Засгийн газраас өргөн бариад буй 2027 оны төсвийн төсөлд эрчим хүчний салбарт 1.3 их наяд төгрөгийн санхүүжилтийг тусгажээ. Үүнээс нэг их наяд гаруй төгрөгийг хөрөнгө оруулалтын зардал эзэлж буй аж. Үүнийг өнгөрсөн хоёр жилийн батлагдсан төсөвтэй харьцуулахад эрчим хүчний салбарт зарцуулах төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ 4.5 дахин өссөн үзүүлэлт юм.
Эрчим хүчний салбарт ирэх онд нийт дөрвөн их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 79 төслийг улсын төсвийн хөрөнгө, гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Засгийн газар тус салбарт шинэ эх үүсвэр, тархмал сүлжээ, эрчим хүч хуримтлуур, цахилгаан тээврийн хэрэгсэл болон цэнэглэх дэд бүтцийг татварын бодлогоор дэмжинэ. Түүнчлэн эрчим хүчний шилжилтийг хэрэглэгч, хувийн хэвшлийн оролцоотой хурдасгах бодлого баримтална гэдгээ зарлаад байна.
Нөгөөтээгүүр дулааны 3 болон 4 дүгээр цахилгаан станцыг өргөтгөх, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эрчимжүүлэхээс гадна дулааны 5 дугаар цахилгаан станц болон 6 дугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангахаар болжээ. Түүнчлэн БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байсан 10 аймгийн төвийн дулааны станцын төслийг улсын төсвийн хөрөнгөөр үргэлжлүүлж дуусгахаар зорьж байна.

Сэтгэгдэл ( 1 )
солонгос мэдээгээр хятад өмнөд азийн орнууд руу аялсан хэдэн мянган хүн сураггүй болж эргэж ирээгүй олон жил болжээ. хятад өмнөд азид хүний наймаа эрхэлдэг олон мафи байдаг тэндээс хэдэн мафи дамжиж худалдагдаж явж байгаад оргож зугатсан хятад нийтэд мэдэгдсэн шүү . өмнөд ази руу битгий яваарай сурталчилгаа хийгээд байгаа юмнууд өөрсдөө баригдаад зодуулаад реклам хийгээд байгаашүү