамгын газар руу орох болсон юм. Би хувьдаа бодсон, Талибанчууд гэхээр л хүйтэн төрхтэй, догшин харцтай, сахал самбаа болсон хүмүүстэй уулзах байх гэсэн эмээлт байсан. /инээв/.
-Гэтэл тийм биш байжээ дээ?
-Талибанчуудын тамгын газар руу орох гэж бид маш их шалгалтыг давсан. Их барцадтай зам байсан л даа. Тэдний хамгаалалт маш өндөр, бүрэн техникжсэн байдаг юм билээ. Урьдчилан хүмүүсийн нэрийг өгсөн байсан учир бид үнэмлэхээ үзүүлээд нэгжлэгт орсон. За тэгээд уулзалтын танхимд ортол маш гоё. "1001 шөнийн үлгэр" дээр гардаг олбог, алтан саан торгон дэртэй их чамин танхим байсан юм. Кандагар, Кабул бол маш сайхан хотууд шүү дээ. Урьдаас бэлтгэсэн танхим дотор суудал бүр дээр бидний нэрийг тавьчихсан. Биднийг анхнаас нь нэвтрүүлэхдээ нэг ч утасгүй, камергүй, үзэггүй, цаасгүй, зургийн аппаратгүй оруулсан юм. Яагаад гэвэл өмнө нь зургийн аппараттай ороод тэндээ буудалцаж байсан тохиолдол байдаг юм билээ. Ингээд хүлээж байтал биднийг "Та нар босно уу, тэд орж ирж байна" гэсэн. Яг тэр үед бараг зэрэг түгшсэн. Тэгтэл маш царайлаг таван залуу орж ирсэн. Маш залуухан хүмүүс байсанд нь бид их гайхсан, бас бага зэрэг тайвширсан. Би тэгэхэд хүний дүр төрх юу ч тохиолдсон чухал юм байна гэдгийг ойлгосон.
-Та нартай яаж мэндэлсэн бэ?
-"Сайн байцгаана уу, тавтай морил" гээд л нэг их гоё Арабын таван ханхүү гэмээр цав цагаан царайтай, нүд хөмсөг болсон, мөн цагаан хувцастай, тэр хувцсан дээр нь нэг ширхэг ч хялгас, бүр нугалаас ч байхгүй цэмцгэр залуус. Би цагаан халаадыг хүртэл тэгэж өмссөн эмч хараагүй шүү дээ. Талибанчуудын нэг давуу тал нь маш өндөр боловсролтой хүмүүс байдаг. Яагаад гэхээр тэд чинь санхүүжилттэй, баян хүмүүс. Тиймээс хүүхдүүдээ олон улс руу явуулж алдартай их сургууль төгсгөдөг. Тэд шууд англиар яриад, "За та бүхэн герман, испани, франц, итали, оросоор ч ярьж болно" гэсэн. Бид уулзалтынхаа гол асуудал руу орох үүднээс биднийг ахалж буй америк хүн зорилгоо танилцуулаад, ийм шалтгаанаас үүдэн энэ уулзалтын хүсэлтийг тавьсан гээд ярьж байтал надаас "Чи Япон уу аль эсвэл Хятад уу" гэж асуусан. Би хариуд нь “Үгүй, би Монгол" гэсэн. Тэгтэл нүд нь гэрэлтээд л "Тийм үү, чи тэгвэл Чингис хааны охин уу?" гээд л уулга алдсан. Тэгэхэд л би Чингис хаан хичнээн олон жил болсон ч бидэнд үргэлж ивээлээ өгөх юм гэж бодож байлаа. Миний сайнд биш шүү дээ, Би Чингис хааны удам биш, Монгол биш байсан бол тэд намайг тоохгүй. Миний сэтгэл маш их хөдөлсөн. Тэр дунд сууж байсан хүмүүсийн хоёр нь Чингис хааныг чин сэтгэлээсээ шүтэн биширдэг хүмүүс байсан. Тэд Чингис хааны талаар бүх ном зохиолыг англи, орос хэл дээр уншсан байсан. Бид Буддаг яаж шүтдэг билээ, яг түүн шиг тэд Чингис хааныг өөрсдийн баатар болгосон байсан. Надаас маш их зүйл асууж, чи үүнийг мэдэх үү, түүнийг мэдэх үү гээд л. Гэвч би тэр бүгдийг сайн мэдэхгүй байсан. Сүүлд нь би тэдгээр номуудыг олж аваад уншиж үзлээ. Бараг арваад зохиол нь Английн зохиолчийн бичсэнээр байдаг юм билээ. Тэр залуус бүгдийг нь уншсан байсан шүү. Лалын шашинтнуудын Коран судар гэж байдаг шүү дээ. Гэтэл Чингис хааны тухай бичсэн "Монголын нууц товчоо"-г тэд өөрсдийн Коран судраа болгосон нь маш сонин тохиолдол. Тэрийг л ерөөсөө байнга уншдаг. Тэр тэрний хүүхэд, энэ тэрнийх гээд нэг бүрчлэн мэддэг. Би "тийм ээ" л гээд суугаад байсан ч нарийн сайн мэдэхгүй байлаа. Кандагарт байрладаг хад асга болсон нэгэн уулан дээр Чингис хаан болон Чингис хааны хүү дипломат уулзалт хийж байсан тухай хэлээд, намайг тэр уул руу очиж үзээрэй гэж санал болгосон. Тэрийг хүртэл мэдэж байсан гэхээр маш сонирхолтой санагдсан шүү. Та тэр уулан дээр очив уу? Үгүй ээ. Бид тэр уулзалтаас гараад удалгүй оффис руугаа явсан. Уулзалт ид дундаа орж сүүлдээ уулзалтын уур амьсгал маш халуун дулаан болж ирсэн л дээ. Зөвхөн Чингис хааны талаарх яриа уулзалтын 30 гаруй минутыг эзэлсэн.
-Хэлэлцээр нааштай шийдэгдэхэд Их хаантан маань их тус болжээ?
-Тийм. Чингис хааны талаарх яриа их удаан үргэлжилсний дараа манай ахлагч “Бид уулзалтынхаа зорилгыг мартлаа шүү дээ” гэж байж гол асуудал руугаа орсон. Бид ихэвчлэн нотолгоотой баримттай нөлөөлөл хийдэг. Хэлэлцээр гэдэг нь нөлөөлөх, ухуулах гэсэн утгатай үг. За ингээд газрын зураг үзүүлээд энэ хавийн 250 мянган айлын хүүхдийг вакцинд хамруулбал хүүхдийн нас баралт, эндэгдэл ингэж буурна. Тэгэхээр ядаж энэ хэсгийн хүүхдүүдийг оруулахыг бид хүсч байна. Бид Афганистаны засгийн газартай тохиролцсон, одоо та бүгдийн зөвшөөрлийг асууж байна гэж дипломат маягаар ярилцаж эхэлсэн. Тэгтэл хариуд нь “Бид боломжтой гэж үзэж байна. Удахгүй албан ёсоор бичгээ хүргүүлнэ” гэсэн. Уулзалтын төгсгөлд “Чингис хааны охин баяртай” гэж байсан шүү.
-Ямар сайхан юм бэ?
-Талибанчуудыг бага зэрэг Монгол цустай гэж хэлж болохоор, тиймдээ ч тэр юм уу биднийг үүд хүртэл гаргаж өгөхдөө хэлж байсан юм. “Монгол хүмүүстэй ярилцахаар цаанаасаа л их элгэмсэг юм. Би олон Азиудтай ярилцаж байсан. Оюутан цаг үедээ ч олон Ази найзтай байсан. Монгол хүн өөр юм байна” гэж байлаа. “Хэлэлцээр сайхан боллоо. Зөвшилцөлд хүрсэндээ бид маш их баяртай байна” гээд бид явцгаасан. Энэ хэлэлцээрийн дараа манай ахлагч маш их баярласан. Яагаад гэвэл түүний үзүүлэлт өндөр байх учраас тэр. Хэлэлцээрийн дараа бид вакцинаторуудаа бэлдээд аюулгүй байдлыг хангаад явуулъя гээд л ярьсан. Хамт хэлэлцээрт орсон ахлагч маань “Жаргалмаагийн Чингис хаан өвөөгийн ачаар энэхүү хэлэлцээрийн мөсийг хагалж уур амьсгал нааштай эргэсэн. Жаргалмаадаа баярлалаа” гэж байлаа.
-Энэ яг хэзээ болсон үйл явдал вэ?
-Энэ үйл явдал есөн жилийн өмнө болж байсан. Иймэрхүү үйл ажиллагаануудыг гурван жил нууцын зэрэглэлд байлгадаг юм. Саяхан би нэг удаа жиргээгээр “Тэгэж ярих юм бол би “Талибанд хэлэлцээр хийж явсан шүү” гээд жиргэсэн юм л даа. Тэрийг зарим сэтгүүлчид олж хараад надтай холбогдсон. Би үүнийгээ маш их буян хийсэн гэж боддог. 250 мянган айл өрхийн сая гаруй хүүхэд гэсэн үг. Үнэхээр л Чингис хааны ачаар сая гаруй хүүхдийн вакцины асуудал шийдэгдсэн. Энэ бол маш том буян. Би өөрөө гардаж хийгээгүй ч оролцож явсан гэдэг үүднээсээ бахархдаг юм.
-Дайны нөхцөл байдалд үзүүлэх яаралтай тусламж энгийн аж амьдралтай орныхоос ямар ялгаатай вэ?
-Нөхцөл байдал нь өөр улсууд учраас мэдээж дайны буюу онцгой байдлын үеийн тусламж өөр. Энэ нь голдуу анхан шатны тусламж руугаа ордог. Тодруулж хэлбэл явуулын аль эсвэл эрүүл мэндийн постуудаар дамжуулж эрүүл мэндийн тусламж явагддаг юм. Яг онцгой байдлын үе дэх зохион байгуулалт нь өөр. Яаралтай тусламж үзүүлэхдээ илүү олон гэр, майхан, машинаар гэх мэтийн явуулын хээрийн эмнэлгүүд, хээрийн постууд, эсвэл жижиг эрүүл мэндийн цэгүүд маягаар зохион байгуулагддаг юм.
БИ ҮҮНИЙГ ОЛОН ХҮНД ХЭЛЭХИЙГ ХҮСДЭГ БАЙСАН, ЭНЭ АСУУЛТЫГ АСУУСАНД БАЯРЛАЛАА
-НҮБ-ын эрүүл мэндийн үйл ажиллагааны хамгийн гол онцлог нь юу вэ?
-НҮБ-ын хувьд эрүүл мэндийн төрөлжсөн байгууллага нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн үйл ажиллагаа, бодлого, стратеги, зорилго зорилтоо нотолгоонд суурилсан шинжлэх ухаанч зөвлөмж, удирдамж, техникийн туслалцаагаар дамжуулан үзүүлдэг юм. Үүнийг тухайн орон өөрийн улс орны нөхцөл байдал хөрсөн дээр тохируулж өөрчлөлт оруулан гаргадаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь маш том судалгааны багууд болон Харвард, Оксфорд болон бусад нийгмийн эрүүл мэндийн сургууль, олон улсын эрдэмтэдтэй хамтран ажилладаг. Тэдний хийсэн нарийн судалгаан дээр үндэслэн бүх өвчний эмчилгээний стандарт, эмнэлгийн техник технологийн стандартыг бодлогын менежмент, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, судалгаа нотолгоогоор дамжуулан улс орнуудад зөвлөдөг байгууллага.
-Тухайн ажиллаж байгаа улс үндэстэн бүрийнхээ онцлогт тохируулан эрүүл мэндийн зөвлөмж, тусламж, үйлчилгээг үзүүлдэг гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав. Өөр шашинтай, өөр эрүүл мэндийн хандлагатай улс орнуудад өөр өөр аргаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, эрүүл мэндийн боловсрол, хандлага, зан байдлыг нь өөрчлөхөөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөмжөө чиглүүлж ажиллаж байгаа. Ер нь хүн өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх нь илүү зардал багатай. Өвдсөн хойноо хүн зовохоос гадна тэр гэр бүлийн гишүүд, айл өрх эдийн засгийн хувьд хохирохоос гадна улсад ч зардал ихтэй байдаг юм. Эмнэлэгт эрүүл мэнд нь муудаад очих, түүнээсээ урьдчилан сэргийлэх хоёр чинь харьцуулшгүй өөр зардалтай. Тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага урьдчилан сэргийлэх, анхан шатны тусламж үйлчилгээ рүү ихэнх үйл ажиллагаа, бодлого, стратегиа чиглүүлэх үүрэг өгч байгаа юм. Нийгмийн эрүүл мэндийн тусгай салбар нь урьдчилан сэргийлэх, хүн ардын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ийм л хоёр гол зорилготой. Ер нь бол хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд зөв зан үйлд дадуулах, эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийх гараа угаах, шүдээ угаах гэх мэт ийм энгийн зүйлүүд наад захын боловсрол болдог. Энэ хандлагыг зөв болгохын тулд улс орнуудын шашин, зан заншил, уламжлал соёл, итгэл үнэмшлээс болж өөр хандлага үүснэ. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ бүх онцлогт нь тулгуурлаад эрүүл мэндийн боловсролын үйл ажиллагааг явуулахыг зөвлөдөг юм. Жишээлбэл, Монгол хүнд “Ууланд хог бүү хая” гээд бичих юм бол сэтгэлд нь хүрэхгүй. Хэрэв “Ууланд хог хаях юм бол та есөн үеэрээ зовно” гэвэл итгэл үнэмшил, зан заншилд нь нөлөөлнө. Тухайлбал, Монгол Улсын бичиг үсэг тайлалт 98 хувьтай, Афганистанд бичиг үсэг тайлалт 23 хувь байдаг. Манайд “Та эрүүл мэнддээ анхаараарай” гээд зурагт хуудас өгөхөд ихэнх нь уншаад ойлгоно. Гэтэл Афганистанд зургаар л тайлбарлана. Эс тэгвэл бичиг үсэг мэдэхгүй болохоор ойлгохгүй. Тийм учраас маш их ялгаатай. Бас нэгэн жишээ дурдахад, гахайн хавдар хүндрэхээрээ эрэгтэй хүүхдийг үргүйдэлд хүргэдэг. Тэгэхээр “Гахайн хавдрын вакцинаа хийлгэхгүй бол хүү чинь үргүйдэлд хүрч танай удам тасарна” гэх юм бол аав нь санаа зовоод хүүхэддээ вакциныг нь хийлгэнэ гэх мэт. Яг тухайн орны онцлог зан үйл, соёл уламжлал, итгэл үнэмшилд нь тохирсон эрүүл мэндийн мессежүүдийг хүргэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага чухалчилдаг. Би үүнийг олон хүнд хэлэхийг хүсдэг байсан юм. Энэ асуултыг асуусанд баярлалаа.
-Монголын эрүүл мэндийн салбарын үйлчилгээ ямар түвшинд байгаа бол, хүндээ хүрч ажиллаж чадаж байна уу?
-Би гадаадад ажиллаж байхдаа Монголын эрүүл мэндийн салбарт болж буй зүйлийг мэдэж сонсож, мэдээлэл авахыг хичээдэг байсан. Зарим мэдээлэл их бүрхэг байдаг. Жиргээгээр ч юм уу фэйсбүүкээр өөрийнхөө үзэл бодлыг хааяа нэг бичдэг юм. Миний бодлоор, Монголын эрүүл мэндийн салбар муу биш. Харин ч гурван шатлалын, хүртээмжтэй боломжийн системтэй шүү дээ. Гэхдээ орчин үед хүн амын өвчлөлд өөрчлөлт гарч, эрүүл мэндийн салбарын чиг хандлага ч өөрчлөгдөж байна. Шинэ технологийн эрин үе ирж, эрүүл мэндийн технологи маш их шинэчлэгдэж байна. Тэр байтугай хиймэл оюун ухаан чинь тархитай холбоотой болж өөрчлөгдөж байна. Генийн салбар өндөр түвшинд хүрч үүдэл эсийн нээлтүүдээр маш олон өвчнийг анагаах судалгаа хийгдэж байна. Яг үнэндээ манайх судалгааны чиглэлээр их хол хаягдчихсан байгаа харагддаг. Манай магистр, доктор хамгаалж байгаа хүмүүс хамгаалсан сэдвээ ажил хэрэг болгох судалгаанууд хийхгүй байна. Зарим нь зүгээр л нэг ёс төдий хамгаалж байгаа нь нууц биш.
-Таны бодлоор, бид ямар чиглэлд илүү их анхаарах ёстой вэ?
-Би хувьдаа таван чиглэлийг онцгойлон авч үзээсэй гэж боддог юм. Нэгдүгээрт, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ буюу хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх. Хоёрдугаарт, Эмнэлгийн тусламж үйлчилгээгээ хүмүүст хүртээмжтэй, оочер дараалал багатай, чирэгдэлгүй, үр дүнтэй хүргэж айл гэрийг эдийн засгийн хямралд оруулахгүйгээр үйлчилгээ үзүүлэхэд анхаарах цаг болжээ. Гуравдугаарт, Эрүүл мэндийн технологийн шинэчлэл, цахим эрүүл мэндийн технологийн судалгаанууд их чухал байна. Дөрөвдүгээрт, Анагаахын мэргэжлийн хүний нөөцийн асуудлыг анхаарч үзмээр байна. Монголд маш олон эмч бэлдэж байгаа ч мэргэжлийн хүмүүсийг зөв байршуулах асуудал дутмаг байна. Эмч нарынхаа мэдлэг мэргэжлийг байнга дээшлүүлж, тэднийг орчин үеийн технологид тулгуурлан чадавхижуулмаар байна. Эмч, сувилагч, эх баригч нараа тасралтгүй сургаж баймаар байна. Тавдугаарт, Эрүүл мэндийн байгууллагуудын зохистой санхүүжилтийн асуудал их чухал. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг зөв зохицуулж хуваарилалтыг нь оновчтой хийснээр хүмүүсийн эрүүл мэнд сайжирч, үйлчилгээ нь хүртээмжтэй бөгөөд чанартай болно гэж боддог. Товчхондоо ийм л байна.
-Танд эрүүл мэндийн салбартаа хийхээр төлөвлөсөн ажил бий биз дээ?
-Одоогоор би төрд хамааралтай хуулийн этгээд биш шүү дээ. Гэхдээ өөрийн энэ санааг ажил хэрэг болгох юмсан гэсэн бодол бий. Би УИХ-ын гишүүд, эрүүл мэндийн салбарын удирдах албаны хүмүүстэй уулзаж санал бодлоо солилцдог. Өөрийн саналыг эрүүл мэндийн бодлого боловсруулагчдад хэлэхээс гадна ард иргэдэд энгийн ойлгомжтой үгээр зөвлөгөөнүүдийг хүргэдэг. Миний зорилго бол цаашдаа Монголын эрүүл мэндийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах. Тийм боломж гарах байх гэж найдаж явдаг. Үнэндээ Эрүүл мэндийн яаманд мэргэжилтнээр очиж, өөрийн санал бодлоо бодлогод тусгуулж байж л өөрчлөлт шинэчлэлтийг хийхэд оролцох боломжтой. Одоо бол албан бусаар л өөрийн санал бодлыг хэлж ард түмэнд хүргэхийг хичээж байна.
-Ер нь хүн амын эрүүл мэндийг сайжруулахын тулд бид юу хийх ёстой юм бэ?
-Хүн амын эрүүл мэндийг сайжруулна гэдэг бол тариа хийгээд эмнэлэгт хэвтүүлэх асуудал биш. Нэн тэргүүнд хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь хамгийн чухал юм. Мэдээж хэрэг, хүмүүс эрүүл мэнддээ анхаарч фитнест явдаг, спортоор хичээллэдэг, ууланд аялдаг, витамин уудаг. Цэвэр агаар амьсгалъя гэсэн хүмүүс нэг үеэ бодвол олон болсон ч нийт хүн амд эзлэх хувь нь бага байна. Нийт хүн амын эрүүл мэнддээ анхаардаг хандлагыг өөрчилье гэвэл бодлогын шинэчлэлтийг л хийх ёстой. Жишээлбэл, Улаанбаатар хотод өглөө бүр гүйх зориулалтын цэцэрлэгт хүрээлэн олон байх хэрэгтэй байна. Монгол Улс урт өвөлтэй учраас монголчуудын 90 хувь нь Д Витамины дутагдалд орсон байгааг Харвардын доктор Ганмаагийн хийсэн судалгааны үр дүн харуулж байна. Тиймээс хүн амын эрүүл мэндийг сайжруулах гол арга бол эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэх явдал юм.
-Олон улсын байгууллагад ажиллах хүсэлтэй залуус олон байдаг байх. Тиймээс та тэдгээр залуучуудад зориулан зөвлөөч.
-Дэлхийн хэмжээнд ажиллана гэвэл зөвхөн НҮБ ч биш өөр бусад олон улсын байгууллагууд олон байдаг. Залуу хүн ажил амьдралаа, зорилгоо зөвхөн Монгол улсаар төсөөлж болохгүй. Би хувьдаа маш том зорилготой амбицтай байхыг зөвшөөрдөг. Хүн 100 сая доллар хүсэх юм бол ядаж талыг нь олдог гэдэг юм. Маш том мөрөөдөлтэй бай. Зөвхөн Монголоор амьдралаа төсөөлөх хэрэггүй. Хүний олдсон амьдрал богино. Энэ олдсон амьдралаа маш сонирхолтойгоор өнгөрөө. НҮБ-д ажиллахад бас улс орны тэнцвэрийг хардаг л даа. Жишээ нь энэтхэгүүд ч юм уу англиар ярьдаг улс орны хүмүүс маш их байдаг. Үнэхээр чадвартай, ярилцлагаа сайн өгөөд, бичгийн шалгалтаа сайн өгөх юм бол Монголыг нь сонгоно. Яагаад гэхээр монголчууд цөөхөн учраас. Гэхдээ үнэхээр сайн байх хэрэгтэй л дээ. Дэлхийн хэмжээнд зарлаж байгаа учраас дэлхийгээс анкет өгч байгаа шүү дээ. Олон улсын байгууллагад ажиллахад маш их боломж нээгдэнэ, олон улс орнууд үзнэ. Мөн тодорхой хэмжээгээр чиний хийсэн ажлыг хангалттай үнэлнэ.
ЗАЛУУ ХҮН АЖИЛ АМЬДРАЛАА, ЗОРИЛГОО ЗӨВХӨН МОНГОЛ УЛСААР ТӨСӨӨЛЖ БОЛОХГҮЙ
-НҮБ-д орохыг хүссэн хүн хамгийн түрүүнд ямар шалгуур хангасан байх шаардлагатай вэ?
-Хэрэв энэ байгууллагад орохыг хүсэж байвал маш том зорилгыг дэс дараалалтай тавих хэрэгтэй. Нэн тэргүүнд хэлэх зүйл бол хэлний мэдлэгээ сайжруул. НҮБын үндсэн зургаан хэл байдаг юм. Тэр дундаас заавал ч үгүй хоёрыг нь мэдэх шаардлагатай. Би Орост сургуульд сурсан учраас орос хэлтэй, үүн дээр нэмж англи хэл сурсан. Тиймээс залуучууд маань одооноос англи, эсвэл франц хэлийг сурах хэрэгтэй. Ялангуяа франц хэл маш их хэрэглэгддэг. Африкт ажиллая гэвэл франц хэл сурах хэрэгтэй. Испани хэл сурвал Өмнөд Америкд ажиллах боломжтой. Залуу нас бол сурахад зориулагдсан нас. Хэл суръя гэвэл их олон боломж нээлттэй байна, youtube, podcast гэх зүйлээр ч сурах боломж байна. Англи хэл гадарладаг бол англи хэл дээр мэргэжлийнхээ зүйлийг сурч судла. Өдөрт нэг хуудас зүйл гараараа бич. Хүн гараараа юм бичихээр маш сайн тогтоогддог. Би хэл сурахдаа маш их юм гараараа бичдэг байсан. Түүнээс гадна мэргэжлийнхээ үг хэллэгийг сурах, НҮБ-ын веб сайт дээр мэргэжлийн хурал хэлэлцээр байнга явагддаг бүр live-аар. Өдөртөө ядаж нэг хурлыг үзэх хэрэгтэй. Ердөө интернэтээр л үзнэ шүү дээ. Эсвэл гудамжинд, автобусанд ч юм уу хаа байгаа газраа чөлөөт цагаараа дуу сонсож байхын оронд англи хэлний хичээл сонсоод явах боломжтой. Ер нь академик талын хичээлээ сонгож сурах хэрэгтэй. Нэгдүгээрт хэлээ сайн сурах хэрэгтэй. Хоёрдугаарт мэргэжлээ сайн судлах хэрэгтэй. Мэргэжлийнхээ өндөр түвшний хүмүүсийг твиттер дээр дагах хэрэгтэй. НҮБ-ын маш олон байгууллагууд байдаг юм. Хар тамхитай тэмцэх байгууллага хүртэл байдаг. Тэнд маш их ажлын байрууд зарлагддаг. Нуулгүй хэлэхэд НҮБ-д ажиллаж байгаа тохиолдолд амьдралын баталгаа маш сайн. Мөн нэг зүйл байна. НҮБ-д ажилладаг боллоо гэхэд НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдийнх нь сургалтын зардлыг даадаг. Олон улсын байгууллагад ажиллаж байгаа хүний хүүхэд нь дагаад хөгждөг юм. Үр дүн өгөх юу ч байсан зоригтой туршиж үзэх хэрэгтэй. “Сайныг дагавал сарны гэрэл” гэж би залуучууддаа хэлмээр байна. НҮБ-д ажиллахад нэг гол чухал зүйл нь маш чин шударга байх ёстой, мэдээллээ хуваалцдаг байх ёстой.
-Та хамгийн сүүлд Бангладешд ажилласан гэсэн үү?
-Тийм ээ. Тэнд шумууланд хазуулж хумхаа тусаад ирсэн. Би гэхдээ их азтай, хамгийн гайгүй хэлбэрийг туссан учир бөөр, элгэнд өөрчлөлт өгөөгүй. Одоо эдгэсэн байгаа. Хумхаа өвчний гол эх үүсвэр шумуулаар дамждаг. Шумуул хазаад вирусийг бүх биеэр тараачихдаг юм. Тэр нь удаандаа үржээд эд эрхтнүүдийг гэмтээж хорхой шиг иддэг гэсэн үг. Энэ нь яаж илрэх вэ гэхээр, маш өндөр халуурна. Би 40 хүртэл халуурч бүр дэмийрсэн шүү дээ. Намайг Мьянмарт байрлах НҮБ-ын клиник рүү шилжүүлээд, тэнд би долоо хоносон. Долоо хоногийн дараа халуун буугаад тэндээс би Сингапур явсан юм. НҮБ бүх даатгалыг төлдөг учир эмчилгээнд ямар ч асуудал гараагүй.
-Тан шиг НҮБ-д ажиллаж байгаа хүмүүст гэр бүлийн асуудлаа зохицуулахад амаргүй байдаг байх даа?
-Тийм ээ. Би одоо бол найз залуутай. Анхныхаа нөхрөөс салсан. Гэхдээ олон улсын байгууллагад ажилласнаас болж салаагүй, удаан хол байсан тул салсан юм. Манай нөхөр Англид сурдаг би хүүхэдтэйгээ араас нь очих гээд хоёр ч удаа виз хөөцөлдөөд гараагүй юмдаг. Нэг л сонин цаанаасаа болж өгөөгүй юм. НҮБын ажлаар явж байгаад олон улсын байгууллагад ажилладаг Австри залуутай танилцаж байсан юм. Тухайн үедээ бид хоёр сүй тавихаар төлөвлөж байсан ч онгоцны ослоор нас барсан юм. Одоо бол Монгол найз залуутай.
-Таны ажил, амьдрал маш сонирхолтой санагдаж байна?
-Би Афганистанд нэг жил ажиллаж ирээд Монголд ажилд орох гэж оролдсон юм. Үүний дараа Вьетнамд хоёр жилийн зөвлөхийн ажлаа дуусгаад ирээд Эрүүл мэндийн яаманд орох гэж үзсэн ч би тэнцээгүй. Үүнээс би хоёр л зүйл ойлгосон. Монголд ажилд орохын тулд нэгдүгээрт мөнгөтэй, хоёрдугаарт танил талтай байх ёстой юм байна. Би үнэндээ мөнгө төлж ажилд ормооргүй байна. Миний гэрээ одоо хүртэл хүчинтэй байгаа.
-НҮБ-ын ажлаас шантарч байсан удаа бий юу?
-Байсан. Байгаагүй гэж худлаа хэлэхгүй ээ. Тухайн улсын уур амьсгалаас болоод өвдөх тохиолдол гарахад шантарч байсан үе бий. Намайг Кандагарт байхад нэг шөнөжин буудалцаж байсан юм. Тэгэхэд л надад “Энд дахиж ирээд хэрэггүй юм байна даа” гэсэн бодол төрж байсан. Гэхдээ үүнийг би шантрах гэж хэлэхгүй ээ. Байршлаа солих талаар бодож үзэж байсан юм.
-Таны очсон улс орнуудаас хамгийн гүн сэтгэлд үлдсэн улс нь хаанах вэ?
Сүүлийн үед аялал жуучлалд дуртай хүмүүс тав тухтай, гял цал болсон зүйлийг сонирхохоо болиод илүү сонирхолтой, адал явдалтай, өөр амьдралын хэв маягтай, байгаль орчинтой, өөр уламжлалтай улс орнуудад очихыг эрмэлздэг болсон байна. Илүү өндөр хөгжилтэй соёлтой улсын аялагч хүмүүс Ази, Африк руу аялснаа сонирхолтой гэж боддог юм. Магадгүй урлагийн сайхан бүтээлүүд, шинжлэх ухааны музейнүүд, техник технологийн шинэчлэлүүдийг харахыг хүсэх юм бол өндөр хөгжсөн орнууд руу явна л даа. Гэхдээ хүмүүс яг одоо юу сонирхож байна гэдгээс л хамаарч байна. Миний хувьд соёл зан заншил ойролцоо учраас ч тэр юм уу, монгол хоол элбэгтэй болохоор ч тэр юм уу Казахстанд байхад амар байсан. Казахстанд ажиллаж байхад тэндээ үлдмээр, үргэлжлүүлээд ажилламаар ч юм шиг санагдаж байсан.
-Үнэхээр кинон дээр гардаг шиг л амьдрал юм?
-Хамгийн гол нь НҮБ гэдэг их айлын нэгэн гишүүн болсноороо би маш их бахархдаг. Биднийг хүмүүс хүндэлнэ, олон хүнтэй уулзана. Би Нобелийн шагналтай хүнтэй, Холливудын од Леонардо Ди Каприотой ч уулзаж байлаа. НҮБ-д ажиллах маш сонирхолтой.
-Танд баярлалаа.
ЯРИЛЦСАН: Б.АМИРДАА
"ЗИНДАА" СЭТГҮҮЛ ДУГААР 09/509
Сэтгэгдэл ( 40 )