Дэлхий дээр 257 сая гаруй хүн гепатит В вирусийн халдвар авсан бол гепатит С вирусийн архаг халдвартай хүний тоо 71 саяд хүрээд байна. 2030 онд гэхэд энэ халдварын улмаас 4.5 сая хүн нас барна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гепатит судлалын хэлтсийн дарга Марк Балтрейс мэдэгдлээ.
Энэ онд гепатит В вирусээр халдварласан хүмүүсийн тоо 250-257 саяд хүрнэ гэж тооцоолж байгаа. Гепатит С вирусийн халдвар буурч байгаа хэдий ч 71 сая хүн энэ халдвараар шаналж байгаа нь асар их тоо юм гэж тэрбээр онцолжээ.
Гепатит вирусийг “чимээгүй алуурчин” гэдэг. Учир нь В вирустэй 257 сая хүнээс аравны нэг нь өвчилсөн болох нь албан ёсоор оношлогдсон бөгөөд дөнгөж 4.5 сая хүн шаардлагатай эмчилгээ хийлгэж байна.
С вирустэй 71 сая хүний тавны нэг нь албан ёсоор оношлуулсан байдаг бол энэ төрлийн халдвар авсан хоёр сая хүн л эмчилгээ хийлгэж байна.
Гепатит өвчинтэй тэмцэх ажилд жилд ойролцоогоор зургаан тэрбум ам.доллар зарцуулахгүй аваас 2030 он гэхэд нийт 4.5 сая хүн амиа алдаж болзошгүй байна гэж ДЭМБ сануулжээ.
Гепатит вирусийн халдварын тархалт төдийлөн хурдацтай буурахгүй байгаа нь шинэ голомтын тоо өсөж, эрүүл мэндийн үйлчилгээ муу байгаатай холбоотой гэж ДЭМБ онцолжээ. Гэхдээ зарим улс оронд мэдэгдэхүйц дэвшил гарч байна. Тухайлбал, Египет улсад энэ чиглэлийн эрүүл мэндийн аялал жуулчлал хурдацтай хөгжиж байна.
ДЭМБ-ын мэдээлснээр гепатит вирусийн халдварын тархалтаар Пакистан улс тэргүүлж байна. Тус улсад арав гаруй сая хүн гепатит вирусээр халдварласан бол хоёрт Хятад, гуравт Египет улс бичигдэж байна. Мөн эхний таван улсад АНУ, ОХУ нэрлэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )