АНУ-ын Нью Жерси муж дахь “Starbucks” сүлжээний нэг салбараар үйлчлүүлсэн олон мянган үйлчлүүлэгч элэгний гепатит А вирусээр халдварласан байж болзошгүй гэж CNN агентлаг мэдээлжээ.
“Starbucks”-ын салбарын нэг ажилтан /нэрийг нь нууцалжээ/ халдварт шар өвчин туссаныг эрүүл мэндийн шалгалтаар илрүүлсэн байна. Энэ бүх хугацаанд тэрбээр ажиллаж байсан бөгөөд олон мянган хүн халдвар авсан байж болзошгүй гэж үзэж байна. Мужийн эрүүл мэндийн департамент энэ талаар сэрэмжлүүлэг гаргаж, тухайн салбараар үйлчлүүлсэн иргэдэд хандан 14 хоногийн дотор Гепатит А вирусний эсрэг тариа хийлгэхийг зөвлөжээ.
Одоогийн байдлаар, 800 орчим үйлчлүүлэгч нь шар өвчний эсрэг тариа хийлгэсэн нь Нью Жерси мужийн түүхэнд Гепатит А вирусний эсрэг хамгийн өргөн хүрээний вакцинжуулалт боллоо гэж албаныхан онцолжээ. Тус кафегаар өдөрт 600 орчим хүн үйлчлүүлдэг байна.
Элэгний Гепатитыг А, В, С, D, E гэж ангилдаг бөгөөд Гепатит А болон Е вирус нь гол төлөв бохир хоол, хүнс, ус, халдвартай цусаар дамждаг байна. Гепатит В вирус нь бэлгийн замаар, цус болон эхээс урагт дамждаг бол С, D вирус нь ариутгаагүй багаж хэрэгслээр дамжин халдварладаг гэнэ.
Гепатит А, Е вирус нь хурц явцтай ч эдгэрдэг бол В, С вирус нь элэгний хорт хавдар үүсгэх аюултай.