"Аравт" олон улсын морин цэргийн уралдаан эхлэхэд 13-хан хоног үлдээд байна. Уралдаанд оролцох Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улсын цэргийн алба хаагчид өнөөдөр унах морьдоо сонголоо. Сонгохын учир нь уралдааныг будлиангүй, шударга, ил тод явуулахын тулд зүс ижилссэн мориор уралдуулах шийдвэрийг ЗХЖШ-аас гаргасан юм. Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын ЗХЖШ-ын даргын тушаалаар уралдаанд оролцох морьдыг зүүн гурван аймгаас сонгон шилж, худалдаж авсан бөгөөд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийнхан уналгад бэлдэх, арчлах тордох, номхруулах үүргийг гурван сарын туршид гүйцэтгэж байна.
Дээр дурдсанчлан уралдааныг шударга, маргаангүй зохион байгуулахын тулд уналгад бэлтгэсэн морьдыг зүс зүсээр нь ижилсүүлэн, оролцогч орнуудын багийн ахлагч нараар сугалуулсан юм. Сугалаа ёсоор Монгол Улсын Зэвсэгт хүчний баг бор зүсмийн морьд, ОХУ-ын Зэвсэгт хүчний баг алаг зүсмийн морьд, Казахстан улсын Зэвсэгт хүчний баг хул хонгор зүсмийн морьдыг сугалж, уралдаандаа оролцохоор боллоо.
Сэтгэгдэл ( 0 )