Манай төр тэгээд үүрүүлж л сурсан даа. Өмнөх нийгэмд ч үүрүүлж байлаа. Одоо ч бас үүрүүлсээр. Төсөв хүндэрлээ гэж татвар төлөгчдөө гөвнө. Иргэдээ бодлоо гэх нэрээр зээлийн “крант”-ыг нь хаана. Тог байхгүй ээ гээд цахилгааныг нь тасална. Дайн дажин гээд шатахуун импортлогчдоо гөвнө. Гөвөхгүй юм, үүрүүлэхгүй ачаа гэж алга. Одоо байтлаа эрчим хүчний бодлогогүй "сулдаа ганхан жороолж явсан" манай төр цахилгааны үнийг нэмнэ гэнэ. Тасалдаг мөртөө л үнээ нэмнэ. Гэхдээ иргэдэд дарамтгүйгээр. Дарамтгүйгээр нэмнэ гэдгийг мөхөс би бус Ерөнхий сайд Н.Учрал өөрийнхөө амаар хэлсэн юм шүү.
Өрхийн орлого нь бүс нутгаасаа гурав дахин, дэлхийн дунджаас арав дахин бага манайх шиг улсад иргэдэд дарамтгүйгээр үнэ нэмэгдэнэ гэж байдаггүй юм.
Өрхийн орлого нь бүс нутгаасаа гурав дахин, дэлхийн дунджаас арав дахин бага манайх шиг улсад иргэдэд дарамтгүйгээр үнэ нэмэгдэнэ гэж байдаггүй юм. Яахав манайхан л инфляц, үнийн өсөлтөд алгадуулаад “сурчихсан” болохоос. Тэгээд үнэнтэйгээ нүүр тулчихаад одоо үнийн өсөлтийг өрхийн хаалгаар оруулахгүй гэж "шааж" байгаа. Авчиг үнийн өсөлт нь хаалгаар ороод зогсохгүй, өрх гэрийг нь бүрхчихээд байна. Өнөөдөр үнэ нэмэхгүй ч маргааш нэмнэ. Нэмэхдээ өм цөм нэмнэ. Тэр үед инфляц хорь руу дөхөөд талийж байна. Төгрөг гэдэг цаас болоход сайд нар нь ихихгүй төсөв тоноод, пээдийнэ. Одоо нэг бараан баримт дуулгая. Ирэх өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний хэрэглээ 1950 МВт хүрч, чадлын дутагдалд орох эрсдэлтэй байна. Тиймийн учир таван аймагт нарны станц, батарей хуримтлуурыг богино хугацаанд ашиглалтад оруулахаар Засгийн газар мэдэгдсэн. Хэдийгээр хөрөнгө оруулагчид эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхол их байдаг ч төр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, биелүүлэх нь эргэлзээтэй, тодорхойгүй байдаг нь ихэнх хөрөнгө оруулагчдыг энэ салбараас үргээдэг юм.
Эрчим хүчний салбарт сүүлийн таван жилд улсын төсвөөс 743.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Ердөө таван жилийн өмнө 2021 онд эрчим хүчний салбарт төсвийн хөрөнгө оруулалт 38 тэрбум төгрөг байсныг харвал хамаагүй өссөн үзүүлэлт. Сүүлийн 8-9 жилийн хугацаанд гаднын зээл тусламжаар олгосон төсөв 1.5 их наяд төгрөгт хүрсэн.
Орлого багатай ч амбиц нь дэндсэн төртэй Монгол Улс 30 жил эрчим хүчний шинэчлэл гэж ярьсан. Ардчиллын төлөө тэмцэж асан С.Зориг гишүүн болчхоод байхад л албан тасалгаанд нь тог тасардаг байлаа. Одоо ч ялгаагүй. Гэхдээ ямба нь дэндсэн төрийн ордонд тог тасрахгүй л дээ. 90-ээд оноос өөрчлөгдсөн ялгаа гэвэл энэ. Сайд болгон Эрчим хүчний салбар чухал салбарын нэг гэж аман бувтнадаг. Шинэ сайд болгон томилогдоод удаагүй байхдаа цахилгаан станцуудтай танилцдаг юм. Танилцсаар 30 жил болсон. “Алсын хараа: Хорь тавь” гэсэн даажин дунд ч эрчим хүчний шинэчлэл гэсэн хоосон лоозон бий. Н.Учрал ч дөрөвдүгээр цахилгаан станцтай танилцсан. Танилцаад хэцүү гэдгийг нь мэдсэн. Мэдэхдээ үнэ нэмэхээс аргагүй гэж хэлсэн. Магадгүй өмнөх Ерөнхий сайд нараас ялгаатай нь үнэ нэмнэ, гэхдээ дарамтгүйгээр гэж хэлсэн нь л байлаа. “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн удирдлагууд бодит байдлаа учирласан. Нэг киловатт цахилгааныг 83 төгрөгөөр үйлдвэрлэж, 117 төгрөгөөр, харин нэг гигакалори дулааныг 40.800 төгрөгөөр үйлдвэрлэж, 4,283 төгрөгөөр борлуулдаг байна. 2025 онд тус байгууллага цахилгаан эрчим хүчнээс 151.7 тэрбум төгрөгийн ашиг олж, харин дулааны эрчим хүчнээс 183.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээлээ гэдгээ ч хэлсэн. Бодит байдал ийм байхад л Н.Учрал сайд “Эрчим хүчний салбарыг үе шаттайгаар шинэчилж, 2026-2028 онд хуримтлагдсан өрийг үе шаттай барагдуулж, 2029 оноос салбарыг улсын төсвийн татаасгүй болгоно “ гэв ээ. Цаг хугацааны интервалыг нь хараад байгаарай. 2026-2028 он бол сонгуулийн циклийн жил. Хоёр жилд нь өр барагдуулсан болж, сонгуулийн шоугаа хийж аваад, 2029 оноос засаг, заяа хоёртоо найд гээд үлдээх л улс төрийн башир арга харагдаад байгаа юм.
Эрчим хүчний салбарт сүүлийн таван жилд улсын төсвөөс 743.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Бас болоогүй сүүлийн 8-9 жилийн хугацаанд гаднын зээл тусламжаар олгосон төсөв 1.5 их наяд төгрөг.
Одоо хэдүүлээ бодит тоо ярьцгаая. Г.Занданшатарын хэлдгээр тоо худлаа хэлдэггүй. Эрчим хүчний салбарт сүүлийн таван жилд улсын төсвөөс 743.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Ердөө таван жилийн өмнө 2021 онд эрчим хүчний салбарт төсвийн хөрөнгө оруулалт 38 тэрбум төгрөг байсныг харвал өссөн байгаа биз. Бас болоогүй сүүлийн 8-9 жилийн хугацаанд гаднын зээл тусламжаар олгосон төсөв 1.5 их наяд төгрөг. Тийм ээ та буруу сонсоогүй. Арав хүрэхгүй жилийн дотор гаднынхан ийм хэмжээний мөнгө өгсөн. Гэхдээ байна аа, манайхан эндээ бодлогогүй учраас алдагдал нь бараг нэг их наяд төгрөг болжээ.
Хөрөнгө оруулалт татсан мөртөө л бодлогогүй яваад байсан улс даа. Бодлогогүй дарга ангийн шатлан дэвших дамжлага бааз нь ч эрчим хүчний салбар байсаар ирсэн. Шатлан дэвших дамжлага бааз дээр одоо ХҮНий хүн Б.Найдалаа ирсэн. Одоо бидэнд Б.Найдалаад найдаж болох уу гэдэг асуулт гарч ирнэ. Асуултын учир нь найдаж болохгүйд л байгаа юм. Чухам яагаад гэвэл эрчим хүчний салбарын хууль, эрх зүйн баримт бичгийг шинэчлэх шаардлагатай. Уг нь 2015 онд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого” гэгчийг УИХ-ын 63-р тогтоолоор баталж байлаа. Хэрэгжилтийн хугацаа нь 2015-2030 оныг хүртэл хамраад “Эрчим хүчний найдвартай, тогтвортой хангамжийг хангах, эрчим хүч экспортлогч орон болох нөхцөл бүрдүүлэх” зорилготой баталж байв. Нэгэнт хэрэгжихээсээ өнгөрсөн учраас энэ баримт одоо хүчингүй болчихсон.
Түүнчлэн шат дараалсан олон зөвшөөрөл, журмыг болиод, чөлөөт өрсөлдөөний зах зээл рүү шилжих шаардлага зайлшгүй тулгарлаа. Ердөө ганц жишээ дурдъя. Тухайн аж ахуйн нэгж өөрийн цахилгааны хэрэглээх хангах жижиг станц барих газрын зөвшөөрөл авахад зургаан сар, бичиг баримт бүрдүүлэх процесс 1.5 жил, станцаар асуудлаа шийдэх хүртэл 2.5 жил зарцуулдаг аж. Эрчим хүчний салбарыг Төрийн өмчид гэхээс илүүтэй хувийн хэвшлүүдэд, бүр болохгүй 40/60 хувиар нь хуваагаад төр хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах ёстой. Үнийг нэмэхээс илүүтэй бодлогоор нь, углуургаар нь харж чадвал энэ салбар богино хугацаанд сэргэх нигууртай.
Эрчим хүчний үнийг иргэдэд дарамтгүйгээр нэмэгдүүлнэ гэдэг нь “Наран дээр шөнө бууна” гэснээс өөрцгүй.
Бас нэг бараан мэдээ бий. ОХУ-аас авдаг эрчим хүч энэ жил буурч магадгүй. Учир юу хэмээвээс Украины дрон ОХУ-ыг чиглэх болсон. Энэ өвөл Украин эрчим хүчний байгууламжийг онилж, дрон нисгэхээ зарласан. Хэрэв тэгвэл ОХУ-аас нийлүүлдэг эрчим хүч тасалдаж болзошгүй. Хэрэв тасалдаад эхэлбэл "байн байсаар бүх дэлхийг бүрхээд гагцхүү нар л хэвээр үлдэнэ". Тэр цагт хүниий хүн, өөрийн хүн гэхгүй шилээ маажаад сууна. Тэр цагаас өмнө ядахдаа бид өдий, төдий эрчим хүчээр хангадаг болох хэрэгтэй. Болзошгүй хямралын дохиотой байгаа дэлхий дахинд хөгжиж буй гэх ангилалд орох манайх шиг улс инфляцын өсөлтөөс сэргийлэх бодлого баримталж, нийгмийн халамжийн зорилтот хөтөлбөр боловсруулах ёстой гэдгийг ОУВС зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд анхааруулсан. Махны үнийн өсөлт нь л инфляцад нөлөөлдөг Монгол Улсад шатахууны үнэ, дээрээс нь гурилын үнэ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдвэл гипр инфляц учрах нь зайлшгүй. Ингээд яахав, мандан бадрах мөрөөдлөөр хөмсөг зангидсан дарга ангийн хэлсэн үг хадны цуурай адил замхран одно. Тэр цагт мөрөөдлөө цуурайтуулсан дарга анги “одоо яг хөгжүүлнэ ээ” гээд л гараад ирнэ. Ачааг нь харин ард түмэн бид үүрнэ...
Сэтгэгдэл ( 1 )
МАН хан эрчим хүчийг хүн ээр дампууруулаад хувьчилж авах санаа өврөлжээ хүнийхэн энэ салбарт юу ч хийхгүй харин үнэ нэмээд хулгай хийгээд дампууруулана.