Хабиб ОХУ-ын хамгийн нөлөөтэй Исламын шашинтны жагсаалтын 3-т бичигдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 14

ОХУ-ын Татарстаны “Бизнес Online”цахим сэтгүүлийн газраас “ОХУ-ын хамгийн нөлөөтэй исламын шашинтан хэн бэ” гэсэн судалгаа явуулжээ.

Нийт 100 гаруй эрхэм сонгогдсон тус жагсаалтыг Татарстаны анхны Ерөнхийлөгч, одоогийн Ерөнхийлөгчийн зөвлөх Минтимер Шаймиев тэргүүлж, Оросын Исламын шашинтнуудын тэргүүн Равиль Гайнутдин удаалсан байна.

Харин хүндэт гуравдугаар байрт Дагестаны холимог тулаанч Хабиб Нурмагомедов заларч, түүний ард Татарстаны Ерөнхийлөгч Рустам Мининханов, тавдугаар байрт Чечений тэргүүн Рамзан Кадыров бичигджээ.

Хамгийн нөлөөтэй 100 Исламын шашинтны эгнээнд олон тамирчин багтсан.

Хабиб Нурмагомедов бол Ирландын Конор МакГрегорыг ялснаасаа хойш нэр хүнд нь гэрлийн хурдаар өссөн хүн. ОХУ-ын төдийгүй дэлхий дахины исламын шашинтнууд түүнийг хүндэтгэдэг. Шашны ёсонд таарахгүй гэж ганц пост бичээд л Дагестанд болох гэж байсан рэп дуучдын тоглолтыг зогсоож байсан хүчирхэг эрхэм билээ. Түүний инстаграм хуудас 15,6 сая дагагчтай.

Уран гулгалтын олимпын аварга, татар охин Алина Загитова 38 дугаар байрт орлоо. Алина өнгөрсөн жил “Би исламын шашинтай гэдгээрээ бахархдаг” гэж мэдэгдэж байлаа.

55 дугаар байрт орсон олимпын гурван удаагийн аварга Бувайсар Сайтиев одоо төрийн Думд Дагестаныг төлөөлж байна. Гэхдээ тэр чечень үндэстэн.

Чөлөөт бөхийн олимпын аварга Абдулрашид Садулаев (62-р байр) “Орос танк” хочтой ч авар үндэстэн.

Хөл бөмбөгийн дасгалжуулагч, туркмен эр Курбан Бердыев (68-р байр) өвөөгийнхөө ачаар исламын шашинтан болжээ. Түүний өвөө үнэнч исламын шашинтан бөгөөд өөд болохдоо ч мөргөл үйлдэж байсан гэдэг.

ОХУ-ын хөлбөмбөгийн “Зенит” багийн иран тоглогч Сердар Азмун 82 дугаар байрт бичигдлээ. Оросын лигийн тэмцээний шилдэг мэргэн буучийн шагналд өрсөлдөж байгаа тэрээр мөн л нөлөө бүхий эрхэм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top