Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж Чехийн Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзав

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монголын Бурханы Шашинтны Төв — Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Томио Окамуратай уулзав.

Төлөөлөгчдийн танхимын дарга Томио Окамура Чех, Монголын найрсаг харилцаа олон арван жилийн түүхтэйг онцолж, хоёр улсын уламжлалт найрамдал, хамтын ажиллагааг өндрөөр үнэлэв.

Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд харилцан хүндэтгэл, ойлголцлыг эрхэмлэж, энэрэнгүй үзлийг төлөвшүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэв. Мөн энх тайван, эв найрамдлыг бэхжүүлэхэд шашны байгууллагууд хувь нэмрээ оруулах боломжтойг онцлов.

Уулзалтын үеэр талууд энэрэн нигүүлсэхүй, ёс зүй, эв нэгдэл, энх тайвны үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд шашны байгууллагуудын гүйцэтгэх үүрэг болон орчин үеийн нийгэмд тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулахад Бурханы шашны сургаалын оруулж болох хувь нэмрийн талаар санал солилцов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top