Их хэмжээний сэтгэц нөлөөт ургамал нийслэл рүү нэвтрүүлэхийг завджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 08 сарын 29

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор, Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зөвшөөрснөөс бусад хэрэгцээнд түүхий нүүрс хэрэглэхийг энэ оны тавдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон. Тогтоолын хэрэгжилтийг хянах чиг үүргийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын “Агаарын чанарын хяналтын хэлтэс” хариуцан ажиллаж байна.

Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс тээвэрлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор явуулын хяналтын цэг ажиллаж байна. Тус хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэхээс гадна байгалийн ургамал, ой, ойн дагалт баялаг, амьтан, амьтны гаралтай түүхий эд зэрэг байгаль орчны хяналт, мөн элс, хайрга, дайрга зэрэг уул уурхайн түүхий эдийн тээвэрлэлтэд байнгын хяналт тавьж байна. Энэ хүрээнд Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний хорооноос Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт авто тээврийн товчоо болон нүүрс тээвэрлэн оруулж болзошгүй замуудад ажиллах дөрвөн явуулын ажлын байрыг хүлээлгэн өгсөн бөгөөд Гүнтийн хяналтын цэгт байнгын хяналт шалгалт хийж байгаа юм. НМХГ, Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчдын ажлын орчин нөхцөлийг сайжруулж компьютер, принтер, зургийн аппарат, камер, халаагч төхөөрөмж зэрэг шаардлагатай хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангажээ.

Өнгөрсөн тавдугаар сарын 15-наас хойш Гүнтийн хяналтын цэгт хяналт шалгалт хийх хугацаанд, Төв аймгийн Лүн сумаас зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн “Хонин арц” ховор ургамал 20 шуудай, Дархан-Уул аймгаас түүсэн сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн ургамал 6 уутыг нэвтрүүлэх гэсэн зөрчил илрүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top