ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН БОСГОН ДЭЭР МОНГОЛ УЛС ДӨРВӨН “БААТАР”-ТАЙ БОЛЛОО
Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Төрийн дээд цол, одон, медалийг ажил үйлсээрээ манлайлагчдад гардуулсан юм. Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийг шинэ түвшинд гаргаж, үндэстний онцлог хэв маягийг шингээсэн, өөрийн өнгө аяс бүхий, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван сод, сонгодог бүтээлүүд туурвин дэлхийн болон Монголын хөгжмийн урлагийн сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Чингис хааны одонт, Төрийн шагналт Бямбасүрэнгийн Шарав, Төрийн хошой шагналт ардын жүжигчин Нацагийн Жанцанноров нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа. Мөн Монгол Улсад геодези, зураг зүйн салбарыг үүсгэн хөгжүүлэх болон тус салбарын дээд мэргэжлийн олон зуун мэргэжилтэн бэлтгэх үйлсэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын гавьяат барилгачин Баатарын Рагчаа, Монголын төмөр замын 70 жилийн ойг тохиолдуулан, төмөр замын аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулалтын хариуцлагатай ажилд олон жил үр бүтээлтэй ажилласан Нямын Ширнэндугар нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав.
* * *
ИХ УРЛАГТ 50 ЖИЛ ЗҮТГЭСНИЙ ҮР ШИМ ИРЖ БАЙНА
Хөдөлмөрийн баатар Б.ШАРАВ: Том баярын өдөр тохиож байна. Монголын үндэсний их урлагт хоёргүй сэтгэлээр 50 жил зүтгэсний маань үр шим над дээр болон манай урлагт ирж байна гэж бодож байна. Гэхдээ энэ бол ганцхан миний гавьяа биш. Надтай хамт ажилладаг манай нөхдийн, уран бүтээлчдийн бүгдийнх нь шагнал. Монголын минь ард түмний хийж бүтээсэн их урлаг, ард түмнийхээ амьдралыг тулгуурлан, тэрийгээ гол үзэл баримтлалаа болгосны маань ач буян намайг ивээлээ. Миний уран бүтээлийг үнэлж байдаг ард түмэндээ, үргэлж дэмжиж байдаг төр засагтаа үнэхээр их баярлаж байгаагаа хэлье. Энэ том шагнал бол хамтарч ажилладаг нөхдөд минь ирж байгаа хөдөлмөрийн минь үнэ цэн гэдгийг дахин хэлье. Монголын урлаг, хөгжмийн уран бүтээлийг улам өндөрт хөгжүүлж авч яваарай гэж хүсье.
* * *
МОНГОЛЫН ТӨР ХӨГЖМИЙН УРЛАГИЙН ҮНЭ ЦЭНИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Хөдөлмөрийн баатар Н.ЖАНЦАННОРОВ: Монголчуудын тусгаар тогтнолын билгэ тэмдэг, үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гарамгай хөгжмийн зохиолч Б.Шаравын хамт төрийн дээд Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Бид төрийнхөө хишгийг гүн хүндэтгэлтэй хүлээж авлаа. Бидний насан туршдаа зүтгэсэн хөгжмийн урлагийг Монголын төр үнэ цэнтэй гэдгийг баталгаажууллаа. Төрийн дээд шагнал гэдэг бол хувь хүний овог, нэр гэхээсээ илүү түүний бүтээсэн бүтээлийг үнэлж, цэгнэж, дахин баталгаажуулж байгаагийн гэрч бөгөөд түмэн олноо ийм бүтээл тууривал хийж, мэргэжил бүрээр өөрийнхөө авьяас чадварыг сорьж ажиллаж байхыг уриалан дууддаг чухал зүйл.
Би Монголынхоо үндэсний соёл, урлагийн дэвшлийн төлөө чадах бүхнээрээ зүтгэх болно. Шагнал авахаа сонсоод “Татвар төлөгчдийн мөнгөөр 20 жил үнэгүй сурсан. Төрдөө төлөх өр дуусаагүй л байгаа юм байна” гэж хүүдээ хэлж байлаа. Бид зөвхөн төрд биш өөртөө, энэ оронд маш их өртэй. Бид энэ эх оронд маш их өртэй шүү. Энэ өрөө дарахын тулд хүн бүхэн зүтгэх ёстой. Та бүхэн сайхан наадаарай. Аль бүтээлдээ илүү хайртай вэ гэж асууж байна. Хэдэн хүүхэд төрүүлээд хэнд нь илүү хайртай гэдэгтээ яг ижил асуулт. Хийсэн бүтээлийг маань дуучин, хөгжимчин, ард түмэн хайрлаж л байгаа бол тэр миний хайртай бүтээл. Би хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн асан Г.Батхүүд зориулж “Ах минь та” гэсэн дууг бүтээлээ.
* * *
52 ЖИЛИЙН ӨЧҮҮХЭН ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛСЭНД БАЯРТАЙ БАЙНА
Хөдөлмөрийн баатар Б.РАГЧАА: Би 1951 оноос Хөдөө аж ахуйн яаманд 13 жил ажиллахдаа усалгаатай газар тариалангийн талбайн зураг авч байлаа. Түүнээс хойш барилгын салбарт ажиллаж, Улсын геодези зураг зүйн газрыг байгуулж 20 жил даргаар нь ажиллан хөл дээр нь зогсоолоо. Түүнээс гадна Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээг зургаар баталгаажуулж ажилласан. Ингэж ажиллахдаа улсын хэмжээнд байдаг 4000 метрээс дээш өндөр бүх уулын оройд гарч спортын мастер цол авч байв. Намайг төр засгаас 52 жилийн өчүүхэн хөдөлмөрийг үнэлсэнд баяртай байна. Ард түмэндээ баярлалаа.
* * *
ЯРУУ АЛДАРТ ТӨМӨР ЗАМЧДЫН СЭТГЭЛ ШИНГЭСЭН ЦОЛ
Хөдөлмөрийн баатар Н.ШИРНЭНДУГАР: Улсынхаа баяр наадмын босгон дээр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн түүхт 70 жилийн ойн дээр, ажил амьдралаа холбосон Улаанбаатар өртөөний 70 жилийн ойг тохиолдуулан төрдөө үнэлүүлсэндээ баяртай байна. Төмөр замд 40-өөд жил ажилласныг маань үнэлж төрийн дээд цол хүртлээ. Улаанбаатар өртөөний үе үеийн яруу алдарт төмөр замчдын сэтгэл шингэсэн цол хэмээн эрхэмлэн бодож байна.
Сэтгэгдэл ( 0 )