Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 577 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 389 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж бэртсэний 2 нийслэлд, 5 орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас 4 хүний амь хохирсны 1 нийслэлд, 3 орон нутагт бүртгэгдсэн байна.
Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 4 осол бүртгэгдэж, 3 хүүхэд гэмтэж, 1 хүүхдийн амь хохирсон байна.
Дээрх хүүхдүүдийн 1 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол 2 нь мотоцикл жолоодож бие даан хөдөлгөөнд оролцох үедээ онхолдох, мөргөлдөх байдлаар гэмтэж бэртэж, 1 хүүхэд машины дэвшин дээр явах үедээ унаж амь хохирсон байна. Насны хувь 8-17 насны хүүхдүүд байна.
Амралтын өдрүүдэд хүн гэмтсэн 11 осол хэрэг бүртгэгдсэний 6 мотоцикл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйн улмаас эрүүл мэнд, амь насаа алдсан байна.
Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.
Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, хүүхдийг урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 267 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 197, орон нутагт 70 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )