Макро эдийн засгийн байдлыг илтгэх үзүүлэлтүүд ямар байгааг Төв банкны Судалгаа, статистикийн хэлтсийн мэдээлэлд тулгуурлан хүргэе. Тус хэлтсийн захирал Б.Батсүрэн хэлэхдээ “Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр түвшинд 2018 оны эцэст 6.9 хувьд, 2019 оны эхний улирлын байдлаар 8.6 хувьд хүрсэн. Энэ өсөлтөд нийлүүлэлт талаас уул уурхай, боловсруулах, үйлчилгээ, эрчим хүчний салбар голлох эерэг нөлөөг үзүүлсэн, харин эрэлт талаас зах зээлд оролцогчдын итгэл сайжирснаар хэрэглээ, хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь голчлон нөлөөлсөн. Эдийн засгийн өсөлтийн эерэг үр дагавар өнгөрсөн онуудтай харьцуулахад дундаж цалингийн өсөлт, зээлийн эргэн төлөлтийн хэмжээ нэмэгдэж байгаа нь харагдаж байна. ҮСХ-ноос гаргасан өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүнгээс харахад өрхийн дундаж нийт мөнгөн орлого 2019 оны нэгдүгээр улиралд 1.147.5 мянган төгрөг, үүнээс цалингийн орлого 10.5 хувиар тэлж 615.34 мянган төгрөгт хүрчээ. Эдийн засгийн үйл ажиллагааны үндсэн салбаруудын хувьд дундаж цалин 729.9-2.825.1 мянган төгрөгийн интервалд байна. Боловсрол, эрүүл мэнд, барилга, төрийн захиргаа, уул уурхай, ХАА, худалдаа, боловсруулах салбарын цалин 10.8-22.7 хувиар өссөн байна.
Эдийн засгийн өсөлт, идэвхжил нэмэгдэхийн хэрээр иргэдийн хэрэглээ, бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын санхүүжилт өмнөх жилүүдээс өсч байна. Банкны салбараас олгосон нийт зээл 2019 оны тавдугаар сарын байдлаар 20 хувиар өсч 17.8 их наяд төгрөгт хүрчээ. Үүний 60 хувь нь бизнесийн зээл, үлдсэн нь иргэдийн ипотек, цалин, тэтгэвэр гэх мэт хэрэглээний зээл байна.
Энэ оны тавдугаар сарын байдлаар үйл ажиллагаа явуулж буй банкуудаас нийт олгосон зээлийн есөн хувь нь чанаргүй зээлд ангилагдсан нь өмнөх оны үеэс хоёр нэгж хувиар нэмэгдсэн байна. Аж ахуйн нэгж, байгууллагын чанаргүй зээл 16.2 хувьтай байна. Харин иргэдийн зээлийн чанар сүүлийн хоёр жил орчмын хугацаанд харьцангуй тогтвортой буюу хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 3.1 хувиас, чанаргүй зээл 3.8 хувиас бага байна. Зээлийн хүү (тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү (ЖДХ)) 2012 оноос хойших хамгийн доод түвшиндээ буюу 16.9 хувьд 2018 оны эцэст хүрсэн. 2019 оны 5 дугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 1.4 нэгж хувиар буурч 17.3 хувь байна. Иргэдийн зээлийн үлдэгдэлд жигнэж тооцсон хүү 18.6, гадаад валютаар олгосон зээлийн хүү 12.7, хувийн байгууллагад олгосон зээлийн ЖДХ 15.6, гадаад валютын зээлийн ЖДХ 10.6 хувь байна” гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )