Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Сангийн сайд З.Мэндсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “10 аймгийн дулааны станц” төсөл хэрэгжих боломжгүй болсон тухай мэдэгдлээ. Ингэснээр найман жилийн өмнө эхэлсэн энэ төсөл хэрэгжих боломжгүй болжээ.
Том зургаар: Одоогоос найман жилийн өмнө 2018 онд Сангийн яам, БНСУ-ын Эксим банк хооронд хөнгөлөлттэй зээл олгох анхны гэрээг байгуулснаар “10 аймгийн дулааны станц” төслийн суурь тавигдаж байлаа. Улмаар 2019 онд Төлсийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж, олон улсын нэлттэй тендерийг зарласан. Хоёр жилийн дараа буюу 2021 оны арванхоёрдугаар сард сонгон шалгаруулалт эцэслэж, ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан Инженеринг” компани шалгарч албан ёсны гэрээ байгуулжээ. Улмаар таван сарын дараа 2022 оны тавдугаар сард Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгуудаас эхлэн станцуудын барилга угсралтын ажлын шав тавих ёслолууд хийгдэж, бодит бүтээн байгуулалт албан ёсоор гараанаас гарсан тухай мэдээлж байлаа.
Гацсан шалтгаан: Дараах 10 аймагт Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн төвд 23-35 МВт-ын хүчин чадалтай дулааны станц барих энэ төсөл 2026 онд дуусах ёстой байв. Гэвч гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Бьюксан Инженеринг” компани 2025 онд дампуурлаа зарласантай холботойгоор барилга угсралтын ажил зогссон. Улмаар Эрчим хүчний яамны мэдээлснээр 2026 онд 47-49% байсан. Гүйцэтгэгчээ сонгон шалгаруулж чадаагүй Архангайг уг төслөөс хасаж тооцсон.
Одоо: Нэгэнт гүйцэтгэх боломжгүй болсон тул гадаадын хөнгөлөлттэй зээлийн гэрээг цуцалж, цаашил сунжруулахгүйн тулд төслийн үлдэгдэл санхүүжилтийг улсын төсөвт суулган, Оюутолгойн ногдол ашгийн эх үүсвэрээр шийдвэрлэхээр төлөвлөжээ. Үлдсэн 9 аймгийн дулааны станцын барилгыг үргэлжлүүлэх нийт өртөг 508.6 тэрбум төгрөг бөгөөд 2027 оны төсөвт эхний ээлжинд 152-191 тэрбум төгрөгийг тусгаад байв. Улмаар Оюутолгойн ногдол ашгаас 350 тэрбум төгрөгийг шийдвэрлэх зэргээр дотоод эх үүсвэрээс босгохоор төлөвлөж байсан ч ийнхүү төсөл хэрэгжих боломжгүй болсныг Сангийн сайд З.Мэндсайхан хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )