Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд барилдаж байгаад өнгөрсөн жил зодог тайлсан Таканоивагийн төрсөн ахынх нь хүү Г.Сүхбат мэргэжлийн сүмод хөл тавьсан талаар бид мэдээлсэн билээ.
Галдангийн Сүхбат энэ жил 20 настай, 178 см өндөр, 130 кг жинтэй. "Оноүэ" дэвжээнд элссэн. Сайтама мужийн ахлах сургуульд суралцаж байхдаа Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд багаараа хүрэл медаль, Зүүн Японы АШТ-д хувиараа мөнгөн медаль хүртэж байжээ. Зүүн Японы тэмцээний финалд одоо макүшитад барилдаж байгаа Хоошёорюүд унаж байсан залуу.
Өнөөдөр маэзүмо буюу шинэ бөхчүүдийн чансаа тогтоох барилдаан эхэллээ. Г.Сүхбат Хокүтэнкай нэрээр барилдаж байгаа. Түүний анхны өрсөлдөгч нь 166 см өндөр, 64 кг жинтэй жижигхэн бөх байлаа. Хокүтэнкай тачиай дээрээс түлхэн гаргаж, мэргэжлийн сүмо бөхийн анхны ялалтаа авлаа. Барилдааны дараа “Сандарч, биеэ барьсан зүйл байхгүй. Нагояд ирээд дөрвөн кг жин нэмсэн. Одоо л нэг сүмо бөх боллоо гэсэн сэтгэгдэл төрж байна. Таканоива А.Баасандорж ах утсаар ярьж, сандарч тэвдэлгүй барилдахыг зөвлөсөн” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Шүтэн биширдэг бөх нь озэки цолтой 44 башё барилдсан Хокүтэнюү бөгөөд ояката нь энэ нэрний эхний хоёр ханзыг авч, Хокүтэнкай нэр хайрласан байна. Г.Сүхбат “Их баяртай байна. Хокүтэнюү арслан шиг озэки болохоор хичээн зүтгэнэ” гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )