МБШТ- Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, лхаарамба Д.Жавзандорж, Улаанбаатар дахь Апостолик захиргааны тэргүүн, кардинал Жоржо Маренго нар Ватиканд Ромын Пап XIV Лео-д бараалхажээ.
Тэргүүн их хамба лам, лхаарамба Д.Жавзандорж Монголын Бурханы шашны тэргүүн, Аравдугаар Богд Жэвзүндамба хутагтын мэндчилгээг уламжилсан байна. Тэрбээр дайн, хүчирхийлэл, ядуурал, тэгш бус байдлын эсрэг өргөж буй таны дуу хоолой хүн төрөлхтнийг энх тайван, энэрэл, эв нэгдлийн төлөө нэгдэхэд уриалж, дэлхийн сая сая хүнд итгэл найдвар төрүүлж, хүн бүрийн сайн сайхны төлөө хамтран зүтгэх урам зориг өгдөг билээ.
Бид өөр өөр шашин, соёл, уламжлалтай хэдий ч дэлхийд харилцан ойлголцол, яриа хэлэлцээ, хүндэтгэлийг эрхэмлэн, энх амгаланг бүтээх нийтлэг зорилготой гэдэгт гүнээ итгэдэг.
Бурханы номлол сургаал энэрэнгүй сэтгэл, ёс суртахууны үйлдлийн үнэ цэнийг бидэнд сургадаг. Иймээс бид асрал энэрлийг түгээн дэлгэрүүлэх, ёс суртахууны үнэт зүйлсийг дэмжих, эв найрамдлыг бэхжүүлэх, байгаль орчныг хамгаалах үйлсэд бусад шашны байгууллага, сайн санаат хүмүүстэй хамтран ажиллахад үргэлж нээлттэй байдаг хэмээжээ.
МБШТ- Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, лхаарамба Д.Жавзандорж мөн Италийн Олон улсын байгууллагын нийгэмлэг (SIOI)-ийн Ерөнхийлөгч, Элчин сайд Риккардо Сессатай уулзаж, шашин хоорондын яриа хэлэлцээ, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.
Мөн олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй 200 гаруй оюутанд шашин хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа дэлхийн энх тайванд оруулах хувь нэмрийн талаар лекц уншиж, тэдний асуултад хариуллаа.

Сэтгэгдэл ( 0 )