“Оюу Толгой”: Гүний уурхайн зураг төсөл ямар байхаас шалтгаалан ашиглалтад орох хугацаа шийдэгдэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 08

Геологийн нөхцөл байдлаас шалтгаалан “Оюу Толгой” компанийн далд уурхай ашиглалтад орох хугацаагаа хойшлуулсан тухайгаа зарласан. Тэгвэл шинэчилсэн мэдээллээр далд уурхайн зураг төслийг боловсруулж эхэлсэн байна. Тиймээс зураг төсөл хэрхэн гарахаас шалтгаалан далд уурхайн ашиглалтад орох хугацаа шийдэгдэнэ. “Оюу Толгой” компанийн мэдээллээс харвал далд уурхайн тогтвортой үйлдвэрлэл 2022 оны тавдугаар сараас 2023 оны зургаадугаар сарын хооронд эхлэхээр байгаа аж. 

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2016 оны техник, эдийн засгийн үндэслэлд заасан хугацаанаас 16-30 сараар хойшилж байгаа гэсэн үг юм. Босоо ам II-ын бүтээн байгуулалтын явцад геотехникийн болон бусад хүндрэл гарах магадлалтай эрсдлийн найман сарыг тус хугацаанд оруулж тооцжээ.  Далд уурхайн бүтээн байгуулалт хойшлогдсонтой холбоотойгоор бүтээн байгуулалтын капитал зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоо гарсан бөгөөд өмнө нь төлөвлөж байсан зардлаас 1.2-1.9 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт юм. Одоогоор ашиглаж буй зураг төслийн дагуу далд уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй, улмаар эрсдэл үүсэх нь геотехникийн нарийвчилсан дата мэдээллээс илт харагдаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top