"Цэргийн наадам"-2019-д оролцох бие бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

Жилээс жилд цар хүрээ нь улам өргөжсөөр байгаа "Армейские игры" олон улсын цэргийн наадамд манай улсын Зэвсэгт хүчний баг тамирчид амжилттай оролцож ирсэн. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуйны санаачлагаар зохион байгуулагдаж ирсэн уг наадам "Аравт" морин цэргийн уралдаан, "Танкийн биатлон", "Мэргэн буудагчийн зааг", " Хээрийн гал тогоо", "Инженерийн томьолол" гэсэн 5 төрөлд оролцохоор бэлтгэлээ базаан ОХУ, Беларус зэрэг улсыг зориход бэлэн болоод байна. Түүнчлэн манай орон уралдааны гурван төрлийн тэмцээнд ажиглагч нарыг илгээхээр болсон. Өнөөдөр ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч гененрал Р.Сүхбат тэмцээнд оролцох нийт бүрэлдэхүүнд хандан “Юун түрүүнд аюулгүй байдлаа дээд зэргээр хангаж, заагдсан дүрэм журам, зааврууд дээрээ онцгой анхаарал хандуулаарай. Мөн өмнөх жилүүдийнхээ алдаа оноог дэнслэн туршлага сургамж дээрээ тулгуурлан, юу сурч мэдсэнээ дээд хэмжээнд харуулаарай" гэсэн үүрэг даалгаварыг өгсөн юм.

 

"Цэргийн наадам-2019" олон улсын уралдааны бусад 3 төрөлд ажиглагчдаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Артиллерийн офицер дэд хурандаа С.Ганбаяр Казахстан, "Аюулгүй орчин ба химичид" тэмцээний ажиглагчаар ЗХЖШ-ын Ар талын газрын техникийн хангалтын хэлтсийн химийн техникийн мэргэжилтэн хошууч Г.Дүнжингарав БНХАУ-ыг, мөн БНХАУ-д болох "Цэлмэг тэнгэр" тэмцээнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Цэргийг агаарын довтолгооноос хамгаалахын хурандаа Б.Эрдэнэпилээр ахлуулсан гурван цэргийн алба хаагч явахаар томилогджээ. “Армейские игры" олон улсын цэргийн наадмын хүрээнд явагддаг "Танкийн биатлон" тэмцээнд Зэвсэгт хүчний 9 ангийн 21 тамирчин явах бөгөөд тэдний 80 гаруй хувь нь өнгөрсөн жил уг уралдаанд оролцож байсан нь илүү давуу талтай. "Мэргэн буудагчийн зааг" уралдаан мөн л Беларусь улсад зохиогдоно. Уг бүрэлдэхүүн БХЯ, ЗХЖШ, ҮБХИС, Зэвсэгт хүчний 330, 015, 150, 256, 327, 350, 311 дүгээр ангиудаас бүрдсэн.

 

Мөн "Хээрийн гал тогоо" тэмцээнд Зэвсэгт хүчний 8 ангийн 10 туршлагатай тогооч нар явж байгаа гэдгээрээ онцгойрч байгаа юм. "Инженерийн томьёолол" тэмцээнд манай баг тамирчид энэ жил анх удаа оролцож байгаа бөгөөд тэмцээн ОХУ-ын Тюмен хотноо болно. Тэмцээнд Зэвсэгт хүчний 4 анги салбарын 21 алба хаагч оролцохоор бэлтгэлээ хангасан бөгөөд "Инженерийн формула" тэмцээн нь 6 төрлийн нэгж тэхниктэйгээр буухиа хэлбэрээр уралдана. Тэмцээнд оролцож буй тамирчид төрөл тус бүрийнхээ уралдаан тэмцээнээс ихээхэн турлшлага хуримтлуулж ирдэг. "Та бүхний мэдэж сурсан бүхэн цаашид анги байгууллага хийгээд Зэвсэгт хүчинд сургалтын томоохон бааз суурь болох учиртай" гэдгийг ЗХЖШ-ын удирдлага баг тамирчиддаа тэмдэглэн хэлээд амжилт хүсэн баг тамирчдаа үдэн гаргалаа.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top