ӨНЦӨГ: Ардчилсан намд амбиц ч байхаа больжээ

А.Алиман | Zindaa.mn
2019 оны 08 сарын 20

-Тосон бумбын нурууг төрийн тусгай хамгаалалтад авах санал санаачилгыг анх Ардчилсан намын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нарын эмэгтэй гишүүд нь гаргаж, З.Энхболд даргатай Ардчилсан намын олонх бүхий өмнөх парламентын үед тогтоолыг баталж байлаа-

 

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий “Сауд гоби коал транс” компанийн хууль бус арга зам, ашиг сонирхлын зөрчил дунд олж авсан тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг буруутган баалах тэмцэл нэг хэсэгтээ үргэлжлэх бололтой. Тосон бумбын нурууг төрийн тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоол батлагдан гарснаас хойших хугацаанд Тосон бумбын нуруунд уурхайн ашиглалтын лиценз авсан нэг хуулийн этгээд байсан нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий “Сауд гоби коал транс” компани юм. Яагаад ганцхан энэ  компанитай тэмцээд байгаа юм бэ гэж адрагсдад өгөх товчхон хариулт энэ.

УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалтад авах ёстой гэж заасан газар нутгийн цэсийг тогтоох Засгийн газрын шийдвэр гарч байх үед Б.Чойжилсүрэн танхимын гишүүн, Сангийн сайдаар нь ажиллаж байлаа. Анхнаасаа УИХ-ын тогтоолын зорилгыг хангаагүй /Тосон бумбын нурууг хамгаалах/ шийдвэрийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар гаргаж  байхдаа хэний эрх ашгийн төлөө үйлчилсэн нь тодорхой харагдана. Шударга ёсны мэдрэмж, үнэлэмжтэй хэнд ч бухимдал төрүүлэх энэ шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар залрууллаа. Улмаар Засгийн газрын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг томилогдон гарч, уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явж буй эсэхийг шалгахаар шийдвэрлэлээ. Энэ нь нэг үгээр бол хуулийн хэрэгжилтийг хянаж байх эрх, үүрэгтэй төрийн дунд шатны байгууллагууд, тэдгээрийн албан тушаалтан, мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг дүгнэх томоохон шалгалт болох нь. Хууль бус үйл ажиллагааг нуун дарагдуулсан, эвсэн зохицсон, эсвэл алдаа дутагдлыг нь засч залруулсан эсэхийг шалгах болж байна гэсэн үг юм.

Сүүлийн долоо хоногт ар араасаа цувран гарсан дээрх шийдвэрүүд дээр Ардчилсан нам албан ёсоор байр суурь илэрхийлээгүй, аль нэг дарга нь үг дуугарахгүй байгаа нь харин анхаарал татаж буй. Уг нь тэднээс тодорхой зүйл хүлээх учир шалтгаан бий юм.

Тодруулбал, Тосон бумбын нурууг төрийн тусгай хамгаалалтад авах санал санаачилгыг анх Ардчилсан намын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюун­гэрэл нарын эмэгтэй гишүүд нь гаргаж, З.Энхболд даргатай Ардчил­сан намын олонх бүхий өмнөх парламентын үед тогтоолыг баталж байлаа. Харамсалтай нь энэ зорилгыг Ж.Эрдэнэбатын Засгийн газар гажуудуулж, “Сауд гоби коал транс” компанийн уурхайн талбайг багтаасан 153 мянган га газрыг хилийн цэсийн гадна үлдээсэн.

Дашрамд сануулахад, УИХ-ын тогтоолын төслийг санаачлагчдын нэг Ц.Оюунгэрэл энэ талаар тайлбарлахдаа “Тосон бумбын нурууг байгалийн нөөц газраар тусгай хамгаалалтад авах гол зорилго нь ердөө “Сауд гоби коал транс” компанийн олборлолтын талбайд багтчихсан усны хагалбар газар юм” гээд үүнийгээ байгаль, экологийн эрсдэлийн үнэлгээг гаргасан олон улсын байгууллагын дүгнэлтээр баталгаажуулсан гэдгийг онцолжээ.

Ардчилсан нам эрх барьж байх үедээ гаргасан бодлого, шийдвэрээ хамгаалах, түүнийг нь гажуудуулсан Ж.Эрдэнэбатын Засгийн газрын шийдвэрийг буруутгах ямарваа нэг алхам хийгээгүй. Үүнийг залруулахын төлөө тэмцэж байхад ч ганц ч үг дуугараагүй. Одоо ч чимээгүй.

Аль эрт үзэл санаа, үнэт зүйлээ­сээ урваж, улс төр-бизнесийн бүлэглэлийн “гишүүн” мэт болчихсон гэж харагддаг Ардчилсан нам үүнийгээ улам батлаад өгчих шиг боллоо. Улс төрийн томоохон хүчин байсаар ирсэн Ардчилсан намд үзэл бодлоо байг гэхэд өрсөлдөөн, үгүй ядаж өчүүхэн ч болов амбиц байвал байхаар сан.

Уул уурхайгаас санхүүждэг улстөрчдийг дэмждэг нийгмийн тодорхой хэсэг л бухимдаж байгаа болохоос биш нийт массыг алга ташуулж буй У.Хүрэлсүхийн шийдвэр дээр Ардчилсан нам бүр том амбиц гаргасан бол илүү оноо авах байсныг үгүйсгэхгүй. Сонгууль дөхөж байна шүү дээ...

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Я (66.181.182.180) 2019 оны 08 сарын 20

С.ЭРДЭНЭ ФСДА ЗАЙЛААЧЭЭ. АН -ЫГ ЧИНИЙ МЭЛХИЙ ЦАРАЙГААР ТОСООЛОГДОХ ОО БОЛЬСОН ШУУ

1  |  0
Top