Монголчуудын түүх, соёл, өв уламжлалын илэрхийлэл болсон дэлгэсэн тэрлэг шиг тал нутгийн дэнж хотойлгосон монгол наадам хаяанд ирлээ. Жилийн жилд дараагийн наадмаа хүлээж догдолдог наадмын тухай яруу найрагчид хэрхэн урласан байдгийг уншигч танаа хүргэж байна.
Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сормууниршийн ДАШДООРОВ
ХОЙТОН ЖИЛИЙН НААДАМ
Хоног өдөр улиран
Хорогдсоор л байна, гэвч
Хойтон жилийн наадам
Хол байна даа! Хол байна!
Аав тэр өдөр намайг
Аль морио уна гэх бол?
Эжий тэгэхэд ямар дээл
Эвхээсийг нь задлан өмс гэх бол?
Наадмын гурван хоногт
Унасан морь маань гундасхийвч
Нарны нь халуун илчинд
Гоёлын дээл маань гандасхийвч
Хамгийн түрүүнд наадмаас
Харьж ирэх сайхан.
Багачууд дүү нараа шуугиулан
Баярын чихэр түгээх сайхан.
Дэнж дэвсэг дээр цоллуулж
Хэний морьд айрагдсаныг
Дэвжээ талбай дээр шоволзож
Хэний хүү түрүүлснийг
Хамгийн түрүүнд наадмаас
Харьж ирээд ярих ч бас сайхан.
Настан нялхас ялгаагүй тэдэнд
Наадмын сонин дуулгах бүр ч сайхан.
Хоног өдөр улиран
Хорогдсоор л байна, гэвч
Хойтон жилийн наадам
Хол байна даа! Хол байна!
Зүүн голын Эгиймаа найз минь
Тэр өдөр ирдэг болов уу, яадаг бол?
Зүс нийлсэн мориор гоёё гэвэл
Тэр ер нь зөвшөөрдөг болов уу, яадаг бол?
Наадам хүртэл баяртай гэж
Найрсгаар тэр минь инээсэн юм сан.
Хойтон болтол баяртай гэж
Хонгор тэр минь хэлсэн юм сан.
Болзсон өдөр түргэхэн шиг
Болоосой гэж яарах юм.
Хонгор түүнээ харах сан гэж
Хоног өнжин яарах юм.
Барианд очоогүй морьд, хойтон
Түрүүлж ч мэднэ.
Харахсан гэж яарнам
Барилдаад үзүүрлэсэн залуу, хойтон
Давж ч мэднэ.
Үзэхсэн гэж яарнам.
Цэнхэр дурдан алчуураа Эгиймаа
Цэцэглэж зангидаад л ирэх байхдаа.
Учрахсан гэж яарах юм.
Хацар дээрх хонхорхой нь барааны газраас
Хайр татам тодорно байх даа.
Уулзахсан гэж яарах юм.
Малчин хүний болзоо гэдэг
Магадгүй ийм л урт байдаг юм.
Урт тэр болзоо шигээ
Уйдашгүй сайхан хайр байдаг юм.
Хоног өдөр улиран
Хорогдсоор л байна, гэвч
Хойтон жилийн наадам
Хол байна даа. Хол байна!
***
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн ПҮРЭВДОРЖ
СУМЫН НААДАМ
Суусрын гүйдэлт салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу
Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугариг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасгаж бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадам ч дундаас инээв үү
Хайр гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хүний үртэй учруулав уу
Халуун дэрний хавьд бас л дахин зовоохоор
Хадамд очсон бэртэй хүнээс далдуур уулзуулав уу
Хүсэл гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хүүхэн ялдам хонгорын ангир цээжийг түшүүлэв үү
Хүний хүнтэй дасгаж бас л дахин зовоохоор
Хүрэн шандан тэрлэгний суман хормой шүргүүлэв үү
Учрал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Уруулын халуун амсраар зүрхний бал шимүүлэв үү
Уураг цээжний хагацалд бас л дахин зовоохоор
Улаан чулуун бэлзэг ядам хуруунд зүүлгэв үү
Борви нугалах хэвтэргүй борхон туулай хөөрхий
Богшрон жиргэх мөчиргүй болжмор шувуу хөөрхий
Больё гэвч болихгүй борхон зүрх минь хөөрхий
Болъё гэвч болохгүй богинохон заяа минь хөөрхий
***
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн ЛХАГВАСҮРЭН
ИЖИЙТЭЙГЭЭ ҮЗСЭН ТЭР ЖИЛИЙН НААДАМ
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам
Наадамчдын зулай дээр
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг
Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн
Дан эмжээртэй
Даалимбан дээлээс минь
Даавууны шинэхэн үнэр
Сэнгэнэх нь даанч сайхан.
Над шиг гоё хүнгүй
Тэр жилийн наадам
Нар хур тэнцсэн
Тэр жилийн наадам.
Долоогийн даваа
Нар хэвийлгэн шувтарч
Даага ирлээ! гэсэн шуугиан
Наадмын хөндийг дүүргэсэн сэн...
Тосон ирсэн хоёр тоос
Бичигтийн хөндийд томолдож
Тоос тоосны дундаас
Зургаан даага сугарсан сан...
Хошуу сүүл даран
Хоорондоо их ойрхон
Барианы газар
Бараа саахалтын хэртэй
Бэлчээрт хүрсэн нь л түрүүлнэ гэсэн аархал
Эмээл бүхэн дээр ноцож байхад
Бичигт хадны сүг зураг
Татвалзаж байх шиг санагдсан...
Хөтөлгөө гүүтэй өвгөн уяач хажууд байсныг
Хөөрч догдлохдоо би хараагүй байж...
Зөв талын дөрөөн сэнж хан хийлгэн
Жингэнэтэл үүрсэн хөтөлсөн гүү нь тэлүүлэв.
Зургаад явсан буурал даага
Зуузай даран янцгааснаа сүүл нь гозойж
Хаанаас гарсан ид шид нь энэ вэ гэлтэй
Хар хурдаараа яралзан барианд магнайлав.
Хөлсийг нь хусахын зав өгөлгүй
Хөхөө хөхөх гэж эх рүүгээ шунгав.
Эхийнхээ дууг сонссон
Эсгэл даага сум юм билээ.
Ингэдэг гэдгийг нь мэддэг
Хашир уяач нум юм билээ.
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам
***
Төрийн шагналт Нямбуугийн НЯМДОРЖ
БЯЦХАН ТОЛГОЙН НААДАМ
Би гэдэг нас арван наймтай ч
Бие сэтгэлээ барих эр тэвчээр султай
Өвгөн Бадамын Хандаа сэтгэл дунд уяатай
Өөрийн санаа гэвэл хамт наадамлахын хүслэнтэй
Бяцхан толгой наадам чилийсэн уртыг яана
Бардам бардам хөвгүүдээс Хандаагаа харамлаж
Уртхан цагаан Хурхын мойлтой бургасан дунд
Одод тонгойтол бидэн хоёр хайрандаа ивлэсэн
***
“Болор цом”-ын эзэн яруу найрагч Барнангийн ДОРЖПАЛАМ
ГОВЬ-УГТААЛЫН НААДАМ
Говь-Угтаалын наадам даамай гурван өдөртэй
Гоё исгэрээнд хөгжсөн гоомой хөнгөн салхитай
Гончигсүмийн оройд хэюүд боржигон сахиустай
Гол усандаа тодорсон хэдэн сайхан бөхтэй
Үсэг ланзан асар үүлэн бүүвэй суудалтай
Үйс лимбэн гийнгоо “Үлэмжийн чанар” эгшигтэй
Үйтэн хонгор морьтон үтэр жороо гүйдэлтэй
Үлэмжийн хурдан туурай нь үүлүү даалуу мөртэй
Үүнээс илүү бахадмаараа үеийн жаахан Бадмааяа
Үнэтэй алчуур авмаараа үзүүлж чадалгүй явмаараа
Үзэсгэлэн гоо чамдаа үгээ хэлчихээдзугтмаараа
Үйтэн хуар дээлтэй чинь үрээ мориндоо сундалмаараа
Сум сумын наадмаас манай сумын наадам
Сулинхээрийн хулан шандас дутах наадам
Сугын голын надтай суухгүй гэсэн Бадмаад
Суурин хотын гангачуул зориг дутсан наадам
Барьц ханасан аварга, Моотон заанаас эхлээд
Барнангийн хүүг хүртэл барилдуулж өнжсөн наадам
Бат идэр азарга Палам гуайн саарлаас эхлээд
Баян ходоодын даагыг цоллуулж өндөрлөсөн наадам
Говь-Угтаалын наадам хээ ланзан асартай
Гоё мөнгөн эмээл дээрээ хээнцэр ганган суудалтай
Гогцооруулан алдсан хэюүд боржигон дуутай
Гол усандаа тодорсон хэдэн сайхан хүүхэнтэй
Сураг сургийн дундаас нандин байдаг Бадмаа
Суурь суурь адуунаас наадамд унадаг халиун
Суваг сувгаар уснаас Сугын голын худаг
Сум сумын наадмаас манай сумын наадам
Айсуй наадмын сураг, чиний дугийн салхинаас сонсогдоно
***
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны ЭРДЭНЭ-ОЧИР
УЛААНБАДРАХЫН НААДАМ
Жилдээ хоёр болмоор
Улаанбадрахын наадам дээр
Сумандаа ганцхан тэр минь
Нөхөртэй болчихоод ирлээ
Үснийх нь сувдан даруулга
Эмээлийн ганзагатай ороолдож
Үйтэн хуар дээлд нь
Наран хөлбөрч харагдлаа
Үеийн жаахан хархүү
Заяаных нь гэж санагдаад
Үймж гуньсан би л
Наадам дунд ганцаардлаа
Ардын дууны нугалаанаас
Морьдын хөлс ханхалдагсан
Тэгэв үү, үгүй юу мэдсэнгүй
Аймгийн заан Дашдэндэв
Зүүний магнайд гардагсан
Ирсэн үү, үгүй юу харсангүй
Моринд хүндэдсэн хүү
Их нас тосож давхидаг сан
Хайхарсангүй
Монголын гурав хоног
Айраг залгилан өнждөгсөн
Анзаарсангүй
Сумандаа ганцхан тэр минь
Нөхөртэйгөө дөрөө харшуулаад
Сугарч үлдэх тоосоо
Надад орхиод явчихлаа
Жилдээ хоёр болмоор
Улаанбадрахын наадам дээр
Жирэмнийхээ сурыг тасартал
Олмоо чангалсаар үлдлээ
***
Яруу найрагч Д.Цэрэннадмид
СЭТГЭЛИЙН ХИЙМОРЬ
Ухаа торгон зодогны чинь мяндсан шаглааг
Ур хайраа нийтгэн хэний охин урлаа бол
Уулын дулаан нөмөр шиг энгэрийг чинь
Урьдын их заяагаар хэний охин түшнэ вэ
Ай миний онгод шившсэн үлгэрийн баатар
Ардын дууны домогт Юндэн гөөгөө
Жил жилийн наадмын хийморь
Жигүүр дэлгэх эр бор харцага
Хазайхад чинь хайраа ивэн тэгшилж
Хэлтийхэд чинь сэтгэл юүлэн аргадаж
Харьшгүй үнэний илчээр чамайг л гэсээр
Хүслийн энэ хорвоодоо уярч дуулж явна
Ай миний онгод шившсэн үлгэрийн баатар
Ардын дууны домогт Юндэн гөөгөө
Жил жилийн наадмын хийморь
Жигүүр дэлгэх эр бор харцага
Наадмын дэвжээнд тавын даваа элбэгхэн
Найрын дугараанд гурван түрлэг уужимхан
Нар халхлан дэвж тугаа тойрох
Нүд, сэтгэл баясгасан халхын сайхан эр минь
Ай миний онгод шившсэн үлгэрийн баатар
Ардын дууны домогт Юндэн гөөгөө
Жил жилийн наадмын хийморь
Жигүүр дэлгэх эр бор харцага
Сэтгэгдэл ( 6 )
Гайхалтай
Ш. Сүрэнжав, П.Бадарч, Ш. Гүрбазарын наадмын тухай шүлгүүд бий дээ.
Ш. Сүрэнжав, П.Бадарч, Ш. Гүрбазарын наадмын тухай шүлгүүд бий дээ.
Үнэхээр тансаг бна. Яруу найргийг сонсох уран зураг гэдэг...ТИЙМ Л байлаа.Баярллаа...
Гайхалтай сайхан танил шүлгүүд байна. Манай яруу найрагчид үнэхээр авьяастай шүү. Үнэхээр л ханасан бодол, бичих хүслээр буусан нь гайхалтай. Харин энэ гарчиг... Наадам гоёсон яруу найрагчдын шүлгүүд ... гэж баймаар санагдах юм. Сайхан шүлгүүдийг дахин нэг унших боломж олгосонд талархлаа.
ЯА ЯА ҮНЭХЭЭР ТАНСАГ