SOS: Ослын улмаас хоёр хүн амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 08 сарын 26

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 476 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 302 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд зургаан хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.

Тухайлбал, энэ сарын 24-ний өдөр 08:00 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р багийн нутаг Ихэр-Ухаа гэх улсын дугааргүй “Haojie” маркийн мотоцикл онхолдож жолооч Б /57 настай, эрэгтэй/ нас баржээ. Мөн өдрийн 19:45 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг 5-р гудамжны шороон замд Toyota Prius маркийн автомашины жолооч А нь, айлын хашаа мөргөж, хашаан дотор явж байсан 8 настай эрэгтэй Г-г мөргөж амь насыг хохироосон хэрэгт тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.

Иймд, жолооч та бүхэн замын хөдөлөөний дүрмээ биелүүлж, бусдад аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top