ФОТО МЭДЭЭ: Сумын наадамд нэг давсан минь

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 05

10 жилийн л сурагч байсан юмдаг. Наадам гэхээр л хөөрч догдолдог дэврүүн бацаан явсан үе. Манай биеийн тамирын багшийг Ч.Одгэрэл гэдэг. Волейболынхоо хэдийг наадмын нэгийн даваанд шахчихав аа. Бидний гол зорилго нь барилдах биш наадмын волейболын тэмцээнд орох байлаа. Нэгийн даваа эхэллээ дээ. Манай хэд ч цолтой бөхчүүдтэй таараад эхнээсээ сэнсрээд сэнсрээд явчихлаа. Би ер нь хаа явсан газраа азтай, одтой явдаг юм. Миний учраа аймаг, сумын цол бүү хэл амь нь хаана байна гэмээр хотын гозгор банди. Сумын наадамд барилдаж үзэх гээд нэрээ бичүүлсэн шиг байгаа юм. Түүнийг хараад л би нэг давчихсан юм байна гэдэгт өөртөө бат итгэв. Наадмын зүлэг ногоон дэвжээн дээр их л сүрхий амьтан дэвэн дэвсээр гарч ирээд өнөө "муу"-тайгаа өрлөө дөө. Гонжийсон амьтныг хонгодох гэж үзлээ, байдаггүй дээ. Түүнээс хойш 10 минут өнөөх чинь "нохой"-тоод тойрч зугтаадаг юм. Нар шараад халуун гэж жигтэйхэн. Уур ч хүрч байна гэж найгүй. Дахин муур, хулгана боллоо. Хашир муурны зан гаргаж хашиж байгаад бариад авлаа. Баруун, зүүнгүй хутгах гэж хавирах гэж үзэв. Өнөөх ч хялайж байгаа бололтой. "Хэдхэн минут найзыгаа унагахгүй байчих л даа. Найз охиныхоо нутагт ирсэн юм. Аав, ээжтэй нь анх удаа наадам үзэж байгаа юм аа" энэ тэр гээд болж өгвөл унаад өгчих ухааны юм ярьж байна. Дургүй хүрэв. "Энэ муу манай нутгийн охиныг эргүүлж байгаа юм бол намайг давчихаад эргүүлээрэй" гэсэн шүү юм бодоод барьж аваад тонгорчихлоо. Миний ташаа сайхан орсныг ч хэлэх үү, мань хүний үс сэгсийж ирээд ёг хийтэл газардав. Тэрүүхэн хавьд ганц нэг хүн алга ташиж байна. "Сайхан тонгороо боллоо" хэмээн өөр зуураа ярих нь надад сонгогдов. Омогшин омойтно гэж юүхэв түрүүлсэн бөх аятай дэвж явснаа санадаг юм. Үүнтэй зэрэгцэн манай багийнхан тоглолт эхлэх гэж байгааг сануулан дуудлаа. Давсан бөх боорцгоо авч үзэгчид рүү цацдаг юм байгаа биз дээ. Дахин дахин боорцог авч хүн бүрт өгмөөр санагдана. 


Тоглолт дуусаад нэг давсан бөх чинь барилдах гээд ирлээ. Санаа нь дахиад нэг давчих бодолтой. Хоёрын даваанд хэнтэй таарсан нь бүү мэд. Нэр дуудаад гарч ирэхгүй байсан болохоор чамайг хассан гэж байна. Шар хөдөлж байна гэж жигтэйхэн. "Би нэг давсан юм чинь хэнтэй ч хамаагүй барилдмаар байна" гэлээ. Хөлийн цэц гайхан харж байснаа "Энэ хүүг Хүдэр рүү явуул. Цаадахын чинь учраа бас алга" гэлээ. Хүдэр гэдэг нь мань мэтийн давах хүн биш. Сум орон нутагтаа олон жил барилдаж, сумын наадмын хэд хэдэн түрүү хүртчихсэн сумын заан лут амьтан. 


2001 оны Улсын баяр наадмын тавын даваан Завханы Тосонцэнгэлийн одоогийн улсын харцага Шүхэртийн Уламбаярыг аймгийн арслан цолтой байхад нь тавын даваанд тунахдаа гайхалтай уран өмсөж улсын начин болсон Шагдарын Зоригт ахын дүү. Хүдэр заантай өрлөө дөө. Аль болох удаан барилдахыг бодож эхэллээ. Өнөө хотын гозгор шиг л юм болж байхгүй юу. Аль болох барьц өгөхгүйг хичээж тойрч зугтах маягтай. Баруун гараагаа бараг толгой тархи доргитол шилдэж байна. Зөрүүлээд шилдэх гэсэн биш баруун гараа бахинд хавчуулах мэт базуулав. Ганц баруун гартай ноцолдож байх зуур юу болсон нь бүү мэд тэр дор нь намайг хонгодож хаячихаад дэвээд явчихлаа. Хамаг бие хөлөрсөн байсныг ч хэлэх үү Хүдэр зааны гарын атгалтын лагийг ч хэлэх үү. Бугуй хавиараа хорсох маягтай. Түрүүхэн нисэх нь л холгүй дэвж хүн болгонд боорцог тараах хүсэлтэй явсан амьтан чинь хий нь гарсан дугуй шиг болоод шалчийдаг юм байгаа биз дээ. Толгой өндийлгөх гэхээр хүн болгон унасныг минь харсан даа гэх бодол ээрнэ. Ичиж байсан ухаан нь тэр юм байгаа биз. 


Урам муутайхан амьтан эргэж явтал "Энхболдоо, давааны мөнгөө аваа" л гэж байна шүү. Гайхан хартал яалт ч үгүй намайг дуудаж байнаа. Яваад очтол гарын үсэг зуруулаад 3000 төгрөг өглөө. Мөнгөө аваад бөхийн талбайг орхин хамгийн түрүүнд тэр үедээ 500 төгрөгөөр зарагдаж байсан ВИТА АЛИМ ундаа авч ганцаараа уусан юм даг.

Э.Энхболд 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
;дашка ах нь(66.181.161.38) 2019 оны 07 сарын 05

уншууртай, хөөрхөн

0  |  0
Top