ОРХОН: Сурагчид сурах бичгээ худалдаж авахгүйгээр ашиглаж болно

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 20

Орхон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн өчигдөр /2019.08.19/ хуралдлаа. Хурлаар сургууль, цэцэрлэгийн бэлтгэл болон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийлээ. 2019-2020 оны хичээлийн жилд төрийн болон хувийн 38 цэцэрлэгт 2-5 насны 9437 хүүхэд сурна. Энэ хичээлийн жилд Яргуйт, Булаг, Эрдэнэ, Согоот багт шинээр цэцэрлэг болон цэцэрлэгийн өргөтгөл барьж байна. Тухайлбал, Яргуйт багт 150 хүүхэд, Булаг багийн 18 дугаар цэцэрлэгийн дэргэд 150 хүүхэд, Их-Залуу багийн 23 дугаар цэцэрлэгийн дэргэд 100 хүүхэд, Согоот багийн 4 дүгээр цэцэрлэгийн дэргэд 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барьж байна. Цэцэрлэгийн хүүүхдийн шинжилгээг энэ сарын 12-31 дуустал БОЭТ, “Онош” лаборатори, “Медипас”, “Талын булаг”, ӨЭМТ-д авч байна. Шээсний шинжилгээний хариу 10, цагаан хорхойны шинжилгээний хариу нэг сарын хугацаанд хүчинтэй байдаг ажээ. Мөн сургууль, цэцэрлэгийн 879 багш сүрьеэ, бактерлоги, арьс, харшлын шинжилгээнд хамрагдаад байна. 

Энэ хичээлийн жилд төрийн болон хувийн 24 сургуульд 21 мянга орчим хүүхэд сурахаас нэгдүгээр ангид 2400 хүүхэд сурна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх зорилгоор нэгдүгээр сургуулийн дэргэд 928 хүүхдийн багтаамжтай сургуулийн өргөтгөлийг 2018 онд эхлүүлж энэ хичээлийн жилд дуусгахаар ажиллаж байна. Мөн 16 дугаар сургуулийн спорт заал, цайны газар, Рашаант багт 250 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүлээд байна.

Сурах бичгийн хангалт болон түрээсийн хэлбэрээр ашиглуулах сурах бичиг сургуулиудад хуваарилагдаж ирсэн ажээ. Дунд, ахлах ангийхан сурах бичгээ худалдаж авахгүйгээр буюу худалдаж авах үнийн үнийн 35-40 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг сургуулийнхаа номын санд төлж номоо багцаар нь авч болох юм. Хичээлийн жилийн эцэст  хэрэглэсэн сурах бичгээ хүлээлгэн өгнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top