Хүүхдийн учир битүүлэг хепатит нь аденовирустэй холбоотой байж магадгүй

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 26

Их Британийн Эрүүл мэндийн яам хүүхдүүдийн дунд үл мэдэх гарал үүсэлтэй хепатит өвчний судалгааны талаар танилцуулжээ.

Тайлангаас үзвэл Их Британийн эмч нар эл учир битүүлэг өвчин аденовирустэй холбоотой байж магадгүй гэж үзэж байна. Энэ он гарснаас хойш тус улсад дор хаяж 111 хүүхдэд элэгний хурц үрэвсэл илэрчээ. Ингэхдээ бүх тохиолдолд шинжлэх ухаанд танигдсан A, B, C, D, E вирус илрээгүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, ийм онош дэлхийн 12 оронд бүртгэгдээд байна.

Их Британид бүртгэгдсэн тохиолдлуудаас 53-т нь аденовирус илэрчээ. Ковид-19 өвчин үүсгэгч коронавирус зөвхөн зургаан тохиолдолд бүртгэгдсэн байна. Аденовирус нь вирусийн төрөлд давамгайлдаг ба хүнээс хүнд дамждаг. Гэхдээ эрүүл хүнд тус вирус элэгний хепатит өвчин үүсгэх нь туйлын ховор тохиодог байна. Коронавирусний цар тахлын үед намжаад байсан аденовирусийн тархалт сүүлийн үед хүчтэй дэлгэрч, Их Британид гэхэд ковидоос өмнөх түвшнээс давжээ.

Мэргэжилтнүүд учир битүүлэг гарал үүсэлтэй хепатит өвчнийг аденовирустэй холбоотой эсэхийг голлон судалж байна. Гэсэн хэдий ч эл вирус элгийг хэрхэн үрэвсүүлж байгаа нь өнөө хэр тодорхойгүй байна. Судлаачид аденовирус нь үл мэдэх хепатитыг үүсгэсэн хүчин зүйлсийн нэг бөгөөд ямар нэг зүйлтэй хавсарсан байх талтай гэж үзэж байна. Үүнтэй зэрэгцэн аденовирусний шинэ хувилбар гарсан байж болзошгүй гэсэн таамаг мөн дэвшүүлжээ.

Их Британийн эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн мэдээллээр, хепатит оноштой хүүхдүүдийн ихэнх нь таваас доош насны хүүхдүүд эзэлж байгаа ба дундаж нас нь гурав байна. Цөөн тохиолдолд арваас дээш насны хүүхдүүд өвчилжээ. Их Британид тус өвчнөөс үүдэлтэй нас баралт бүртгэгдээгүй ч 10 хүүхдэд элэг шилжүүлэн суулгах шаардлага гарчээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, хурц хепатитын 169 тохиолдол дэлхийн 11 улс, нэг бүс нутагт бүртгэгдсэнээс 17-д нь элэг шилжүүлэн суулгаж, нэг хүүхэд энджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top