Энэ жил Монгол Наадам үзэхээр 100 мянга орчим жуулчин манай улсыг зорьж ирсэн гэх мэдээлэл бий. Тэгвэл Нийслэлийн аялал жуулчлалын газраас наадмын үеэр жуулчдад зориулан олон арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулж байна. Өчигдөр /2019.07.11/ жуулчдад зориулан орой Наадмын нээлтийг англи хэлээр орчуулан хүргэсэн бол баяр наадмын энэ өдрүүдэд Нийслэлийн цагдаагийн газрын шийдвэрээр оюутан цагдаа нар жуулчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Оюутан цагдаа нар наймдугаар сарын дунд үе хүртэл ажиллана гэдгийг Нийслэлийн аялал жуулчлалын газрынхан хэлж байлаа. Тэд өмнө нь Монгол Улсыг зорьж ирсэн жуулчдаас санал шүүмжлэлийг нь авч, түүн дээр тулгуурлан арга хэмжээнүүдийг авчээ.
Жуулчид оюутан цагдаа нараас очих газрынхаа хаяг, байрлалыг ихэвчлэн асууж байгаа аж. Энэ өдрүүдэд жуулчдын ихээр очдог 20 чиглэлд 40 гаруй оюутан цагдаа ажиллаж байгаа гэнэ.
Наадмын эхний өдрийн орой Үндэсний соёл амралтын хүрээлэнд наадмын нээлтийн тоглолтыг англи хэл дээр хүргэсэн нь жуулчдын сэтгэлд ихэд хүрчээ. Тэд наадмын нээлт үзэхийг ихээр хүсдэг ч монгол хэл дээр тайлбар явдаг учир ойлгодоггүй, харин орой наадмын нээлтийг англи тайлбартайгаар үзэж, Монголын талаар илүү их ойлголттой болж, манай ард түмний түүх, соёлыг гайхан биширснээ хэлж байв.
Сэтгэгдэл ( 0 )