БАЯНХОНГОР: Авто замын сүлжээнд хамрагдах боломж бүрдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 05

Олон алдартнуудыг өлгийдсөн Баянхонгор аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт Хангайн нурууны өмнөх өндөрлөг, Алтайн өвөр говийг хамран говь хангайн бүсийг дамнан оршдог өвөрмөц тогтоцтой аймаг юм. Тодотговол говь, хангай, тал хээр хосолсон нутаг. Тус аймгийн хувьд энэ жил бүтээн байгуулалтын салбар, тэр тусмаа автозамын тал дээр чамгүй амжилттай явж буй. Баянхонгор аймаг нь хэдийгээр Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогддог ч хөрш зэргэлдээ Говь-Алтай аймагтай хатуу хучилттай замаар холбогдоогүй байсан билээ. Тэд зөвхөн хөрш аймагтайгаа хатуу хучилттай замаар холбогдохдоо бус Бөмбөгөр, Бууцагаан сумдыг энэ зам дайран өнгөрч байгаагаараа хамгийн онцлогтой. Ингэхээр ямартай ч хоёр сум нь аймагтайгаа хатуу хучилттай замаар холбогдоно гэдэг нэн чухал. “Зам дагаж хөгжил” гэдэг учраас энэхүү замыг дагасан олон бүтээн байгуулалт бий болно гэдэгт орон нутгийн удирдлагууд итгэл дүүрэн байгаа юм.

Өнгөрөгч сарын сүүлээр Баянхонгор-Байдрагийн гүүр хүртэлх 129,4 километр хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг нээлээ. Энэхүү замыг нээснээр баруун аймгуудыг холбосон хэвтээ тэнхлэгийн автозамын сүлжээнд хамрагдах боломж бүрдэж байгаа юм. Мөн ч олон амьтны аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлыг даан зурайх энэ зам нас урттайгаас гадна үргэлжлэл бий. Тус зам барилгын ажлыг БНХАУ-ын “Эксим” банкны 56,7 сая ам долларын санхүүжилтээр 2017 онд эхлүүлж энэ намрын сард улсын комисс ямар ч асуудалгүй хүлээн авсан байдаг. Тус замыг орон нутгийн “Их Монгол барилга”, “Их Богд Зам”, “Ди Ар Жи”, “Төгс зам” зэрэг дотоодын аж ахуй нэгжүүд туслан гүйцэтгэжээ.

Байдрагийн гүүрний энэ замтай залгаад Говь-Алтай аймгийн Дэлгэр сум хүртэлх 126.7 километр хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Замчид маань ёстой л зогсоо зайгүй ажиллаж, хүчирхэг техникүүдийн дуу үл тасрах нь ажил хичнээн дөхөмтэй байгааг төвөггүйхэн илтгэнэ. Энэ замын ажлыг үндэсний “Макс рөүд” компани хувийн хөрөнгөөр барьж гүйцэтгэж байна. Баянхонгор аймгийн Бууцагаан сумыг дайран өнгөрөх уг замын ажил чамгүй хүнд нөхцөлд хийгдэж байгааг гүйцэтгэгчид ярьж байв. Бид бүхэн ч нүдээрээ харлаа. Учир нь хад чулуун дэвсгэртэй, хайрга ихтэй, газрын хэвгий олонтой учир зам барилгын ажил явуулахад ихээхэн хүндрэлтэй.

Өөрөөр хэлбэл, байгалийн өөрийнх нь зүй тогтоц замын ажилд ихээхэн нөлөөлж, техник хэрэгслийг эвдэж, гацаадаг байна. Тус айл нь 450-иад ажилтан, 200 гаруй техник хэрэгсэлтэйгээр 13 үйлдвэр байгуулан, хоёр туслан гүйцэтгэгчтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тэд энэ ондоо багтааж эхний 80 километр автозамын асфальтан хучилтыг хийх бол үлдсэн 60 километр автозамын цементэн хучилтыг хийж үлдээх гэнэ. Байгаль цаг уурын бэрхшээл гарахгүй бол төлөвлөсөн ажил хугацаандаа бүрэн амжина гэж байв. Тэд өөрсдийн 13 үйлдвэртэй учраас материал түүхий эдээр дутагдах зүйл байхгүй, хоёр ч худаг гаргасан учраас усны асуудал ч байхгүй, эвдэрсэн техник хэрэгслүүдээ өөрсдөө засварлаад хоёр ээлжээр өдөр шөнөгүй ажиллаж байгаагаа салбарынхаа сайдад дуулгасан. “Макс рөүд”-ийн барьж буй энэ зам ашиглалтад орохоор баруун аймгийн иргэд зорчигчид төдийгүй тус аймгийн сумдын зорчигчид ч аймгийнхаа төв рүү ая тухтай зорчих боломж бүрдэж байгаа юм. Энэ зам нь маш чанартайгаас гадна маш хурдтай явагдаж байгааг замын мэргэжилтнүүд тайлбарлаж байсан. Тухайлбал, Байдрагийн гүүр Говь-Алтай чиглэлийн 126.7 километр замын ажил өнгөрөгч тавдугаар сарын 15-нд эхэлсэн. Ухмалын ажил 75, газар шороо, далангийн ажил 50, суурийн ажил 15 хувьтай явж байна. Энэ жил 80 километр замыг ашиглалт оруулна гэсэн төлөвлөгөөтэй асфальтаа тавьж эхэлсэн байна. Асфальтын өргөн найман метр, хоёр метрын урттай бэхэлгээ бүхий хөвөөтэй чанарын стандартад нийцсэн зам барьж байгаа аж. Ингэснээр Баянхонгор аймагт аялал жуулчлал хөгжиж, орон нутгийн иргэдийн амьдрал ахуйд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна гэдгийг орон нутгийн удирдлагууд онцолсон байв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.133) 2019 оны 09 сарын 06

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top