УИХ-ын гишүүд энэ сарын 10 хүртэл хуралдана

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 01

Монгол Улсын Үндсэн хууль оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлөөс хаврын ээлжит чуулганы хугацааг сунгах шийдвэр гаргасан байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “Чуулганы хугацааг сунгах тухай” захирамж гаргажээ. Захирамжид “УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацааг долоодугаар сарын 10-ны өдрийг хүртэл сунгахаар заасан байна. Мөн захирамжийн хоёрдугаар заалтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг хоорондын хугацаанд иргэдийг мэдээллээр хангаж, танилцуулга хийх, иргэдээс гаргасан саналыг нэгтгэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэхийг гишүүдэд даалгасан байна.

Түүнчлэн УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлөөс УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дарааллыг баталжээ. Хэлэлцэх асуудлын дарааллаас харахад УИХ-аар энэ долоо хоногт ганц асуудал буюу УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, даваа гарагт буюу өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдаж УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах хугацаандаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс ирүүлсэн зарим онцлох саналын талаар байр сууриа нэгтгэх юм. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-т “…Байнгын хороо, гишүүд олон нийтийн санал бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж, санал, дүгнэлтээ гаргана…” гэж заасны дагуу УИХ-ын гишүүд өөрийн сонгогдсон тойрогтоо ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулахдаа 222 сум, баг, хороонд ажиллаж, 31673 иргэний санал, бодлыг сонссон байна.

Харин мягмар, лхагва гарагуудад УИХ-ын холбогдох байнгын хороод хуралдаж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх бол пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top