Иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл байдлыг зөрчсөн 5423 асуудал байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хэрэгжиж буй стандартыг мөрдүүлэх зорилтын хүрээнд орчны тохижилт, инженерийн шугам сүлжээ, авто замын засвар үйлчилгээний нөхцөл байдал зэрэгт нэгдсэн үзлэг шалгалт, судалгаа хийх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан билээ. Ажлын хэсгийн хийсэн судалгаанд иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж буй зөрчил, дутагдал, тэдгээрийн хүчин зүйлсийг бодитоор тодорхойлж, дүгнэлт гаргах, цаашид холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор 54 хүний бүрэлдэхүүнтэй есөн дүүргийн 152 хороонд 14 хоног үзлэг, судалгаа хийгдэж дууссан байна.

Энэ талаар өнөөдөр Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэл хийлээ.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “Иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл байдлыг зөрчсөн 5423 асуудал байгааг үзлэг шалгалтаар тодруулаад байна. Энэ асуудлуудыг бүлэглээд холбогдох байгууллагууд нь өгч аюулгүй байдлыг хангуулна. Бид иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг алдагдуулж байгаа асуудалд хяналт шалгалтыг тавих үүрэгтэй” хэмээлээ.

Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Бид өнөөдрийн байдлаар 90 гаруй байршилд газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор 140 гаруй обьектыг чөлөөлсөн. Үргэлжлүүлээд 198 байршилд газрын зөрчил арилгаж, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх ажил хийхээр төлөвлөөд байна. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд стандартын шаардлагад нийцэхгүй янз бүрийн хашаа хайсыг барьж байна. Бид хашааг буулгахыг нь буулгаад, стандарт мөрдүүлэх ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа” гэв.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас орчны нөхцөл байдлыг доройтуулан, эрсдэл үүсгэж буй асуудлыг газар дээр нь ажиллаж тодорхойлох, нарийвчилсан хуваарь гарган, тухайн асуудлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулахыг Албан даалгавраар тус ажлын хэсэгт үүрэг болголоо.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас албан даалгаврын хүрээнд гурван сарын хугацаатай шуурхай ажлын горимд шилжиж, иргэдийн ая тухтай, эрсдэлгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах чиглэлээр гүйцэтгэсэн ажлаа дүүрэг тус бүрээр холбогдох чиглэлийн дагуу тоо хэмжээ, байршил, харьяалах нутаг дэвсгэр зэргээр нь ангилан тус газарт ирүүлж ирүүлж, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг холбогдох газар хэлтсүүдэд даалгасан байна.

Орчны тохижилт, аюулгүй байдлыг алдагдуулж байгаа 5423 асуудлыг дүүрэг тус бүрээр нь доор харууллаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top