Хэт холын зайн гүйлтийн Дэлхийн гурван удаагийн аварга Бямбаагийн Буджаргал шинэ зорилгоо биелүүлэхээр АНУ-д очоод байна. Дэлхий, тивийн олон амжилт тогтоож байсан манай тамирчин энэ удаа “Зургаан өдрийн гүйлт”-ийн дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоох том зорилго өмнөө тавьжээ.
Одоо энэ рекордыг “Гүйлтийн Бурхан” хочит Австралийн грек гаралтай тамирчин Янис Курос 2005 онд 1036 км гүйсэн амжилтаар эзэмшдэг. Янис Курос дэлхийн гурван удаагийн аварга, Азийн аварга тамирчин юм.
Энэ алдарт тамирчны рекорд амжилтыг эвдэхээр зориглосон Б.Буджаргалаас тэмцээний талаар тодрууллаа.
-Тэмцээн хэзээ болох вэ? Ямар амжилт үзүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?
-Наймдугаар сарын 25-нд АНУ-ын Висконси мужийн Милуоки хотод болох “Зургаан өдрийн гүйлт”-ийн тэмцээнд оролцоно. Зургаан өдөрт 1040 км гүйж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоох зорилготой байгаа. Тэмцээн Монголын цагаар 31-ний өдрийн орой 22.00 цагт дуусна.
-14 жил тогтсон рекорд амжилтыг эвдэх гэж байна. “Гүйлтийн Бурхан”-ы тогтоосон амжилт шүү дээ.
-Би 2014 оноос АНУ-д долоон тэмцээнд оролцсон. Өнгөрсөн жил Аризонад болсон тэмцээнд түрүүлсэн. Энэ удаагийн тэмцээний гол онцлог нь дэлхийн шилдэг тамирчид дэлхийн рекорд амжилт тогтоох зорилготой цугларсан байгаа. Битүү танхимд 400 метрийн замыг зургаан өдөр тойрч гүйж уралдах юм. Танхимд тул халуун нар, салхинд гүйхгүй.
-2005 оноос хойш Янис Куросын рекорд амжилтыг эвдэх гэж олон тамирчин оролдож байсан байх. Та урьд нь оролдлого хийж үзсэн үү?
-Үзээгүй. Анх удаа түүний амжилтыг шинэчлэх гэж зорьж байна.
БИЧЛЭГ ҮЗЭХ
-Яагаад энэ жил Куросын амжилтыг эвдэхээр шийдэв?
-Бэлтгэлээ маш сайн базаасан. Тиймээс монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхий дахинд харуулъя гэж бодсон. Итгэлтэй байгаа.
-Милуокид анх удаа тэмцээнд оролцох гэж байна гэсэн. Цагийн зөрүү гарсан уу?
-Цагийн зөрүү гараад бэлтгэл ханасан. Одоо гүйх л үлдлээ.
-Шинэ рекорд амжилт тогтооход хамгийн чухал зүйл юу вэ?
-Сэтгэл зүй хамгийн чухал.
-10 өдрийн гүйлтээс зургаан өдрийн гүйлт огт өөр төрөл. Тактикийн хувьд ямар ялгаатай вэ?
-Илүү хурдтай, илүү амралт багатай гүйх хэрэгтэй байдаг.
-Зургаан өдрийн гүйлтийн таны хувийн амжилт хэд вэ?
-780 км. Одоо 260 км-ээр ахиулах бодолтой байна.
-Хэт холын зайн гүйлтийн төрөлд дэлхийд таныг бүгд таньдаг болжээ. Монгол улсынхаа нэрийг ч олон удаа мандууллаа. Аливаа уралдаан тэмцээнд ороход зардал мөнгө их гардаг. Ивээн тэтгэгч байгууллагатай юу?
-Болж амжаагүй байна. Бүх тэмцээнд өөрийнхөө зардлаар оролцдог. Энэ тэмцээнд оролцоход 4000 ам.долларын зардал гарч байгаа. Америкт амьдарч байгаа монголчууд маань хөрөнгө босгох арга хэмжээ зохион байгуулан, дэмжиж байна. 1700 ам.доллар цугласан байгаа. АНУ дахь монголчууддаа баярласнаа илэрхийлье. Тэмцээн дээр ч монголчууд ирж дэмжинэ гэсэн.
-Танд амжилт хүсье. “Гүйлтийн Бурхан”-ы тогтоосон амжилтыг эвдээд эх орондоо эргэн ирээрэй.
Баярлалаа. Монголчууддаа сэтгэл дотроо дээлийн минь захыг мушгиж, зургаан өдрийн турш залбирч байгаарай гэж хүсье.
БИЧЛЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )