Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам сур харваа, хязаалан насны морьдын уралдаанаар эхлээд байна. Наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа бөгөөд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайржуулахыг анхаарууллаа.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас өгсөн мэдээллээр өнгөрсөн жилийн баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх, Сүхбаатарын талбай, Хүй долоо худагт бага насны 205 хүүхэд төөрснийг эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байдаг. Тиймээс цагдаагийн байгууллагаас хүүхэд төөрөх, аливаа эрсдэлээс сэргийлэх үүднээс жил бүрийн наадмаар Хүй долоо худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд Хүүхдийн түр хамгаалах байр ажиллауулдаг байна. Тус байр нь баяр наадмын үеэр хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эх, олон нийтэд сэрэмжлүүлэг өгч, бага насны хүүхдүүдэд аюулгүйн бугуйвч зүүж өгөх үйлчилгээг үзүүлж байна. Ингэснээр хүүхэд төөрсөн тохиолдолд цагдаагийн албан хаагчид аюулгүйн бугуйвч дээр бичсэн мэдээллээр дамжуулж эцэг, эх асран хамгаалагчид хүлээлгэн өгөх боломжтой аж.
Энэ жилийн хувьд ямар зохион байгуулалттай ажиллаж байгаа талаар Нийслэлийн цагдаагийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Энэ жилийн баяр наадмаар гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалган шийдвэрлэх, иргэдэд туслах зорилгоор 24 цагийн гурван пост, мөрдөн шалгах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүлгийг Төв цэнгэлдэх, Хүй долоо худгийн орчимд ажиллуулж байна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг орчмын 24 байршлын гадна орчныг камерын хяналтад авч, иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон замын хамгаалалтын ажлыг Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байна” хэмээн мэдээлэл өглөө.
Дахин сануулахад, хүүхэд төөрсөн тохиолдолд хамгийн ойр байгаа цагдаагийн албан хаагчид мэдэгдэн, цагдаагийн байгууллагын 102, хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсаар холбогдож мэдээлж иргэнийхээ үүргийг биелүүлэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )