“Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем”-ийн үр ашгийг дээшлүүлэх арга зам, боломжууд” эрдэм шинжилгээний хурал дээр шийдвэрлэх боломжтой асуудлуудыг хэлэлцлээ.
Тус эрчим хүчний салбар нь Завхан, Говь-Алтай аймгийн 44 сум суурин газрын 22000 иргэнийг эрчим хүчээр ханган ажиллаж байна. “Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем” нь Монгол улсын эрчим хүчний системээс санхүүжилт авдаг. Дизелийн үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг учраас асар өндөр өртөгтэй. Энэ өртгийг Тайширын усан цахилгаан станц буюу сэргээгдэх эх үүсвэрүүдээрээ нөхөж ажиллаж байна. Санхүүгийн боломж муу байгаа ч гэсэн аль болох эх үүсвэрүүдийн техник технологийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа талаар хурлын үеэр танилцууллаа. Цаашид энэ хурлаас гарсан хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, үүний дагуу ажиллах болно гэдгийг холбогдох албаныхан мэдэгдлээ.
“Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем”-д эх үүсвэрийн дутагдал гардаг
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд оролцсон “Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем ТӨХК”-ийн гүйцэтгэх захирал А.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.
-“Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем”-д гардаг шийдвэрлэх ёстой асуудлууд бий юу?
- “Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем”-д эх үүсвэрийн дутагдал гардаг. Үүнээс гарах нэг арга зам нь Говь-Алтай аймагт байгаа нүүрсний нөөцөд тулгуурлан эрчим хүчний үйлдвэрлэл явуулах боломжтой. Энэ нь ирээдүйг харсан хамгийн зөв бодлого болно.
-Эрчим хүчний системийн цаашдын гол зорилго юу руу чиглэж байгаа вэ?
-Мэдээж хамгийн зөв зохистой эрчим хүчийг үйлдвэрлэж, орчин үеийн дэвшилтэт техник технологид суурилсан байдлаар хэрэглэгчдэд тасралтгүй найдвартай хүргэхэд оршино.
-“Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем”-ийн үйл ажиллагааг дээшлүүлэхийн тулд хэр хэмжээний мөнгө төсөвлөгдсөн бэ?
-2018-2020 оны хувьд Эрчим Хүчний яам болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем”-ийн хүрээнд хийх томоохон хөрөнгө оруулалтын ажлууд үргэлжилж байна. Үүний нэг нь Говь-Алтай аймгийн Тайшир сумаас Алтай хот, Есөнбулаг сумыг холбох 35 Квт агаарын шугамыг 110 Квт болгож өргөтгөх ажил юм. Мөн цахилгаан дамжуулах агаарын шугамд холбогдоогүй байгаа сум сууринг холбох, хоёр аймгийн хэмжээний сумын төвүүдийг 0,4 шугамын шинэчлэлийн ажлууд хийгдэж байна. Эдгээр ажлуудын хүрээнд сүүлийн хоёр жилд нийтдээ улсын төсвөөс 15 орчим тэрбум төгрөгийн ажил хийгдээд явагдаж байгаа.
-Монгол улсын эрчим хүчний тариф Азид хамгийн хямд байна. Энэ нь эрчим хүчний өрсөлдөх чадварт нөлөөлөх үү?
-Чөлөөт өрсөлдөөний зах зээлд энэ үнэ өртөг бол мэдээж нөлөөлж таарна. Гэвч Эрчим Хүчний яам салбарын бодлого хувьд хэрэглэгчдэд хамгийн хямд тарифаар үйлчлэх бодлогыг барьж байгаа. Тухайлбал “Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем” нь улсын төсвөөс санхүүжилт авдаг, алдагтай ажилладаг хэдий ч хэрэглэгчдийн шаардлагыг хангах зорилгоор хамгийн бага тарифтай цахилгаан эрчим хүчийг нийлүүлдэг онцлогтой.
-Тогтвортой хөгжлийн зорилго 2020, 2030 хэрхэн хэрэгжүүлж байгаа вэ?
-Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал энэ бодлогыг хэрэгжүүлэх талаар эрчим хүчний салбарын дунд шатны бодлого зорилтууд тодорхойлогдсон байдаг. Энэ бодлогын хүрээнд “Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем” өөрсдийн хэтийн бодлого хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Үүний нэг хэлбэр нь арван жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем”-ийн үр ашгийг дээшлүүлэх, бодлогыг тодорхойлох энэ арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
-Алтай-Улиастайн эрчим хүчийг Улаанбаатар хот руу холбох боломжтой юу?
-Цахилгаан дамжуулах агаарын шугамаар Улаанбаатар хот руу холбох боломж ирээдүйд бий.
-Эрчим хүчийг ашиглан агаарын бохирдлыг бууруулах боломж бий юу?
-“Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем”-ийн хувьд өвөрмөц горимоор үйл ажиллагаагаа явуулдаг. Системийн эх үүсвэрүүдийн дийлэнх нь сэргээгдэх буюу ногоон эрчим хүчийг ашиглаж үйлдвэрлэлээ явуулдаг. Энэ талаараа ч агаарын бохирдлыг бууруулах тал дээр хувь нэмрээ оруулсан. Агаарын бохирдлыг бууруулах шөнийн тарифыг тэглэх арга хэмжээ орон нутагт тодорхой хэмжээгээр хэрэгжээд явж байна.
С.НАМХАЙ
Сэтгэгдэл ( 1 )
✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл: