Уяачдаа жийп, унаачдаа нэг өрөө байраар мялаасан “ИХ ХУРД 8” боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 22

Шигшмэл хурдан морьдыг шалгаруулах Төвийн бүсийн “Их хурд-8” уралдаан өнгөрөгч амралтын өдрүүдэд Хүй долоон худгийн ногоон торгон дэнжид болж өндөрлөлөө.

Монголын морины олимп гэгддэг Их хурд уралдаанд улс, аймгийн наадамд эхний 10, сум, дүүргийн наадамд айргийн тавд орсон морьд шандас сорьдог билээ. Энэ жил “Их хурд-8” уралдаан Монгол туургатны морьтны өв соёлын наадам нэртэйгээр зохион байгуулагдсан юм. Монголын Морин спорт уяачдын холбооноос түрүү морийг “Ланд 200” автомашинаар байлсан бол унаач хүүхдийг нэг өрөө байраар урамшуулан шинэ жишиг тогтоосноороо онцлог байв. Бямба гарагт болсон газар газрын шандаст 40 гаруй азарга тоосоо өргөснөөс Төв аймгийн Баян сумын уугуул Баасансүрэнгийн Нямжавын хээр азарга магнайдаа тоосгүй хол тасархай түрүүлж эзэндээ ланд куйзер 200 автомашин, унаж түрүүлүүлсэн Б.Энхбаяр хүү өөртөө нэг өрөө байр, 36 сая төгрөгтэй болсон юм. Б.Энхбаяр найман настай бөгөөд хоёрдугаар ангийн сурагч юм байна. Түүнийг Монголын Морин спорт уяачдын холбооноос нэг өрөө байраар шагналаа. Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Ононгийн хүү Батбилэгийн хүхээ халзан, гуравт Сэлэнгэ аймгийн Баян-Гол сумын уугуул Т.Төрмөнхийн буурал, айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул “Ажнай” группын ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнийн цавьдар, айргийн тавд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул Д.Ганхуягийн хээр азарга хурдалж түмэн олноо баясгалаа.

 

“Их Хурд-8” уралдааны эрлийз ангилал морьдын уралдаанд 32 алтан туурт бүртгэгдсэнээс 30 хүлэг гарааны зурхай тийш хөдөлсөн юм. Шилмэл хүлгийн уралдаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүү магнайд хурдалж, түрүү морины байнд ланд круйзер 200 автомашин, унаач хүү есөн настай П.Эрдэнэбат  нэг өрөө орон сууцаар шагнууллаа. Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр  сумын харьяат Ч.Цэрэнбатын хул, айргийн гуравт, Төв аймгийн Баян сумын харьяат Монгол Улсын Манлай уяач П.Энхмөнхийн хул, дөрөвт Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжав зээрд, айргийн тавд Төв аймгийн Батсүмбэр сумын Монгол Улсын Тод манлай уяач С.Лувсанбалдангийн халтар үрээ хурдалсан юм.

Гурван жил тутам нэг удаа зохион байгуулагддаг “Их хурд-8” уралдааны хоёр дахь өдөр 49 их насны морь Хүй долоон худгийн дэнжид тоосоо өргөлөө. Гарсан цагаасаа хойш газрын цээжинд уралдсаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач Т.Галбадрахын бор түрүүлсэн бол Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Ц.Мөнххуягийн цавьдар аман хүзүүнд хурдлав. Айргийн гуравт Булган аймгийн Могод сумын харьяат Монгол Улсын манлай уяач Ц.Цэнгэлийн хүрэн, айргийн дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Тод манлай уяач Т.Галбадрахын хонгор халзан, айргийн тавд Нийслэлийн алдарт уяач О.Рэнчинжүгдэрийн бор алтан жолоогоо өргүүллээ. Мөн л түрүү морины байд ланд круйзер 200 автомашинаар байлж, унаач хүү есөн настай Пүрэвбат нэг өрөө байрны түлхүүр гардан авлаа. ММСУХ-ноос өнөөдөр нэг өрөө байрны эзэн болсон гурван хүүхдэд байрыг нь албан ёсоор хүлээлгэн өгч хадаг зүүж өгөх аж.

“Их хурд 8” уралдааны үеэр Монгол Улсын хэмжээнд өөрийн адуун сүргийн үүлдэр, угсааг сайжруулж хурдны чиглэлээр өсгөн үржүүлсэн адуучдыг шалгаруулав. Уяачдын холбооноос зохион байгуулсан “Алтан азарга”-ны шагналаар Төв аймгийн Баянцогт сумын уугуул С.Ганхуягийн азарга, Төв аймгийн Лүн сумын уугуул Б.Билэгдэмбэрэлийн халтар азарга, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Д.Цэрэнжигмэдийн “Асгат” саарал азаргыг шагнав. “Мөнгөн гүү”-гээр Төв аймгийн Алтанбулаг сумын эзэн Хадбаатарын хар, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Д.Даш-Өлзийн зээрд гүү шалгарсан юм. Харин “Молор унага”-ны эзнээр Дорнод аймгийн Цагаан-Уул сумын уугуул Тод Манлай уяач Т.Батзориг тодорлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top